Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Алтан намар-Мод тарих улирал” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын 14 байгууллага болон Монголын аялал жуулчлалын салбарын төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 2500 мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын Элчин сайд нар, олон улсын байгууллагууд болон аялал жуулчлалын салбарын төлөөлөл мод тарилаа. Энэ нь нэг талаас дипломат харилцааг бэхжүүлж, нөгөө талаас эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хамтдаа хувь нэмрээ оруулж буйн илэрхийлэл юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зөвхөн мод тарих, ургуулах асуудал бус, ногоон хөгжлийн цогц асуудал юм. Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн тус үндэсний хөдөлгөөн бүс нутгийн хэмжээнд өргөжиж, цаашлаад COP17 бага хурлын үеэр томоохон хөдөлгөөнүүдтэй нэгдэж, дэлхийн хэмжээний хөдөлгөөн болсон. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэн 2021 оноос хойш улсын хэмжээнд 140 гаруй сая мод тарьж, ургуулаад байна. Мөн 450 орчим мод үржүүлгийн газар байгуулж, жилд 120 гаруй сая тарьц, суулгацын нөөцтэй болсон. Үүний 50 орчим хувийг жил бүр мод үржүүлэгт ашиглах боломжтой” гэв.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Монгол Улс болон Европын Холбоо нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ойн санг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажилладаг. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарилаа. Модыг зөвхөн тарихаас гадна усалгаа, арчилгаа, хамгаалалтад нь онцгой анхаарах шаардлагатай. Мөн Налайх дүүргээр хязгаарлахгүйгээр Монгол Улсын 21 аймагт мод тарих ажлыг өргөжүүлэх нь чухал” гэлээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь ойг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн ногоон хөгжлийн томоохон санаачилга тул төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон иргэдийн хамтын оролцоо чухал ач холбогдолтойг албаны хүмүүс онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )