Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох асуудлыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.06/ хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг дэмжиж, чуулганы хуралдаанд танилцуулахаар болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ц.Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайд Н.Батаа, Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд О.Энхцэцэг, НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд нарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг, Куба Улсад суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг, Польш Улсад суух Элчин сайдаар Б.Доржийг, Тайланд Улсад суух Элчин сайдаар А.Төмөрийг, Швед Улсад суух Элчин сайдаар Т.Жанабазарыг, НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболд нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн билээ.

Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Анх удаа Элчин сайдаар ажиллаж байгаа болон нэр дэвшиж байгаа хүн нь орж ирж байна. Дипломат албаны томилгоонд мэргэжлийн бас ажлын дадлага туршлага, мэдлэг чадвар голлох шалгуур байх учиртай. Энэ шалгуур, шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг оруулж ирж байгаа учраас дэмжиж байна” гээд “Цаашид томилгооны хугацаа нь дууссан бол эгүүлэн татдаг, гэхдээ оронд нь суух хүнийг хуулийн хугацаанд хурдан шуурхай томилдог байх ёстой. Энэ нь улс орны эрх ашиг, нэр хүндтэй холбоотой асуудал гэдгийг Ерөнхийлөгчийн институци, Засгийн газар, ГХЯ анхаарах нь зүйтэй. Ер нь гурван сараас дээш хугацаанд манай улс аль нэг улсад Элчин сайдгүй байж болохгүй” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top