Японы ерөнхий сайдыг огцруулахыг хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03



Өчигдөр үдээс өмнө болсон Японы эрх баригч Ардчилсан намын парламент дахь бүлгийн хуралдаан дээр Засгийн газрьн тэргүүн Наото Кан Мэдэгдэл хийж, гамшигт өртсөн бүс нутгуудыг сэргээн босгох ажилд тодорхой ахиц гарсны дараа огцроход бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Харин үдээс хойш Японы парламентын доод танхимд болсон Ерөнхий сайд Наото Каны танхимд итгэл үзүүлэх эсэх асуудлаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр ширүүн маргаан өрнөлөө.Тогтоолын төслийг Либерал-Ардчилсан нам тэргүүтэй сөрөг хүчний гурван намын фракц өргөн барьжээ. Сөрөг хүчнийхэн одоогийн Ерөнхий сайд Наото Каныг "Фүкүшима-1" АЦС дээр гарсан осол, газар хөдлөлт болон цунамийн уршгийг арилгах талаар хангалттгүй ажиллаж байна гэж буруутгаж байгаа юм. Доод танхимын гишүүдийн дунд тухайн асуудлаар санал хураалт явуулахад 293 гишүүн тогтоолын төслийг эсэргүүцэж 152 нь дэмжсэн байна. Харин сөрөг хүчин болох Коммунист намын фракц түдгэлзжээ. Ингэснээр Наото Каныг огцруулах асуудал түр хойшлогдож байгаа юм.

Мөн өдөр Японы Үндэсний цагдаагийн газар гамшгийн хохирлын талаар мэдээлэл хийлээ. Газар хөдлөлт болон цунамигийн улмаас 15.3 мянган хүн амь үрэгдэж, 8.4 мянган хүн сураггүй болжээ. 18 муж дахь 2.4 мянган түр хоргодох байранд 100 мянга орчим хүн байрлаж байна.

Эрх баригчдын тооцоолсноор, гамшгийн улмаас 25 их наяд /триллион/ иен буюу 308 тэрбум долларын хохирол учирч, гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудыг сэргээн босгоход 15 их наяд иен буюу 184 тэрбум доллар шаардагдаж байгаа ажээ. "Фүкүшима-1" АЦС дээр гарсан ослын улмаас 11 их наяд иен буюу 133 тэрбум долларын хохирол учирсан байна.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top