Ц.Нарантөгс: Уламжлалт анагаах ухаан өвчнийг уг үндсээр нь эмчилдэг

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

-Хүний бие, хэл, сэтгэлийг ариусгаж, яснаас нь, дотоод мөн чанараас нь цэвэршүүлж, тунгалгийг нь гэрэлтүүлж,  эрчим хүчний хүрдэнд нөлөөлж байгаа учир хүний бие нялхарч, илааршдаг-

 

Уламжлалт анагаах ухаан дорно дахины түүх, соёл, шашинтай салшгүй холбоотой. Монгол анагаах ухаан бол тэр чигтээ дорнын соёлыг илэрхийлж байна гэсэн үг. Анагаах ухааны судар шастирыг судлаад үзэхэд манай эриний өмнөх үеэс эхэлсэн түүхтэй. Жагарын орон буюу Энэтхэг Улсаас үүсэлтэй ч Түвдээр дамжин Юань гүрний үед Монголд нэвтрэхдээ Чингис хааны үед хэрэглэгдэж байсан язгуур ухаантай сүлэлдэж улам хөгжин боловсронгуй болжээ. Өнөөдрөөс эхлэн "Монгол оточ " эрүүл мэндийн булан нээж уламжлалт анагаах ухааны талаар та бүхэнд мэдээ мэдээлэл хүргэж байхаар боллоо. Хүний өвчнийг тан болон заслын аргаар уг ёзоороос нь дарж, таван цул, зургаан савд үйлчилж анагаадаг уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил хийгээд оношилгоо, эмчилгээний талаар “Хасу Манал” эмнэлгийн захирал Ц.Нарантөгс эмчтэй дэлгэрэнгүй ярилцлаа.

Судас барьж, онош тогтоох, эм барих, эмнэх зэргээр анагаах ухааны дөрвөн зэргийг шат дараатай суралцаж, эрдмийн зэрэг хамгаалж зэрэг дэв авна. Шавь, лам, гавж, лхаарамба, аграмба хүртэл 20-30 жилийн сургуульд суралцаж байжээ. Түвд болон монгол бичгээр хэдэн зуун эмийн ургамал болон өвчний онош шалтгаан, эмнэл зүйг толгойдоо багтаана гэдэг асар том эрдэм ухаан юм.

-Уламжлалт анагаах ухааны түүхэн үечлэл болоод хөгжлийн тухай яриагаа эхэлье?

-Энэтхэг улсад буддын шашин үүсэхээс өмнө бөө мөргөлөөс улбаатай бирман тэнгэр шүтдэг байсан. Тэр үед оюун ухааны сэрэлт явагдаж иогоор хичээллэх, агаарт хөөрөх, уснаас хуурай гарч ирэх, галд шатахгүй байх, хүний биед нэвтрэх, ховсдох зэргээр бирман тэнгэрийг шүтэх урсгал хүчтэй орж ирсэн. Энэ үед чулуугаар төөнөх, цус ханах, эмийн ургамлыг судалж, туршилт хийх зэргээр алхимийн судалгааг өндөр түвшинд хөгжүүлсэн төдийгүй “Дөрвөн рашаан” хэмээх анагаах ухааны тухай дөрвөн бүлэг тантра буюу судар барлагдсан түүхтэй.

-Хэдий үеэс энэхүү анагаах ухааны онол Монголд хөгжсөн бэ?

-Энэ урсгал бурхан шашин үүссэ­нээр Түвд Улс руу давлагаалсан. Будда нь бирман шашны онолыг зөөллөж нигүүлслийн сургаал болгосон. Тэр номлол нь хэдэн мянган жил Түвдэд хөгжиж Монголд Юань гүрний үед соёл, урлаг, түүхтэй хамт нэвтэрч  ирсэн. Гэтэл Чингис хааны үед анагаах ухааныг хэрэглэдэг байжээ. Тэр олон аян дайнд шархадсан, өвчилсөн цэргүүдээ анагаадаг байсан нь түүх номд тэмдэглэсэн байдаг. Язгуур анагаах ухаанаа буддын ухаантай сүлж эрчимтэй хөгжсөн үе нь Юань гүрний үеэс 18 дугаар зуун хүртэлх үе юм. Түвдтэй залгаа Хөх нуурын монголчуудаас эхлээд Байгаль далай хүртэлх өргөн уудам газарт анагаах ухаан хөгжиж ирсэн. Манжийн дарлалын үед түвд хэл дээр анагаах ухааны ном бүтээл олон гарч байжээ. Богд хааны үед Их хүрээнд шашны болон анагаах ухааны мамбадацан олноор  байгуулагдаж монгол бичгээр номууд гарсан. Үеийн үед булчин урвах тахал, тарваган тахал, халдварт шар, гэдэсний хижиг зэрэг хурц өвчнүүд дэлгэрч л байсан. Энэ халдварт өвчнүүдийг уламжлалт анагаах ухаанаар л эмчилж байсан. 19 дүгээр зууны эхэн үеэс хувьсгалын дараа Оросын анагаах ухаан орж иржээ.

-Оросын анагаах ухаан орж ирснээр уламжлалт анагаах ухаан хэр “хавчигдаж” эхэлсэн бэ?

-Хувьсгалаас өмнө уламжлалт анагаах ухааныг өрхийн эмнэлэг шиг л хэрэглэж байсан. Жишээлбэл, нэг хот айл нэг маарамбатай. Бүгд л үзүүлж, эмнүүлдэг. Тэр айлын гурван үеийн өвчний түүхийг мэддэг тул яаж эмнэх аргаа мэднэ. Ардын хувьсгал ялснаас хойш хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах бодлого явуулж, монгол анагаах ухааныг суурь болгож, хүрээний анхны эмнэлгийг Сүхбаатар жанжны тушаалаар байгуулж байсан. Ардын засгийн эмнэлэгт хойд хөршөөс эмч нар ирж ажиллаж байсан бөгөөд монгол оточ маарамбатай хамтарч тангаа ч өгдөг, тариагаа ч тарьдаг байсан. 1960-1990-ээд онд социализм байгуулж байх үед 30-аад жил монгол анагаах ухаанаар эмчлэхийг хориглосон юм. Эм барих, ханаж, хатгах, барих засахыг нь хорьсноор оточ маарамбууд хар хувцас өмсөж, нууцаар хүн эмнэж байлаа. Тэр нь баригдвал байцаагдаж асуугдаж байсан гашуун түүхтэй. Таны асуудгаар монгол анагаах ухаан хавчигдаж, хэлмэгдэж байсан үе нь юм.

-Оточ маарамба болохын тулд хэдий хугацаанд, ямар эрдэм чадлыг эзэмшсэн байх ёстой вэ?

-Монгол анагаах ухаан маш нарийн дэг жаягтай. Хүүхдээ дөрөв,таван настайгаас нь мамбадацан буюу анагаах ухааны сургуульд сургаж судас барихыг зааж эхэлсэн.  Судас барьж, онош тогтоох, эм барих, эмнэх зэргээр анагаах ухааны дөрвөн зэргийг шат дараатай суралцаж, эрдмийн зэрэг хамгаалж зэрэг дэв авна. Шавь, лам, гавж, лхаарамба, аграмба хүртэл 20-30 жилийн сургуульд суралцаж байжээ. Түвд болон монгол бичгээр хэдэн зуун эмийн ургамал болон өвчний онош шалтгаан, эмнэл зүйг толгойдоо багтаана гэдэг асар том эрдэм ухаан юм.

-Социализмын үед хүнээс далд эмчилдэг байсан монгол анагаах ухаан хэзээнээс ил гарч хөгжлийнхөө үе рүү хүрсэн бэ?

-1990 он. Би 1987 онд Анагаах ухааны их сургуульд Хүүхдийн эмчил­гээний ангид орж байсан. Гурван жил сураад байж байтал 1990 оны ардчилсан хувьсгал боллоо. Тэр үеэс манай сургуульд түвд хэл, монгол бичиг үзэж эхэлсэн төдийгүй монгол анагаах ухааны тэнхим нээгдсэн. Үүнээс өмнө нууцаар сурч, судалж байсан оюутнууд байсан юм шүү. Хувьсгалын тохироо бүрдэж, маш завшаантай хэрэг болж мань мэтийн монгол бичиг үсэгтэй 24 хүүхдийг шалгаруулж тус оны намар түүхэнд анх удаа Монгол уламжлалт анагаах ухааны ангийн оюутан болсон. Ийнхүү 1993 онд европ болон уламжлалт гэсэн хос морьтой төгсөж байлаа. Хаяж боломгүй өв уламжлалыг албан ёсны болгосон тэр он цагаас хойш тус тэнхим өдгөө олон улсын дорно дахины уламжлалт анагаах ухааны их сургууль болж өргөжсөн. Мамбадацангууд  сэргэсэн. Олон их сургууль уламжлалт анагаах ухааны анги тэнхимтэй болж, монгол ангаах ухааны хувийн сургуулийн тоо өссөн. Тэр бүү хэл “Улаанбаатар” рашаан сувиллыг уламжлалт анагаах ухааны анхны эмнэлэг болгосон. Улсын томоохон эмнэлгүүд монгол уламжлалт анагаах ухааны тасаг нээж байлаа.

Дотоод шинж тэмдэг буюу хий ихэд­сэн хүн хөнгөн, хурдан хөдөлгөөнтэй, туран­хай, түргэн яриатай байдаг. Бадган ихэдсэн бол тарган, удаан хөдөлгөөнтэй, нэг өвдөхөөрөө хүнд өвддөг. Шар ихэдсэн бол цөс их, уур омогтой, өвчин хурц илэрдэг. Монголд ийм төрлийн хүн маш их.

-Уламжлалт анагаах ухааны сургалт нь дотроо ямар ямар төрөл, арга барилтай байдаг вэ?

-Анагаах ухааны сургалт нь “Дөрвөн үндэс” гэдэг судар шастираас эхэлдэг. Энэ нь язгуурын, онолын, эмчилгээний, хойдын үндэс гэсэн бүлэгтэй. Нэг бүлэг нь маш олон салаална. Нэг үндсийг тайлбарласан хэдэн зуун ном зохиол байдаг учир агуу том сургууль юм. Энгийнээр тайлбарлахад хамгийн түрүүнд судас барихаас эхэлдэг. Судас барьж онош тогтоосон эмч маань эмээ барьж найруулдаг. Мөн идээ ундаа, явдал мөр, эмийн засал гэсэн ерөндөгт тохирсон засал бий. Засал гэдэгт хануур төөнүүр, бариа засал бүгд орно. Эмийн засал хийхийн тулд эмийн ургамлаа маш сайн мэддэг байх ёстой. Ямар өвчинд ямар ургамал сайн бэ, хаанаас яаж түүх вэ, хэрхэн хатаах вэ, хэрхэн зөв номхотгох, зөв найруулах гээд маш нарийн ухаан ордог. Эмээ найруулчихаад тухайн өвчтөнийхөө махбодод болон улирлаар нь тохируулж өгнө. Эмийг найруулахад амтаар нь, чадлаар нь, хачирлаж найруулах гээд олон арга бий. Жишээ нь мана дөрөв тан дөрвөн улирлын найрлагатай ба шижиддүг гаатай, жонштой, молор давстай гээд дөрвөн янз байдаг. “Маниусын уудаг манашитан, ноёдын уудаг норовдолоо” гээд үг зүгээр ч гараагүй. Баяд ноёд бод малаар норовдолоо залдаг бол энгийн ард самбай хадаг тавиад манашитан залдаг байж  л дээ. Нөгөөтэйгүүр заслыг хүнд нь тохируулж хийнэ. Тухайн өвчтөнг хаанаас нь ханах уу, хаана нь төөнөх үү гэдгээ тодорхойлох, дэвтээлэг буюу эмийн ургамалтай рашаанд оруулах , бөөлжүүлэг засал, зүү эмчилгээ, бариа засал гээд олон засал бий.

Эмч, өвчтний судас барихаас гадна гадар шинж  буюу таван цэцэг,

дотор шинж буюу хий, шар, бадганаар шинждэг.

-Орчин үеийн анагаах ухаанд шинжилгээний хариу дээр үндэслэж эм бэлдмэлийг нь жороор олгодог бол уламжлалт анагаах ухаанд судас барихаас гадна хэрхэн шинжилдэг вэ?

-Дээрх бүх эмчилгээ оношийг нэг л эмч гардаж хийдгээрээ цаг зав болоод эмчилгээний үр дүнтэй. Эмч, өвчтний судас барихаас гадна гадар шинж  буюу таван цэцэг, дотор шинж буюу хий, шар, бадганаар шинждэг. Мөн шээс болон асуумжаар шинжилж болно.

-Таван цэцэг гэдэг нь ямар ямар учиртай юм бол?

-Таван цэцэг гэдэг нь дотоод эрхтний нүүрэн дээр гарч буй илэрхийлэл юм. Жишээ нь нүд бол элэгний цэцэг, чих бол бөөрний цэцэг, хамар бол уушгины цэцэг, хэл бол зүрхний цэцэг, уруул бол дэлүүний цэцэг. Нүд шарлаад л байвал элэг, чих шуугиад байвал бөөр, хамар битүүрээд байвал уушги, хэл хөхрөөд байвал зүрх, уруул омголтоод хагараад байвал дэлүүнд өөрчлөлт оржээ гэсэн үг.

-Хий, шар бадганаар хэрхэн шинждэг юм бол?

-Дотоод шинж тэмдэг буюу хий ихэд­сэн хүн хөнгөн, хурдан хөдөлгөөнтэй, туран­хай, түргэн яриатай байдаг. Бадган ихэдсэн бол тарган, удаан хөдөлгөөнтэй, нэг өвдөхөөрөө хүнд өвддөг. Шар ихэдсэн бол цөс их, уур омогтой, өвчин хурц илэрдэг. Монголд ийм төрлийн хүн маш их.

-Монголчууд цөс ихтэй байдгийн учир нь идэж буй хоол унд, газар зүйн байрлал, онцлогоосоо болдог уу?

-Яг тийм. Монголчууд 300 төрлийн эмийн ургамлаар хооллосон малын мах иддэг, хуурай сэрүүн, өндөрлөг газарт амьдардаг улс болохоор цөс ихтэй, зориг зүрхтэй, дайчин, омголон улс байдаг.  Дандаа мах иддэг учир дотоод шар буюу халуун ихтэй улс.  Элэгнээс явж байгаа дотоод халууны эрч хүч судлаар гүйж тархинд очдог учир монголчууд маш их оюуны потенциал өндөртэй, ген сайтай хүмүүс. Нөгөө талдаа манайхан махыг өвөл л иддэг, зун нь цагаан идээгээ хэрэглэдэг үндэстэн байсан. Энэ заншлаа умартан махыг өвөл зунгүй хэтрүүлэн хэрэглэж өвчин хуучинд баригдаж байна. Элэгний өвчин, элэгний хавдраараа тэргүүлж байна шүү дээ. Хонины ясны шөл уух хамгийн сайн, дөнгөж төрсөн нялх биетэй бүсгүйд болон хөгшчүүлд хонины шинэ шөл уулгаж тэнхрүүлдэг биз дээ. Гэхдээ тохируулж идэх хэрэгтэй. Мөн түүнчлэн монгол ахуй амьдрал, агаар салхи хүнийг хатуужуулж, борогшуулж эрүүл, чийрэг болгодог.

-Уламжлалт анагаах ухааны давуу талыг дурдвал?

-Сургууль төгсөөд 30 шахам жил ажиллаж батлагдсан туршлагаасаа үзэхэд энэ хоёр анагаах ухааны алийг нь ч үгүйсгэх аргагүй, хавсарч эмчилбэл бүр л үр дүнтэй. Тухайн хүний бие организмаас хамаарна. Орчин үед эмийг замбараагүй хэрэглэснээрээ эргээд өвчин болж, харшил үүсгэдэг болсон тул байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр анагаахыг чухалчилдаг болсон. Европ эмчилгээнд зүрхний эм зүрхэндээ л үйлчилдэг бол уламжлалт анагаах ухаанд зүрхний тан таван цул, зургаан савд тэгш үйлчилж шалтгааныг нь уг үндсээр нь дардаг.  Таны толгой бөөрнөөсөө ч болж өвдөж болно, элэгнээсээ ч болж өвдөж болно. Та эм уугаад толгойны өвчнөө дарсан ч дахиад л өвдөнө. Харин тан ууснаараа өвтгөөд байгаа язгуур суурийг нь эмчилж, нөгөө эрхтэндээ харшилдаггүйгээрээ давуу талтай. Нэг жишээгээр тайлбарлахад намайг залуу байхад 60 гаруй насны эмэгтэй надад үзүүлдэг байлаа. Цус нь өтгөрөөд гээд аспирин уугаад байхаар нь өнөөдөр таны цус шингэрээд, маргааш дахиад л өтгөрнө. Тэгэхээр та насаараа аспирин уух болно. Та харин норвовдолоо уувал таны цус шингэрнэ, уухаа больсон ч цус нь дахин өтгөрөхгүй гэж хэлсэн.  Тэр хүн миний зөвлөгөөг дагаж өвчнийхөө онцлогтоо тааруулж тан хэрэглээд заншсан. Хийдвэл мана дөрөв, хоол шингэхгүй бол дамнайнжиг, гэдэс дүүрвэл шижид зургаа, бөөр өвдвөл сүгмэл, зүрхээр хатгуулбал агар, толгой дүйрвэл сампилноров ууна гээд бүх тангаа өөрөө мэддэг болсон. Саяхан 90 нас гарчихсан  хойно нь таарсан чинь хөнгөн шингэн, эрүүл саруул гүйж явна лээ. /инээв/

-Таны дээр дурдсан заслын тухайд дэлгэрүүлбэл?

-Хануур засал бол маш түргэн засал. Өвчнийг дор нь эмчилдэг. Төөнүүрээр цусыг хүртэл тогтоодог. Үүнээс гадна хүний сэтгэлийг засах эмчилгээ маш чухал. Гүрэм, дором, тарнийн шидээр эм тангийнхаа чадал хүчийг нэмж анагаадаг. Мөн улиралдаа тааруулж хооллох, хувцаслах, амьдрах тухайд явдал мөрийг нь засна. Манай уламжлалт анагаах ухаан Польш, Герман, Африкт аль хэдийн нэвтэрсэн. Ургамлын эмчилгээ дэлхий нийтэд дийлэнх хувийг эзэлж байгаа нь хүн натурал эмчилгээг шүтдэг болсных.

Хүн гэдэг бие, хэл, сэтгэлийн ариун чанарыг эрхэмлэж, гурван хорыг тэвчиж,

байгаль дэлхийтэйгээ ойр байж, өөрөө өөрийнхөө дотоод чанартаа нэвтэрч, 

энергиэ нөхөн сэргээж байх хэрэгтэй.

-Гүрэм дором, тарни гэхээр ямар засал байдаг юм бол?

-Шашны сэтгэлгээний өндөр сургуулилт юм л даа. Эрт үеэс иог, бясалгал хийгээд араатан амьтныг номхруулж байсан байна. Хүн энэ шидийг олохоороо гэгээрэлд хүрэх зам нь ойртож, дотооддоо нэвтэрч байгаа хэрэг. Хүний тархины цахилгаан соронзон хэлбэлзэл энергийн түвшинд очиж бидний нүдэнд харагддаггүй параллель ертөнц дэх энергийг мэдэрнэ гэсэн үг. Тэр энергийг өөртөө шингээсэн хүн бороо оруулж, шуурга зогсоож, галд түлэгдэхгүй байх, ус, сүү хоёрыг нэг аяганд ялгах, хүнийг ховсдох, итгүүлэн үнэмшүүлэх гээд хүч чадлыг эзэмшдэг. Миний хувьд ховсын эмчилгээг хийдэг. Одоо цагт яагаад цаг агаар өөрчлөгдөж, ган зуд, өвчин зовлон, муу үйл тохиогоод байна гэхээр хүний оюун бодол муудаж, муу энерги хурааж  байгаагаас болж байна. Хүн гэдэг бие, хэл, сэтгэлийн ариун чанарыг эрхэмлэж, гурван хорыг тэвчиж, байгаль дэлхийтэйгээ ойр байж, өөрөө өөрийнхөө дотоод чанартаа нэвтэрч энергиэ нөхөн сэргээж байх хэрэгтэй.

-Дорнын анагаах ухаан дотроо монгол анагаах ухаан юугаараа онцлог вэ?

-Монголчууд уламжлалт анагаах ухааныг нэгдүгээрт Монгол орныхоо ургамал, газар зүй, цаг уурын онцлогт тохируулсан,  хоёрдугаарт монгол ёс заншлынхаа, уламжлал, сэтгэлгээнд зохицуулсан. Архангай аймгийн Далай-Чойнхор вангийн хошууны маарамба Лхүнрэгдандар түвдийн анагаах ухааны шүүмжийг бичиж байсан төдийгүй 18 дугаар зууны үед манай монгол маарамбууд анагаах ухааны ном судрыг түвдээс монгол хэл рүү орчуулахдаа монгол хөрс, сэтгэлгээ дээр тааруулж буулгаж байснаараа онцлог. 1990 оноос хойш эрдэмтэд судлаачид, эмч нарын бүтээлүүд кириллээр бичигдэж эхэлсэн.

-Зарим хүмүүс тан ууж, засал хийлгэснээрээ гам барих хэрэгтэй, гам алдахаар өвчин сэдэрдэг гээд л ярьдаг л даа?

- Хүний бие, хэл, сэтгэлийг ариусгаж, яснаас нь, дотоод мөн чанараас нь цэвэршүүлж, тунгалгийг нь гэрэлтүүлж, эрчим хүчний хүрдэнд нөлөөлж байгаа учир хүний бие нялхарч, илааршдаг. Хүний биеийн бүхий л сүв нээгддэг учир хөлөрнө, тамирдана. 14 хоног салхи, бороо, хүйтнээс өөрийгөө хамгаалж, ширүүн дасгал хөдөлгөөн хийхгүй байх, энгэр зөрүүлэхгүй байх, хоол ундаа тохируулах,  усанд орохгүй байх гээд олон гам барих ёстой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.90.87) 2019 оны 08 сарын 05

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
САЙН БАЙНА УУ БИ (59.153.112.167) 2019 оны 07 сарын 05

Үзүүлмээр байна утасаа өгөөч

1  |  0
Top