УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн. Харин төслийн хоёр дугаар хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн дундуур хийж эхлэнэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хүртэлх хугацаанд буюу энэ сарын 26-ныг хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр, цөөхөн хоногийн хугацаанд ажиллаж байгаа юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, хэлэлцүүлэг хоорондын хугацаанд олон нийтийн санаа бодлыг сонсох бөгөөд энэ нь хуулийг тасралтгүй хэлэлцэх үйл ажиллагаанд хамаарахаар заасны дагуу ийнхүү ажиллаж байгаа юм байна. Өнөөдөр /2019.06.21/ Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойргийн иргэдтэйгээ уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг сонсох бол Д.Цогтбаатар гишүүн Хүүхдийн ордонд, М.Оюунчимэг гишүүн ЧД-ийн долоодугаар хороонд, Т.Аюурсайхан гишүүн СУИС дээр тойргийн иргэдтэйгээ уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг тус тус сонсохоор төлөвлөсөн байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь сонгогдсон тойрогтоо буюу Сэлэнгэ аймгийн ард иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийхийн зэрэгцээ иргэдийн саналыг сонсон ажиллаж байгаа аж. Тэрбээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулж ард иргэдээс санал, шүүмжлэл байнга хэлдэг. Тухайлбал, УИХ, Засгийн газар ажлаа хийхгүй байна. УИХ нь Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хэтэрхий их оролцож байна гэдэг. Тэгвэл энэ гажуудлыг зайлшгүй засах хугацаа нь болсон байна гэж үзээд нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Сүүлийн дөрвөн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж үзсэн. Энэ удаагийн парламентад Монгол ардын нам 65 суудал авсан. Үүнээс 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан, Үндсэн хуулийн 30 хүртэлх хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа. УИХ, Засгийн газрын хариуцлагатай, тогтвортой байдал, Ерөнхийлөгч, шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтүүд төсөлд туссан. Та бүхний хамгийн их сонирхдог орон нутгийн засаг захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны талаар мөн заалт бий” хэмээн төслийг танилцуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )