Эдийн засгийн өсөлтөд өрхийн хэрэглээний зардал жин дарж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Энэ оны эхний  улирлын эдийн засгийн өсөлт 8,6 хувь гараад буй. Тэгвэл уг өсөлтөд гол хувь нэмрээ оруулсан салбаруудыг авч үзье. Өрхийн эцсийн хэрэглээний зардал 2,7 хувь, үндсэн хөрөнгийн хуримтлал буюу бүрдэлт 11,8 хувь, цэвэр экспорт  – 6,6 хувь, түүний дотор экспорт –25,2 хувь, импорт 31,8  хувиар тус тус хувь нэмрээ оруулжээ.

Өмнөх оноос ялгаатай нь үндсэн хөрөнгийн бүрдэлтийн хувь нэмэр огцом нэмэгдсэн, өрхийн эцсийн хэрэглээний зардлын өсөлтөд оруулсан хувь нэмэр 2018 оны улирлуудад байгаагүй хэмжээнд нэмэгдсэн байна. Улирлын нөлөөллийг арилгаж тооцсон ДНБ өсөлт 6,2 хувь байгаа нь өмнөх оны улирлуудад гарсан жилийн өсөлтөөс их байна. ДНБ-ий дефлятор буюу нэрлэсэн ДНБ-ийг бодит ДНБ-д харьцуулсан дүн (6,4 хувь) өмнөх оны эхний хагас жил, жилийн дүнтэй ижилхэн, өрхийн эцсийн хэрэглээний зардлын дефляторын өсөлт хэрэглээний үнийн индексээр тооцсоноос бага, өмнөх оны эхний хагас жилийнхээс их байна. Материаллаг эргэлтийн хөрөнгө, үнэт зүйлсийн өөрчлөлтийн хувьд эхний улиралд абсолют хэмжээний өөрчлөлт, өсөлтөд оруулсан хувь нэмэр аль аль  нь өмнөх жилээс эрс бага (0,3 хувь) байгаа нь өмнөх оны эцсээс хөрөнгө оруулалт, эдийн засгийн идэвхижил нэмэгдсэнтэй холбоотойгоор тайлбарлагдаж байна.

Эдийн засгийн нийт нийлүүлэлтийн хувьд авч үзвэл 2019 оны эхний улирлын өсөлтөд аж үйлдвэр, барилгын секторын оруулсан хувь нэмэр нэмэгдэж (3,8 хувь) өмнөх оны улирлуудаас эрс өссөн байна. Үйлчилгээний секторын хувь нэмэр 3,9  хувь болсон нь мөн өмнөх оны улирлуудаас нэмэгдсэн дүр зургийг харуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top