Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх саналаа илэрхийлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

УИХ-ын дарга Г.Занданшатар 165 тоот захирамж гарган, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019.07.05-ны өдрөөс 2019.09.01-ний өдрүүдэд зарлан хуралдуулах шийдвэр гаргаад байгаа.

Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон холбогдох хууль тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээс гадна “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайлан, үүнтэй холбогдуулан УИХ-аас гаргах шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл зэрэг зээл, санхүүжилттэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд буй. 

Харин УИХ-ын ээлжит бус чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үргэлжлүүлэн хийх юм.

Өнөөдөр буюу долоодугаар сарын 16-ны мягмар гарагийн 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа энэ үеэр илэрхийлэх юм. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн өдрийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Энэ долоо хоногийн лхагва, пүрэв, баасан гарагийн буюу долоодугаар сарын 17-19-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн хоёр дахь хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top