Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өнөөдөр /2019.06.25/-өөс эхлүүллээ. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар гурван дэд ажлын хэсэг байгуулсан байна. Энэ ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулсан дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-д  заасны дагуу УИХ-ын гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж, олон нийтийн санал бодлыг сонсох, төслийн талаар танилцуулахаар долоо хоног ажиллаж байгаа. Энэ ажилд Тамгын газраас дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүдтэй хамт Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, төслийн талаар танилцуулах, иргэдийн асуултад хариулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 40 гаруй гишүүн тойрог, орон нутагтаа ажиллаж, 20 гаруй мянган иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулаад байгааг Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн мэдээллээд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд шаардлагатай тохиолдолд өдөр шөнөгүй, амралтын өдөр гэлтгүй илүү цагаар  ажиллаж, иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх болсныг онцлохын зэрэгцээ эдгээр  боловсруулсан санал, дүгнэлтийг  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий” ажлын хэсгийн дэд ажлын хэсгийнхэнд энэ сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөхөөр болсон тул хариуцлагатай, шуурхай ажиллахыг анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top