Балбын уулчин Эверестийн оргилд 24 удаа гарч, дэлхийн дээд амжилт тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Балбын иргэн Ками Рита дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд /8848 м/ нийт 24 удаа гарч, дэлхийн дээд амжилт тогтоолоо. 

49 настай, шерпа ястан тэрбээр долоохон хоногийн өмнө тогтоосон өөрийн амжилтыг эвдэв. Ками Рита Эверестийн оргилд дор хаяж дахин нэг удаа гарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Түүнээс өөр Хималайн ноён оргилд 20-иос дээш удаа гарсан хоёр л шерпа байдаг бөгөөд хоёулаа тэтгэвэрт гарчээ. Ками Рита анх 1994 онд Эверестийн оргилд гарснаас хойш бараг жил бүр авиралт хийсэн аж. 

Олон орны уулчдыг дэлхийн дээвэрт амжилттай гарах бүх нөхцөлийг ханган ажилладаг шерпа нарын нэг бол Рита. Түүний эцэг уулчдад дэлхийн ноён оргилд гарахад нь тусалсан анхны шерпа. Ками Рита Эверестээс гадна тэрбээр К2, Чо Ою, Манаслу болон Лхоцэ зэрэг дэлхийн ноён оргилуудад мөн авирч байжээ.

Хималайн өндөр уулсын дунд амьдардаг шерпа ястны бие бялдрын хүч, уулсын талаарх мэдлэг нь тэднийг хамгийн эрэлттэй хөтөч болгосон байдаг. 

“Дэлхийн өнцөг булан бүрээс Эверестийг зорих уулчид ирэхээс өмнө нь хамгийн хүнд бэлтгэл ажлыг шерпанууд л хийж гүйцэтгэдэг. Тэд л кэмп, баазуудыг барьж, уулчдын хүнд ачааг нуруун дээрээ зөөж, тэдний хоол ундыг бэлтгэж, хүчил төрөгчийн баллонуудыг авч явдаг. Шерпанууд л хамгийн түрүүнд Эверестийн оргилд гарч, уулчдын аюулгүй байдлын баталгаа болсон олс, олсон шатыг бэхэлдэг ч хэн ч тэдний энэ их хүнд хөдөлмөрийг дурсдаггүй” гэж Ками Рита ярьж байна.

Энэ жил Эверест рүү авиралт хийх зөвшөөрлийг 378 уулчин авсан байна. Төдий тооны шерпа эдгээр уулчдад мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах гэнэ.
Одоогийн байдлаар таван мянга орчим уулчин дэлхийн дээвэрт гарсан байдаг аж. Эдгээрээс хамгийн өндөр настай нь Япон улсын иргэн Юичиро Миура. Тэрбээр 70 болон 75 настайдаа Эверест оргилд гарч, 2013 онд 80 насныхаа ойг тэмдэглэх зорилгоор гурав дахь авиралтаа хийж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чи тэнэг(66.181.185.202) 2024 оны 03 сарын 04

Гоё юм тэтээ жоохон муухай юм

1  |  0
Top