ЗИНДАА 2019.07.22 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

#1 ЗАЛГАМЖ ХАЛАА

Хорьдугаар зууны монголчуудын түүх гайхамшгаар дүүрэн. Хөдсөн дээл хөдөрсөн хөдөөгийн нүүдэлчид энэ зуунд хорвоо дэлхийн хөгжилтэй хөл нийлж, хүн төрөлхтөний зэрэгт хүрсэн юм. Саалийн зэлнээс сансарт хүртэл мөрөө гарган дэгжиж, шинжлэх ухаан, урлаг, спорт, утга зохиол, тэрэг техник... гээд бүхий л салбарт хүмүүсээ сурган бэлтгэж эхлэв. Гайхалтай нь монголчууд бид бусад улс үндэстэнтэй л ижил тархи оюунтай, билэг ухаантай, билгүүн авьяастай, хүч чадалтай, суу төгөлдөр үндэстэн гэдгээ мэдэрцгээсэн юм. Яг л унтаж байсан ХҮН сэрэх шиг... хорьдугаар зуун.

Төр нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухааны эрдэмтэд, урлаг, соёлын зүтгэлтнүүд, жүжигчид, дуучид, зохиолчид, хөгжмийн зохиолчид, бөхчүүд, тамирчид гээд алдар суу нь улс үндэстэндээ төдийгүй дэлхийн энд түгсэн олон монгол хүний нэрийг А-гаас Я хүртэл жагсаавал мөхөс миний мэдлэг хүрэхгүй бөгөөд чамгүй урт жагсаалт болно. Тэдний авьяас билгийнхээ үрээр бүтээж туурвисан нь хүн төрөлхтөний өвд тэнцэхүйц жинхэнэ бөгөөд үнэтэй, жинтэй... гэдгээрээ тэд од шиг гялалздаг. Хамгийн гол нь тэдний гараар бүтсэн бүхэн өнөөгийн биднийг өсгөн хүмүүжүүлсэн юм. Бидний соёл, боловсрол, мэдлэг, мэдрэхүйн эд эсийг тэд тэжээн тэтгэжээ. Тийм ч учраас бид агуу Б.Шаравыг агуу хэмээн үнэлж, араас нь эмгэнэн гашуудаж буй хэрэг.

...Ахиад Б.Шарав төрөх үү?! Энэ нь түүн шиг суу билэгтэн дахиж төрөх үү гэсэн асуулт юм. Хэдийгээр урлаг хувь хүний байгалийн өгөгдөл, хишгийг даган буй болдог шинж чанартай ч Шарав шиг авьяас билэгтэн нэг үндэстний дундаас нэг удаа төрж болсон бол хоёр дахиа, гурав дахиа ч төрж болно. Харин түүн шиг авьяас билэгтнийг олж нээж, боловсруулан бэлтгэдэг төрийн бодлогын залгамж өнөөдөр тасарсанд л учир бий юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ БҮРТГҮҮЛБЭЛ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛНА

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн ажил өнөөдрөөс (2019.07.22) эхэлж байна. 

“Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолын дагуу эл ажлыг Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ гүйцэж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр иргэдийг бүртгэх юм. Түрээсийн орон сууцны 30 хувийг нь энгийн түрээс, 30 хувийг нь таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэр, үлдсэн 40 хувийг нь түрээсийн орон сууц барих зориулалттай газар чөлөөлсөн иргэдэд олгохоор НИТХ-аас шийдвэр гарсан бөгөөд “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууц”-нд хамруулахаар журмыг мөн боловсруулан гаргажээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ХҮНИЙ ХУВЬД НЭГ ЖИЖИГ АЛХАМ, ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХУВЬД ТОМ ҮСРЭЛТ

Одоогоос 50 жилийн өмнө хүн төрөлхтний түүхэнд анх удаа хүний хөл саран дээр гишгэв. АНУ-ын сансар судлалын агентлаг буюу НАСА-гийн сансрын нислэгийн хөтөлбөр “Аполло” 1961 онд батлагджээ. Энэ хөтөлбөрийн гол зорилго хүнийг сар руу нисгэх явдал байв. Нисгэгчтэй сансрын хөлгийг сар руу хөөргөх анхны оролдлого 1967 онд болж, эмгэнэлээр дууссан. Туршилтын үеэр сансрын хөлөгт гал гарч, гурван сансрын нисэгч амиа алдсан. Нисгэгчтэй сансрын хөлгийн нислэг энэ явдлаас хойш нэг жилийн дараа болов. Анхандаа өмнө нь сарыг тойрон нисэж байсан Фрэнк Борман ахлагчтай өөр баг нисэх ёстой байсан. Гэвч тэрбээр сансарт дахин нисэхгүй гэсэн амлалтыг гэр бүлдээ өгсөн тул сар руу нисэхээс татгалзжээ. Энэ талаар тэрбээр 1969 оны нэгдүгээр сарын есний өдөр хэвлэлийн бага хурал дээр зарлаж байжээ. Мөн үеэр сар руу Нил Армстронг ахлагчтай Базз Олдрин, Майкл Коллинз сансрын нисэгчдээс бүрдсэн баг нисэх болсон тухай мэдээлжээ. Багийн бүх гишүүд туршлагатай туршигч, нисгэгчид байв. Армстронг АНУ-ын нисэх хүчинд үүрэг гүйцэтгэж байгаад тухайн үед НАСА агентлагт ажиллаж байв. Коллинз, Олдрин нар АНУ-ын нисэх хүчний офицерууд байжээ. Армстронг, Олдрин хоёр Солонгосын дайнд оролцож байжээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 УНААЧ ХҮҮ Ц.БАЯРБАТ: БИ ЧИНЬ ЭР ХҮН ШҮҮ ДЭЭ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар хурдан морины шүдлэн насны уралдаанд барианы зурхай дөхөх торгон агшинд бусдаасаа хол тасархай давхиж явсан халзан зээрд үрээ хадуурч бүдэрч билээ. Авхаалж самбаатай хүү, хүлэг хоёр бариа руу довтолгон давхиж, гуравт хурдалж уясан эзэн, хурсан олны зүрхийг огшоож, цөсийг хөөргөн, хайрыг булааж, халуун нулимс дуслуулсан билээ. Энэ наадмын чимэг, ирэх наадмын өнгө болсон хүү, хүлэг хоёртой Төв аймгийн зүлэг ногоон дэнж дээр Монгол Улсын Манлай уяач Т.Ихбаярын гал дээр учран золгов. 13 настай ч шавилхан биетэй, хэвлүүхэн яриатай, сэргэлэн хүүг Ц.Баярбат гэдэг.


-Сайхан наадав уу. Аав, ээжийг нь хэн гэдэг вэ?

-Сайхан. Манай ээжийг Золзаяа, аавыг Цэдэвжамц гэдэг.

-Аав, ээж нь хаана ажилладаг вэ?

-Хоёулаа Налайхад Тоосгоны үйлдвэрт ажилладаг.

-Ээж, ааваасаа хэдүүлээ билээ?

-Гурвуулаа. Нэг эгч, нэг дүүтэй.

-Хаана, ямар сургуульд сурдаг билээ?

-Налайхын “Эрдмийн оргил” сургуулийн зургаадугаар ангид сурдаг.

-Ямар хичээлдээ дуртай вэ?

-Математик.

-Морь унахаас өөр ямар авьяастай вэ?

-Урлагийн үзлэгээр монгол бүжиг бүжиглэж байсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ГАВЬЯАТ ТАМИРЧИН Д.ОТГОНДАЛАЙ МЭРГЭЖЛИЙН БОКСТ ШИЛЖИНЭ

“Рио 2016” наадмын хүрэл медальт, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Доржнямбуугийн Отгондалай мэргэжлийн бокст шилжиж магадгүй. Тэрбээр Н.Төгсцогтын менежер Эл Хэймонтой гэрээ байгуулах талаар ярилцаж байгаа ажээ. Гэхдээ энэ тухай шийд хараахан эцэслэгдээгүй байгаа бөгөөд Гавьяат тамирчин Д.Отгондалай  мэргэжлийн боксын IBO холбооны Дэлхийн аварга Н.Төгсцогтын хамт өчигдөр /2019.07.21/ АНУ-ыг зорьжээ. Хэрэв уулзалт, гэрээ амжилттай болбол тэрбээр энэ талаараа албан ёсны мэдээлэл өгнө гэлээ.  

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top