Өвөр Монголд өрнөж буй жагсаалыг хүчээр тарааж, дэг журам сахиулахын тулд Хятадын эрх баригчид баривчилгаа, эрүү шүүлтийг уламжлал ёсоор сонгожээ. Энэ удаагийн жагсаал урьд өмнө гарч байсан бослого тэмцлийг бодвол эрх баригчдын хувьд илүү хүнд нөхцөлд болж байгаа нь илэрхий байна. Учир нь интернэт, гар утас, телевиз гээд мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Хятадын коммунист нам, цэрэг арми энгийн иргэдийн уур бухимдлыг хараахан давж чадахааргүй нөхцөл үүсчээ. Үүний улмаас жагсаал цуглаан газар аваад байгаа Шилийн гол, Баруун үзэмчин, Эрээн зэрэг Өвөрмонголын томоохон хотууд болон бусад бүс нутагт цахим мэдээлийн хэрэгслийн үйл ажиллагааг бүр мөсөн хааж, телевиз радиогийн мэдээллийг чанга хатуу хяналттайгаар явуулж эхэлжээ. Мөн Хятадын бусад мэдээллийн хэрэгслэлээр Өвөрмонголд болж буй эсэргүүцлийн жагсаалын талаар ямар нэгэн мэдээлэл гаргахыг хатуу хоригложээ.
Мөн жагсаал цуглаан гарсан бүс нутагт үүрэн телефоны шугамыг хааж, орон нутгийн зочид буудал, айлуудыг нэгжиж эхэлсэн байна. Харин Монгол оюутнуудыг байранд нь хорьж, хатуу хяналт тогтоожээ.
Өнөөдрийн байдлаар Хятадын эрх баригчид жагсаал цуглаанд оролцсон 150 орчим хүнийг баривчилж, 30 гаруй машинаар Хятадын гүн рүү авч оржээ. Мөн Шилийн гол хотын захиргаа руу бүрэн зэвсэглэсэн 300 цагдааг дахин илгээж, салан тусгаарлах хөдөлгөөн үе үе өрнөдөг Шинжаан Уйгар, Түвдийн мужид хараа хяналтаа улам чангатган цэрэг цагдаагийн хүчээ нэмэгдүүлсэн байна.
Б.Сараа.
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )