Домог болж мөнхөрсөн Мэрилин Монро

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

 Холливудын домог болсон шаргал үст үзэсгэлэнт бүсгүй Мэрилин Монро хэрвээ амьд сэрүүн байсан бол өнгөрсөн лхагва гарагт буюу зургадугаар сарын 1-нд 85 нас хүрэх байжээ. Түүнийг дэлхий даяараа хайрлаж, тэрбээр газар дэлхийн эх дагина болсон байсан боловч азгүй эмэгтэй хэвээр үлдсэн.  Мэрилин Монрогийн амьдрал түүдэг гал шиг хурц, дүрэлзсэн боловч хоромхон зуурынх байсан. Үзэсгэлэнтэй   бөгөөд алдар хүндтэй бүсгүйчүүд олон байдаг ч Мэрилин Монро бол цорын ганцхан бөгөөд тэрбээр хоосон толгойтой хөөрхөн бүсгүй байгаагүй. Зурагтын дэлгэц, гэрэл зургаас бидний хардаг тэр бүхэн бол түүний асар их хөдөлмөр зарцуулж бүтээсэн зуйл юм. Хүүхэд байхаас нь зовоож, асрамжийн газарт байхад нь улам хүндэрсэн ээрч ярьдгаа бие даан зассан явдал нь түүний амьдралдаа өөрийгоө ялсан анхны ялалт байлаа. "Монро олон цагаар ном, шүлэг, түргэн хэллэг уншин, үгийн дуудлагыг зөв дуудах дасгал хийдэг байсан бөгөөд гурван жилийн дараа гэхэд хэний ч тусламжгүйгээр хэл ярианы согогоо засч чадсан" гэж Монрог өсвөр насанд хүрсэн хойно нь өөр дээрээ авсан эгч нь дурсан ярьжээ. Тэрбээр мөн дуртай жүжигчдийнхээ тэр дундаа шүтэн биширдэг байсан Марлен Дитрихийн төрх байдлыг дууриан, биеэ авч явж байгаа байдлаас нь суралцдаг байсан байна. Энэ бүхэн нэгэн сэтгүүлд ердөө 5 доллароор анхны зургаа авахуулахаас нэлээд хэдэн жилийн өмнө болсон явдал юм. Монро өөрийгөө Холливудын гялалзсан од болоход эртнээс бэлтгэж байсан бололтой. Хувь заяа Монро үргэлж ивээж байгаагүй юм. ”Хаягдсан хүүхэд", "хэнд ч хэрэггүй", "хайраар дутсан" гэдэг энэ бүхэн бяцхан Монро

амьдралынх нь туршид шаналгаж, сэтгэл зүрхийг нь өвтгөдөг байжээ. Түүний аз жаргалтай гэр бүлтэй болох мөрөөдөл нь бүхий л мөрөөдлөөс нь илүү хүчтэй байв.

Хүүхдүүддээ ялангуяа охиддоо маш хөөрхөн түүнийг бүгд хайрладаг гэж үргэлж хэлж байх хэрэгтэй. Хэрвээ би охинтой болбол түүндээ үргэлж миний охин үзэсгэлэнтэй гэж хэлэн, ганц ч хором түүнийгээ орхихгүй" гэж Монро ярьдаг байв. Гэвч түүний энэ мөрөөдөл нь биелээгүй юм. Энгийн нэг инээдмийн киноны дүр бус жинхэнэ драмын жүжигчний хувиар илүү том дүр бүтээхийг хүсч байсан түүний мөрөөдөл нь бас биелээгүй. Достоевскийн «Грушанька»-гийн дүрийг бүтээхийг хүсдэг байсан гэж Мэрилин нэгэн удаа ярьжээ. Зураг авалтын үеэр талбай дээр хамтран ажиллаж байсан мэргэжил нэгтнүүд нь Нормагийн жүжигчний авьяасыг маш өндөр үнэлдэг байсан ч найруулагчид түүний авьяасыг нь бус тачаангүй төрхийг нь илүүд үзэж урьдын адил туслах дүрийг өгсөн хэвээр байв. Харин түүний хамгийн сүүлд тоглосон "Ганцаардал" киноны дүр нь нандин мөрөөдөлд нь дөхөж очсон гэж хэлж болно. Өөрийн үзэсгэлэнт бие галбираар хөрөнгө мөнгө, алдар сууг олж байна гэдгээ Монро маш сайн ойлгож байлаа. Мэрилин Монро гэдэг нэр нь "20 зуун Фокс" студэд ажиллаж байхдаа өөртөө бий болгосон түүний нэг ёсны брэнд юм. Түүний харц, инээмсэглэл, хэв маяг, алхаа энэ бүхэн толины өмнө шургуу дасгал хийсний дүнд бий болсон зүйл юм. Гэрэл зурагчид, найруулагчид Монрогийн гунхалзсан уран хөдөлгөөнийг гайхан биширдэг байсан бөгөөд сурвалжлагчид "Мэрилин та яаж ингэж алхаж сурсан бэ?" гэдэг асуултыг байнга тавьдаг байв. Хариуд нь Монро сэтгэл татам инээмсэглэж "би нэг настай байхдаа л алхаж сурсан, түүнээс хойш ганц ч удаа сургуулилт хийгээгүй" гэж хариулжээ. Зураг авалт болон түүнд бэлтгэх үед тэрбээр асар их ядардаг байснаас болж булчии нь зангиран өвддөг байсан аж. Иймээс хүйтэн устай онгоцонд хэвтэж алжаалаа тайлдаг байв. Гэхдээ тэрбээр зөвхөн инээмсэглэсэн төрхтэй харагдах ёстой байсан учраас энэ тухай хэн ч мэдэх ёсгүй байлаа. Монрогийн амьдралыг харахад тэр зүгээр л түүний үзэсгэлэнт тө0рхөнд дурласан хайр биш харин өөрийг нь чин сэтгэлээсээ ойлгон өмгөөлдөг тийм хайраар дутаж байсныг ойлгоно. Эрчүүд түүнд гоёмсог эд хэрэгсэл шиг хандаж байгааг үзэсгэлэнт бүсгүй мэдэрч байсан бөгөөд өөрөө ч мөн адилхан харьцдаг байжээ. Норма бас түүнд найз нөхөд байхгүй гэдгийг мэдэрч байв. Баасан гарагт тохиосон түүний хамгийн сүүлчийн төрсөн өдөр нь зургийн авалтын талбайд тохиосон бөгөөд хорвоод мэндэслэн өдрийг нь хэн ч санахгүй байжээ. Гэтэл хэн нэгэн Мэрилиний төрсөн өдрийг санаж, туслагч ажилтныг бялуунд явуулжээ. Ажил дуусахын алдад түүний төрсөн өдрийг тэмдэглэхээр тохирсон ч ажилдаа ядарсан найзууд нь "өнөөдөр чинь баасан гараг биздээ..." хэмээн дургүйхэн хэлээд гэр гэрийн зүг явцгаажээ. Найзууд нь Мэрилинийг хагас нүцгэн байдлаар шогчлон зурж бүгд гарын үсгээ зуран үлдээсэн нэгэн ил захидал энэ өдөр болсон үйл явдлын тухай цорын ганц дурсамж болон үлджээ. Магадгүй тэр өдөр Мэрилин найзуудтайгаа хамт байсан бол хүссэн бүхэндээ хүрэх ч байсан байж магад. Нас барахынхаа яг өмнөх өдөр тэрбээр хоёр дахь удаагаа гэрлэхээр шийдсэн тухайгаа ярьж байжээ. Хувь заяа ч түүний мөрөөдлийг ч биелүүлэх байсан биз ээ. Гэхдээ энэ бол түүний үхлийн шалтгааны талаарх олон таамгуудын зөвхөн нэг нь юм. Өнөөг хүртэл түүний үхлийн шалтгааны талаар янз бүрийн цуурхал дам яриа байдаг бөгөөд намтар судлаачид ч бас өөрсдийн таамгийг дэвшүүлжээ. Харин албан ёсны дүгнэлтээр тэрбээр "Оргилуун дарс болон нойрны эмийг хэтрүүлэн хэрэглэсэн" байна. Өнгөрсөн лхагва гарагт Мэрилин Монрог хайрладаг бүх хүн шүтэн бишрэгчийнхээ төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Түүний дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй бөгөөд Мэрилин Монрогийн дүр төрх дахин хэзээ ч давтагдашгүй билээ. Хэдийгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч Монро бүхнээс илүү хүсч байсан хайраа олж авсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top