Др.Обрущанский: Жил бүр 200 монгол оюутан Унгарт сурах боломжтой

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннатай ярилцлаа.


-Та Элчин сайдаар томилогдож ирээд нэг жил болох гэж байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосон жилд та ажлаа хүлээн авсан.  Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнө эртний хэлхээ холбоо, хэдэн зууныг дамжин өртөөлсөн манай хоёр улсын харилцаа баялаг түүхтэй билээ. Унгар, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Хоёр орны түүхэн харилцаат энэ жилүүдэд улс төрийн дээд түвшний айлчлалууд өрнөж, өнгөрсөн жил цар тахал гарсан ч бид хэд хэдэн өндөр түвшний цахим хурал зохион байгууллаа. Мөн энэ оны долдугаар сард Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияарто Монгол Улсад дээд хэмжээний айлчлал хийлээ.

Салбар бүрийн харилцаа тэр дундаа хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагаа илүү өргөжин тэлж байгаад баяртай байдаг. 1960-аад оны үед Унгарын усны мэргэжилтнүүд Монголын говь цөлд 400 гаруй худаг гаргасан бөгөөд нутгийн малчид одоог хүртэл Унгарын худаг гэж нэрлэдэг. Түүнчлэн боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд Монголын эртний түүх, соёлын дурсгалт газруудыг судлах угсаатны зүй, археологи, хэл шинжлэл, биологи, геологийн хамтарсан экспедицүүд ажилласан. Зөвхөн нэгэн жишээг дурдахад, тэртээ 1960 онд БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, БНУАУ-ын Шинжлэх Ухааны Академийн хооронд байгуулсан гэрээний дагуу Монгол, Унгарын хамтарсан судалгааны баг Бэлхийн амны гурван дагуул булшинд судалгаа явуулж, морины тоног хэрэгсэл, зэр зэвсэг, төмөр эдлэл, хүний ​​ясны үлдэгдэл олдсон. Тэгвэл энэ жил энэхүү хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн Унгар улсын Унгар судлалын хүрээлэн, Монгол улсын ШУА, Археологийн хүрээлэн, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийг  амжилттай хэрэгжүүллээ.

Хоёр талын хамтын ажиллагааны хамгийн амжилттай салбаруудын нэг бол боловсрол юм. Унгарын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгээр 1500 орчим оюутан Унгарт суралцаж байна. Сүүлийн жилүүдэд соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж хоёр улсын хамтарсан кино төслүүдийг хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээр амжилттай явагдаж байна.

Бидэнд хамтдаа бүтээж, хамтдаа хөгжсөн сайхан түүхүүд их байгаа бөгөөд цаашид энэхүү найрсаг харилцаагаа улам илүү өргөжүүлэн хөгжүүлэх боломж байна.

-Өнгөрсөн хугацаанд Элчин сайд болон Элчин сайдын яамнаас ямар ажил хийж, хэрэгжүүлэв? 

-Би болон манай хамт олон хоёр орны харилцааг өргөжүүлэхийн төлөө шаргуу ажиллаж байна. Унгарын мэргэжилтнүүд Монголд эргэн ирж хамтран ажиллах, туршлага солилцох, хөгжих сайхан боломж нээгдэж байна. Монгол Улсын Их Сургуульд Унгар хэлний тэнхим байгуулахаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хэлэлцээр хийж байна. Энэ нь Төв Азийн бүс нутагт Унгарын соёлын чухал бааз суурь болж чадна гэж харж байгаа.

Унгар, Монголын Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд манай Элчин сайдын яамнаас хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас эдгээрийг голчлон цахимаар зохион байгуулсан мөн 70 жилийн ойн хүрээнд нэлээд хэдэн төрлийн хэвлэмэл материалуудыг бэлдэж гаргасан.

Тухайлбал, Дипломат харилцаа тогтоосны түүхт ойн хүрээнд Унгар Улсын Элчин сайдын яамнаас хоёр орны 70 жилийн түүхэн найрсаг, хамтын ажиллагааны түүхийг өгүүлсэн фото зургийн үзэсгэлэнг Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн вэбсайт дээр цахим хэлбэрээр зохион байгуулсан ба үзэсгэлэнд орсон зургуудаараа “Нэг угсаа-Найрсаг харилцаа” нэртэй фото зургийн товхимолыг хэвлэн гаргасан байгаа.

Шинжлэх ухааны академийн Олон улсын хүрээлэнгийн судлаачидтай хамтран “Төв ба Зүүн Европ” сэтгүүлийн тусгай дугаарыг бэлдэж хэвлүүлсэн. Энэ тусгай дугаар нь Унгар, Монголын харилцааны 70 жилийн ойн түүхэн хамтын ажиллагааг мөн Унгар улсад томилогдон ажилласан Монголын Элчин сайд, дипломатуудын дурсамжуудыг багтаасан байгаа. Ирэх онд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг томоохон арга хэмжээний хүрээнд тэмдэглэж чадна гэж найдаж байна. Ирэх жил “Унгарын өдрүүд”-ийн хүрээнд Унгар улсын соёл, аялал жуулчлал, хоол хүнсний онцлогийг танилцуулахыг хүсэж байна. Мөн Монголын ард түмэнд Унгар улстай танилцуулах зорилгоор үзэсгэлэнгүүд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

-Хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тал дээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Эдийн засгийн хамтын ажиллагаа 1960-аад оноос эхлэн эрчимтэй хөгжиж, Унгарын ард түмний тусламжаар нэлээд хэдэн үйлдвэрийг Монголд барьж байгуулсан байдаг. Үүнийг сэргээж, Унгар технологиор Монголын үйлдвэрлэл, боловсруулалтыг дахин хөгжүүлэх төлөмлөгөө байгаа. Унгарын засгийн газраас 2012 онд зарласан “Зүүн зүгийн нээлтийн бодлого”-ын гол зорилго нь Унгарын экспортыг газарзүйн хувьд төрөлжүүлэх, ялангуяа Азийн хөгжиж буй орнууд, тэр дундаа Монгол Улс руу экспортыг хөгжүүлэх юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахал гарсан ч Монголын компаниудын удирдлагуудтай хэд хэдэн уулзалт хэлэлцээ хийж, хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим, банкуудын хооронд видео хурал зохион байгуулж, бизнесийн түншүүдийг амжилттай зуучилж, тодорхой хэлэлцээрүүдийг хийсэн. Үүнээс гадна алдарт Токай дарсны бүс нутгийн Унгар дарсыг Монголын дэлгүүрүүдээс дахин худалдан авах боломжтой боллоо.

Унгар улсын экспортыг хөгжүүлэх үйл ажиллагааны үр дүнд Унгар технологиор үйлдвэрээ хөгжүүлэх хүсэлтэй хэд хэдэн Монголын компаниуд бий. Одоогоор бид эдгээр ажлуудад анхаарлаа хандуулж байна.

Энэ оны наймдугаар сарын байдлаар Унгарын экспорт өмнөх оныхоос 48 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Цаашид хөдөө аж ахуйн салбар, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх олон боломжууд бий болн гэдэгт итгэж байна.

-Монгол, Унгар улс боловсролын салбарт хамтран ажиллах арвин туршлага хуримтлуулсан. Монголын олон боловсон хүчин танай улсад сурч, боловсрол эзэмшсэн. Монголын оюутан залууст танай улсад сурч, боловсрох ямар боломжууд байдаг вэ?

-Унгар, Монголын соёл, боловсрол, шинжлэх ухааны харилцаа 1953 оноос эхэлж, 1957 оны 10 дугаар сарын 09-нд хамтын ажиллагааны анхны хэлэлцээр байгуулагдсан. 2015 оны дөрөвдүгээр сард Унгар Улсын Ерөнхийлөгч Адер Яношийн Монгол улсад хийсэн айчлалын үеэр хоёр тал боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Унгарын Засгийн газрын тэтгэлгээр 100 оюутан Унгар Улсад суралцахаар болж байсан бол 2016 оны нэгдүгээр сард Унгар Улсын Ерөнхий сайд Орбан Виктор Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр энэ тоог 200 болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм.

Ийнхүү Унгарын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгээр жил бүр 200 монгол оюутан Унгарт боловсролын бүх түвшинд, бүх чиглэлээр суралцах боломж бүрдсэн. Энэ хүрээнд 1500 орчим оюутан суралцаж байна.

Мөн НҮБ-ын ХААБ-ын болон Европын холбооноос зарласан тэтгэлэгийн хүрээнд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр Унгарт суралцах боломж бас байдаг.

-Манай хоёр улсад ямар салбарт хамтарч ажиллах нөөц, боломж байна гэж та харж байна?

-Хоёр ард түмний соёл, ахуйд нийтлэг зүйл олон бий. Үүний үндсэн дээр хөдөө аж ахуй, соёл боловсрол, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байна гэж харж байна. Мөн усны салбарт хамтын ажиллагаагаа шинэчлэх боломж байнгаа, ялангуяа Монголын талаас ч мөн ийм хүсэл эрмэлзэл байгаа тул хамтын ажиллагаагаа шинэчлэх боломжтой юм.

-Та дипломатаас гадна монгол судлаач эрдэмтэн. Унгарын эрдэмтэд монгол судлалд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн. Таны хувьд монгол судлаач эрдэмтний хувьд Монгол Улсад томилогдон ажиллах нь судалгааны ажлаа баяжуулах давхар боломж олдсон байх?

-Мэдээж, Унгар улсаа төлөөлөн Монгол улсад суух Элчин сайдаар томилогдсон нь монгол судлаачийн хувьд маш аз завшаантай хэрэг. Гэхдээ дипломат алба гэдэг бол нэг талдаа маш хариуцлага өндөртэй ажиллахыг шаарддаг, нөгөө талдаа зав маш бага гардаг учраас судалгааны ажил хийх боломж ховор байдаг. Гэхдээ энэ бол судалгаа шинжилгээний ажлаа бүрмөсөн орхисон гэсэн үг биш. Учир нь энэ бол миний хувьд нэг төрлийн амралт юм. Би чөлөөт цагаараа шинжлэх ухааны шинэ ололттой танилцахын тулд шинээр хэвлэгдсэн монгол эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншиж, хичээнгүйлэн цуглуулдаг. Мөн музейгээр тогтмол зочилж, богино хугацааны хээрийн судалгааны ажлуудыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

-Унгарын хаант улсын гурав дахь хаан Аба Самуэлийн Абашар дахь булшийг 2020 оны намраас эхэлсэн малтлага хийж байгаа талаар та хэвлэлд ярьж байсан. Түүний овгийнхон Хүннүгээс гаралтай эсэхийг археогенетикийн судалгаагаар тодорхойлох ажил хэр явцтай байна вэ?

-Дундад зууны үеийн Унгарын хааны угсаа гарвалийг тэмдэглэсэн “Зурагт шастир”-т Аба угсаатан бол Аттила хааны отгон хүү Чаба хан хүүгээс гаралтай хэмээсэн байдаг. Аба угсаатны бэлэг тэмдэг нь шонхор шувуу байсан бөгөөд түүнчлэн Арпадууд бөгөөд Арпадуудын сүлд нь Аба угсаатны сүлдэнд байдаг. Аба угсаатан бол дундад зууны үед маш нөлөөтэй байсан ба XI зууны дундуур Аба Самуелийг хаанаар өргөмжилсөн. Түүний байгуулсан сүм хийд болон оршуулгын газарт одоо малтлага судалгааны ажил өрнөж байна. Малтлагаар гарсан ясанд ДНК-ийн шинжилгээ хийж, Аба угсаатан үнэхээр Хүннү гаралтай эсэхийг баталгаажуулах юм. ДНК-ийн шинжилгээ одоо хийгдэж байгаа бөгөөд хариу гармагц бид Монголын уншигчиддаа мэдээлэх болно.

-Хамгийн сүүлд Элчин сайдын яамнаас “Унгарын хөдөө аж ахуй 2021” арга хэмжээ зохион байгуулсан. Арга хэмжээний үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Унгар улс бол хөдөө аж ахуйн салбарын хувьд эртний түүхтэй орон юм. Өнөөдөр Унгарт энэхүү түүхэн уламжлал болоод орчин үеийн техник, технологийн хөгжил зэрэгцэн маш үр дүнтэй хөгжиж байна. Энэ хүрээндээ генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс татгалзахын тулд олон хүчин чармайлт гаргаж байгаа. Монгол Улс нутаг дэвсгэрийн онцлог, уламжлалт мал аж ахуйн нөхцөл байдал нь орчин үеийн техник, технологийн хөгжлийг хамтатган хөгжих асар их нөөцтэй гэж бодож байна. Өнөө үед уламжлалт мал аж ахуй нь улам бүр өсөн нэмэгдэж буй үнэт зүйл бөгөөд үүнийг алдаж болохгүй. Унгар, Монголын хөдөө аж ахуйн компаниуд хамтран ажиллах өргөн боломж бий гэж харж байна.

Унгарын ЭСЯ-ны хувьд хоёр орны хөдөө аж ахуйн компаниудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ үүднээс бид Унгарын хүнс, хөдөө аж ахуйн компаниудын оролцоотойгоор Монголын компаниудад мэргэжлийн, сонирхолтой төсөл хөтөлбөрүүдийг санал болгох зорилготой “Унгарын хөдөө аж ахуй” арга хэмжээг Мах, сүүн бүтээгдэхүүн, Газар тариалан, мал аж ахуйн шинэлэг технологи, Хүнсний бүтээгдэхүүн гэсэн үндсэн гурван чиглэлийн хүрээнд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монголын хөдөө аж ахуйн салбарын зах зээлд тэргүүлэгч 20-иод компанийн удирдлага, төлөөлөл оролцсон.

Унгар, Монголын хөдөө аж ахуйн салбарын компаниуд хамтран ажиллах боломж маш их байна. “Унгарын Хөдөө Аж Ахуй -2021” хөдөө аж ахуйн форум нь харилцан түншээ олох боломжийг бүрдүүллээ гэж харж байна. Бид энэхүү арга хэмжээнийхээ цар хүрээг улам өргөжүүлэн жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top