Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн ажил өнөөдрөөс эхэлж байна. (2019.07.22)
“Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолын дагуу эл ажлыг Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ гүйцэж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр иргэдийг бүртгэх юм.
Түрээсийн орон сууцны 30 хувийг нь энгийн түрээс, 30 хувийг нь таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэр, үлдсэн 40 хувийг нь түрээсийн орон сууц барих зориулалттай газар чөлөөлсөн иргэдэд олгохоор НИТХ-аас шийдвэр гарсан бөгөөд “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууц”-нд хамруулахаар журмыг мөн боловсруулан гаргажээ.
Бүртгэл 24 цагаар ажил, амралтын өдөр ялгахгүй явагдахаас гадна бүртгэлээ өмнө, хойно хийлгэсэн эсэх нь огтхон ч хамаарахгүй аж. Энэ талаар НОСК-ийн дарга Б.Сүхбаатар “Цахим бүртгэл NOSK.UB.GOV.MN гэсэн хаягаар явагдана. Хэрхэн бүртгүүлэх нь тодорхой байгаа. Үүнээс гадна бүртгэлийн журам гарсантай холбогдуулан сошл орчинд ихээхэн худлаа мэдээлэл явж байна. Өнөөдрийг хүртэл нэг ч айл албан ёсоор ороогүй. Бичиг баримтаа өгсөн асуудал ч байхгүй. Нийслэлийн орон сууцны комисс зөвхөн бүртгэлийн ажил хийнэ. Үүний дараа хуулийн байгууллагын төлөөлөл болон Нийслэлийн Засаг даргын дэргэхэд Орон сууцны комисс иргэдийг эрэмбэлэх, оруулах ажлыг хийнэ. Найман төрлийн иргэд хамрагдана. Тусгайлсан квот өгөх асуудал байхгүй. Багш хүн байлаа гэхэд тэтгэвэрт гарчихсан бол ахмад настаны ангилалд хамрагдах боломжтой. Залуу багш нар залуу гэр бүл ангилалд бүртгүүлж болно. Аль нэг байгууллага, мэргэжилд давуу эрх олгохгүй. Гэр хорооллын иргэд түлхүү хамрагдана. Улаанбаатар хотод оршин суудаг байх нь чухал. Иргэд яарч сандрах шаардлагагүй. 14 хоногийн хугацаа урт учраас дор бүрнээ ярилцаж байгаад аль ч өдөр бүртгүүлэх боломжтой” гэлээ.
Түрээсийн орон сууцны хувьд 68.59 м2 гурван өрөө, 39.30 м2 хоёр өрөө, 49.23 м2 хоёр өрөө гэсэн сонголттой ба түрээсийн үнийн хамгийн хямд нь 137 мянгаас 411 мянган төгрөг байхаар тогтоожээ. Харин түрээслээд өмчлөх байрны м.кв-ын үнэ нь 1.450.000 төгрөг байна. 30 хувиа төлөөд орсон иргэн хамгийн багадаа 284 мянган төгрөг сард төлөөд таван жилийн хугацаанд өмчилж авах боломж бүрджээ. Харин урьдчилгаа төлөхгүй бол сардаа 1.6 сая төгрөг төлөөд явсан тохиолдолд таван жилийн хугацаанд өмчлөх боломж бүрдэнэ.
“Буянт-Ухаа-2” хороололд баригдсан 972 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хэрхэн хамруулах мөн түрээсийн журмын талаар НОСК-ийн дарга Б.Сүхбаатараас зарим асуултад хариулт авсан юм.
-Түрээсийн орон сууцыг НОСК руу шилжүүлснээр арын хаалганы асуудал яригдаж эхэллээ. Ажилтан нь иргэнээс долоон сая төгрөг нэхсэн гэдэг нь үнэн үү?
-НОСК зөвхөн бүртгэл явуулна. Сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахгүй. НОСК-ийн нэр барьж залилан хийхийг оролдсон гэдэг мэдээлэл нэлээд хэд ирсэн. Албан ёсоор хэлэхэд манай ажилтан, албан хаагчид зөвхөн бүртгэл хийнэ. Квот авах ёстой, тэдэн квот гэдгийг арилгасан. Хуулийнхан ажиллаж байгаа. Манай ажилтан тийм зүйл гаргасан байвал шууд хууль хяналтын байгууллагад өгнө. Хариуцлага ярина. Төрийн албан хаагчид бүгд бүртгүүлэх боломжтой. Төрд ажилласан хугацаа, өрхийн ам бүлийн тоо, бага насны хүүхэд, гавьяа шагнал, нийгмийн даатгал төлсөн байдал, агаарын чанарын байдлаар нь ангилна. Төрийн албан хаагч гачигдалтай бол гэр бүлээрээ маш сайн ярилцаад, аль нэг ангилалд нь ороод бүртгүүлэх ёстой.
-Тэтгэврийн зээлтэй ахмадууд түрээсийн байранд орох боломжтой юу?
-Энгийн түрээсэнд орохоор бүртгүүлсэн тэтгэврийн зээлтэй иргэн түрээсээ төлж чадахаар байвал оруулна. Түрээсээ төлөх чадваргүй хэмжээнд банкны зээл төлдөг бол орж чадахгүй.
-Цахимаар бүртгүүлнэ гэсэн атлаа бичиг баримтууд шаардаад байх юм. Бичиг баримтыг нь биеэр хүргэж өгөх ёстой юм уу?
-Эхний ээлжинд цахимаар бүртгэл хийж байгаа. 20-30 мянган цаас бүрдүүлнэ гэдэг хэцүү. Цахимаар бүртгээд сонгон шалгаруулалт явуулна. Шаардлага хангаж байвал материал авч ир гэж нэхнэ. Орон сууцанд орох шаардлага хангалаа гэж үзвэл бичиг баримт нэхнэ гэсэн үг. Цахимаар бүртгүүлж байгаа иргэд худал юм уу, хуурамч мэдээлэл бүртгүүлсэн тохиолдолд хар жагсаалтад оруулна. Тиймээс 14 хоногийн хугацаанд маш сайн уншиж судалж, бүртгэлдээ хамрагдаарай. Цахим бүртгэл дээр цаас ерөөсөө хүсэхгүй. Ургийн овог, ам бүлийн тоо гэх мэтээр цаас шаардахгүй мэдээлэл нэхнэ. Өмнө нь нэг айлын дөрвөн хүн түрээсийн орон сууцанд орчихсон тохиолдол гарсан. Одоо Улаанбаатар хот түрээсийн орон сууцтай холбоотой өргөдлийг ганцхан цонхоор буюу НОСК л авна.
-Байр түрээсэлдэг иргэд орох боломжтой юу. Гэр хороолол гээд заачихаар орон байргүй хүмүүс яах вэ?
-Огт орон гэргүй, түрээсээр явж байгаа иргэд орох боломжтой. Энэ найман шаардлага дотор байгаа. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа аваад үзэхэд үл хөдлөх хөрөнгө байхгүй, тухайн оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байвал орох боломж бий.
-Нийгмийн даатгал хэдэн сараар төлсөн байх ёстой вэ?
-Жилээр нь тооцно. Гэхдээ нийгмийн даатгалыг гачигдалтай болон орон байргүй иргэдээс шаардахгүй.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913