Олон нийтийн саналыг төсөлд тусгах, зүйл заалтын томъёоллыг нарийвчлах асуудлыг хэлэлцлээ

2019 оны 06 сарын 28

Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд өнөөдөр (2019.06.28) хуралдлаа.

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийг Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав ахалж, гишүүнээр УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр, Үндсэн хууль судлаач О.Машбат, хуульч Б.Энхбаяр, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам, шинжээч Э.Баттогтох нар ажиллаж байгаа юм.

Өнөөдөр болсон хурлаар УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллах үеэр болон утас, онлайн, бусад хэлбэрээр иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэж, төслийн зүйл заалтад нэмэх эсэх, хуулийн төсөлд тус Ажлын хэсгээс оруулах зарчмын зөрөөтэй саналын томъёоллын асуудлыг хэлэлцлээ.

Иргэдээс Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, тухайлбал насны хязгаарыг багасгах, төрийн албанд тавигдах шаардлагыг илүү оновчтой томъёолох зэрэг саналууд гарсан байна.

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийг Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор Д.Гангабаатар, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав, Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга Б.Цогтгэрэл, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, референт Ж.Ганчимэг нар ажиллаж байгаа юм.

Хурлаар байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим, УИХ-ын зарим бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх, УИХ-ын хяналт шалгалт, хариуцлагыг дээшлүүлэх, УИХ-ын сонгууль болон намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлохтой холбоотой төсөлд туссан зүйл, заалт бүрийн томъёоллыг нарийвчлан хэлэлцлээ.

Мөн нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан санал, иргэд, олон нийтээс ирүүлсэн болон УИХ-ын гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр илэрхийлсэн саналуудыг нэгбүрчлэн хэлэлцэж, төсөлд хэрхэн тусгах, Ажлын хэсгээс төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах зарчмын зөрүүтэй саналыг яаж томъёолох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан ахалж байна. Гишүүдээр нь Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Энхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго,  референт Б.Золбоо нар ажиллаж байна.

Тус Ажлын дэд хэсгийн дөрөв дэх удаагийн хуралдаанаар үндсэн хоёр ажлыг хийхээр төлөвлөсөн юм. Тодруулбал, нэгдүгээрт, өмнөх гурван удаагийн хуралдаанаас гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн найруулж, төсөлд тусгах томъёоллыг бэлтгэх, хоёрдугаарт, Ажлын дэд хэсгийн нэгдсэн дүгнэлтийг эцэслэн боловсруулж, албажуулах байв.

Ажлын дэд хэсгээс шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотойгоор УИХ-ын гишүүдээс гаргасан 14 саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, үндэслэл тайлбараа гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 28.5 хувьд буюу 4 багц сэдвийн хүрээнд нийт 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулаад байгаа. Үүний нэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой өөрчлөлт юм.

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийг Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн ахалж, гишүүдээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, доктор А.Бямбажаргал, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг, Удирдлагын академийн дэд профессор, доктор Д.Сүнжид, Удирдлагын академийн багш Р.Мухийт, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ц.Батбаатар, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул, шинжээч Э.Баттогтох нар тус тус ажиллаж байна. Уг Ажлын дэд хэсэгт УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатар ажиллахаар болжээ.

УИХ-ын гишүүд долоо хоногийн хугацаанд тойрог бүртээ ажиллаж, Үндсэн хуульд тусгах иргэдийн саналыг сонсон, нэгтгэж Ажлын дэд хэсгийнхэнд уламжилсан байна. Тухайлбал, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотойгоор сумын Засаг даргыг иргэдээс сонгодог болгох, хүн амын төвлөрлийг харгалзан улсын болон орон нутгийн харьяалалтай хотуудыг бий болгох, сум, дүүргийг адилтгаж үзэхгүй байх, нутгийн өөрийн удирдлагын тогтолцоог шинэчилж, төсөв, татварын бүрэн эрхийг өгөх зэрэг санал хамгийн олон давтамжтай гарчээ. Түүнчлэн Ажлын дэд хэсгийнхэн УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 20 шахам саналыг нэгбүрчлэн хэлэлцэж, нэгтгэсэн юм.

УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатар, “Сум, дүүрэг бус сум, хорооны ИТХ-ыг иргэд шууд сонгох нь зөв юм. Иргэдийн амьдралд хамгийн ойр ажиллаж байгаа засаг захиргааны нэгж гэдэг утгаараа иргэд шууд сонгох нь зөв. Нийслэлд гэхэд л нэг хороо таван сумын хүн амтай тэнцэж байна. Энэ үүднээсээ хорооны удирдлагыг шууд сонгох нь иргэдэд ашигтай. Харин дүүргийн ИТХ-ыг сум, хорооны Иргэдийн нийтийн хурлаас томилж болно. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хорооны удирдлагыг тухайн оршин суугч, иргэд нь сонгодог жинхэнэ сонгуулийн хэлбэртээ орвол иргэдээсээ хамаарсан хорооны дарга томилогдоно. Гаднын орнуудыг харахад ч анхан шатны нэгжийн төлөөлөгчдийн тавны нэг нь аймаг, нийслэлийн ИТХ-д томилогдож байна. Би илүү алсыг харсан өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байна” гээд АНУ, Их Британи зэрэг улсын туршлагын талаар танилцуулсан юм. 

Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд ийнхүү хуралдаж, тус бүрийн дүгнэлтээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт танилцуулна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top