ДОХИО | Чанаргүй зээл ӨСЖЭЭ

Б.Сэцэн | Zindaa.mn
20 минутын өмнө

Банкны салбарын хувьд цалин болон малчны зээлийн чанаргүйдэл есдүгээр сарын эцсийн байдлаар 9.1% хүрч, өмнөх оны мөн үеэс даруй 2.7 нэг хувиар өссөн байна. Мөн түүнчлэн энэ үзүүлэлт нь 2025 оны I улирлаас хойш хоёр дахин өссөн үзүүлэлт гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Ташрамд сануулахад цалин болон малчны зээл нь өр, орлогын харьцаанд хамаардаг юм.

Том зургаар нь: Чанаргүй зээл нэмэгдэх нь дараах хэд, хэдэн сөрөг утгыг илэрхийлнэ. Нэн түрүүнд инфляц, үнийн өсөлт, ажлын байрны хомстол нь эсвэл бизнесийн ашиг орлого буурснаас шалтгаалан зээлдэгчид зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрөө хуваарийн дагуу төлж чадахгүйд хүрснийг шууд илтгэнэ.

Түүнчлэн банкны салбарын эрсдэл нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Банкнууд чанарын эрсдэлээс хамгаалж “зээлийн эрсдэлийн сан”-даа илүү их мөнгө төвлөрүүлдэг. Энэ нь банкны цэвэр ашгийг бууруулдаг. Буцаан төлөлт ямар нэгэн хэмжээгээр саатсанаар банкны бэлэн мөнгөний урсгал боогдож, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг цаг тухайд нь олгоход хүндрэлтэй байдал үүснэ.

Банкнууд эрсдэлээс хамгаалахын тулд шинээр олгох зээлийн шалгуураа өсгөдөг. Ингэснээр зээлийн нийлүүлэлт буурна. Үүнийгээ дагаад зээлийн хүүч өснө. Хэвийн үйл ажиллагаатай бизнесийн байгууллагууд ч санхүүжилт авахад хүндрэлтэй болно.

Зээл хумигдсанаар компаниуд үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж хумигдана. Энэ нь эдийн засгийн ийт эрэлт болон дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг сааруулах шалтгаан болдог.

Шийдвэр: Монголбанкны мөнгөний бодлогын хороо энэ сарын 3-ны өдөр хуралдаж төлөлтийн хүндрэлтэй иргэдийн зээлийн хугацааг 48 хүртэлх сараар сунгахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тухайн зээл авсан иргэн гэрээний хугацаанд заасан төлбөрийг төлөхөд хүнрдэл үүссэнтохиолдолд нэмж зээл олгохгүйгээр хэрэглээний зээлийн бүтцийг өөрчлөх боломжтой болж байгаа юм. Шийдвэрээр нийт 48 хүртэлх сараар сунгаж, тухайн зээлд өр, орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар тусгажээ. Тодотгоход зээлийн хугацаа сунгаснаар сарын төлбөр буурах ч үндсэн өрийн хэмжээ өөрчлөгдөхгүй. Хүү тооцох хугацаа уртсах тул шинэчилсэн гэрээ, төлөлтийн хуваариас хамаарч нийт төлөх хүү нэмэгдэх магадлалтай юм. 

Нөхцөл байдал: Банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 5.2% байгаа нь хэвийн үзүүлэлт аж. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээс харвал банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд 2026 оны III улирлын байдлаар нийт 811 мянган зээлдэгчийн есөн их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүний 9.4% нь чнааргүй зээлийн ангилалд хамаарч буй аж. Ялангуяа цахим зээлийн чанаргүйдэл 11.4% хүрсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat (202.9.41.95)  37 секундын өмнө

Одоо хяналтгүй параламентийн засаглалтай болоод улс хөгжсөнгүй Монгол улсын онцлог ёрөнхийлөгчийн засаглалтай болох гарц үлдлээ энэ үед төсөвөөс хумслах хүний тоо цөөрч улс хөгжнөө

0  |  0
Top