Эрх баригчид сав л хийвэл энэ бол бидний “түүхэн” шийдвэр хэмээн сурталдана. Аятайхан айраг исгэсэн ч ингэж хэлэхийг хүсдэг болжээ. Ард түмэн харин тэдний лут том шийдвэрүүдийн биелэлтэд сэтгэл гонсгор хоцорно. Сүүлдээ цөхөрсөн олон түмний дунд ёстой жинхэнэ монгол араншин гэж иймэрхүү юмыг хэлдэг байхгүй юу гэх ухааны явган Пи Ар тэнүүчилнэ.
Засгийн газар саяхнаас баахан бонд гаргалаа. Тэдгээр нь түрүүчээсээ шүүмжлэлтэй тулгарч байна. Хувийн компанид зориулсан бонд л гэнэ. Удахгүй хэрэг нь шийдэгдэх гэж байгаа “Зоос” банкинд хүртэл 100 тэрбумын бонд “бэлэглэсэн”-ээс болоод улс төрчид хоорондоо хэл ам ихтэй байгаа. Тэгтэл 300 тэрбум төгрөгийн бонд гараад ирлээ. Засгийн газар үүнийгээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулна гэж байна. Урьд нь жилдээ 30 тэрбум орчим төгрөгийг бага хүүтэйгээр иргэддээ өгөхөд аманд ч үгүй хамарт ч үгүй салдаг байлаа. Нэлээд хэсэг нь юм хийх гэж зүтгэж байгаа хүндээ хүрэхгүй, замаасаа замхарч орхидог байв. Одоо болтол ийм маргаан тасраагүй байгаа. Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэлд зориулах тэрхүү 300 тэрбум төгрөг нь ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгохоор болсон 110 тэрбум төгрөгийн бонд дээр нэмж гаргах мөнгө юм байна. Зөвхөн ноолуурт явцуурахгүй гэжээ. Мөн ноосныхонд ч мөнгө хүртээхээр шийдэв. Ингэснээр 60 орчим мянган ажлын байр шинээр бий болгох боломжтой гэж үзсэн байна. Эдийн засгийн байнгын хороо энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулж ахлагчаар нь Н.Батбаярыгаа томиллоо. Уг бондын зээл нь 5 жилийн хугацаатай, 7 хувийн хүүтэй. Яахав болж л байна. Бүр 5 хувь хүртэл хүүгээ бууруулсан бол ард түмэн тэнгэрийн хишиг хүртсэн мэт баярлах байсан болов уу. Гэхдээ яах вэ. Өнөөгийн банкны мөнгө хүүлэлт иймэрхүү түвшинд очиж байгаа нь их юм. Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслөөр аль аймагт, ямар үйлдвэр барьж байгуулахыг зохицуулах боллоо. Үүнийгээ дарга нар урьдынх шигээ “түүхэн” шийдвэр гээд байгаа ажээ. Олон ч удаа “түүхэн” шийдвэр сонссон иргэд үүнд одоогоор итгэж ядан байна. Дахиад нөгөө улс төрийн нам дамнасан хэдэн хүний идэш болох вий, сонгуулийн шоунд тавиад туучих байх даа гэсэн хардлага дагуулна. “Түүхэн” хэмээх тодотгол нь зарим хүмүүст үнэндээ илүүц юм шиг санагдаж байгаа бололтой. Гэхдээ урьд өмнө хувийн хэвшилд ийм их мөнгө өгч байгаагүй л дээ. Үүнийг нь бодохоор яах аргагүй түүхэн гэж хэлж болох мэт. Харин эцсийн үр дүн нь таван жилийн дараа бүрэн харагдах учиртай болов уу. Энэ их мөнгө зам зууртаа гацаж, эсвэл хаа хамаагүй юманд очиж наалдаад “түүхэн” биш түүхий ажил болохгүй бол болж л байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )