“НОСК-ын албан хаагчдаас Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хүн байхгүй”

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Нийслэлийн орон сууцны корпорацаас  "Буянт-Ухаа2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл болон сонгон шалгаруулах явцын талаар өнөөдөр /2019.08.29/ мэдээлэл хийлээ.


“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨР АГААР, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ХАМГИЙН ЗӨВ АЖИЛ

Нийслэлийн орон сууцны корпорацын ерөнхий захирал Б.Сүхбаатар “Буянт Ухаа-2” 972 айлын орон сууцны бүртгэл явагдаж дууссан. Үүний дараагаар сонгон шалгаруулалтын комисс хуралдаж, эрэмбэлсэн. Өнгөрсөн долоо хоногт шалгарсан иргэдийн материалыг авч дууссан. Маргааш дахин комисс хуралдана.  Иргэдийн бүрдүүлсэн материалыг нягтална. Бүртгэл болон сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй. Ажил гацаж зогсоогүй. Төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Зарим нэг мэдээллийн сайт болон иргэд манай үйл ажиллагааг зогссон, НОСК-ийн албан хаагч нар авлигын хэрэгт холбогдсон гэх буруу ташаа мэдээлэл явж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна. Нийслэлийн орон сууцны корпорацын албан хаагчид дотроос Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээллийг жишээ болгож та бүхэнд танилцуулъя. Залуу гэр бүлийн хувьд 6-14 жил ажилласан иргэдийн материал, түрээслээд өмчлөхөд 12-16 жил ажилласан иргэдийн материал ирж байна. Цахим бүртгэлийн давуу тал нь олон иргэд өөрсдөө бүртгэлд хамрагдах боломжоор хангаж байна. Мөн сонгон шалгаруулалтад хамгийн шударгаар, хэн нэгний оролцоогүйгээр явагдаж байна. Хэрэв иргэд буруу бүртгүүлэх эсвэл албаар худал мэдээлэл өгвөл манай хар жагсаалтад орно. Сонгон шалгаруулалтад тэнцсэн зарим иргэд материалаа өгөхөөс татгалзсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр өөрсдөө мэдээллээ албаар буруу хийсэн байсан.

Төрийн албан хаагчдын хувьд энгийн түрээс дээр 25-45 жил ажилласан иргэдийн материал, түрээслээд өмчлөхөд 34-44 жил ажилласан иргэдийн материал ирсэн байх жишээтэй. Ахмад настны хувьд энгийн түрээс дээр 87-100 настай ахмадуудын материал ирсэн бол түрээслээд өмчлөхөд 91-102 настай ахмадууд орсон байна. Хэрэв 3000 орон сууц баригдвал 70-аас дээш настай бүх ахмад настан түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой гэдэг нь тоо баримтаар гарч ирсэн.

Бүртгэлд хамрагдсан иргэдийн 31 хувь нь Монгол гэр, есөн хувь нь нийтийн байр, 41 хувь нь амины орон сууц буюу инженерийн дэд бүтэцгүй байшинд амьдарч байна. 20 хувь нь сууц, чингэлэг болон амбаарт амьдарч байгаа бол бусад нь есөн хувь байна гэсэн үзүүлэлт гарсан. Үүнээс харахад түрээсийн орон сууцыг түлхүү явуулах шаардлагатай байна. Ингэх юм бол агаар, хөрсний бохирдлыг бууруулах хамгийн зөв ажил болох юм байна гэж харагдаж байна” хэмээн хэллээ.

МАРГААШ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС ДАХИН ХУРАЛДАНА

Нийслэлийн орон сууцны корпорацын дэд захирал С.Дорждэрэм "2019 оны долоо дугаар сарын 4-ний өдөр НИТХ-аар нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлуулан журмынхаа дагуу ажиллаж байна. Долоодугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл цахим бүртгэлийг нийслэлийн иргэдэд нээлттэйгээр явуулсан.

Энэхүү цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийт 35,058 иргэн бүртгэлд хамрагдсан. Эдгээрээс  580 айлд нь буюу 60 хувьд нь түрээсийн орон сууц оногдож байгаа. Үлдсэн 40 хувь буюу 390 орчим айл газар чөлөөлөлтөд хамрагдаж, түрээсийн орон сууцанд хамрагдах учиртай.

Бид бүхэн сонгон шалгаруулалтыг нээлттэй, журмын дагуу эрэмбэд заасан үзүүлэлт нэг бүрээр шударга явуулсан. Авлигатай тэмцэх газраас ирсэн зөвлөмжийн дагуу наймдугаар сарын 13-ны орой нийт иргэдийнхээ эрэмбийг олон нийтэд мэдээлсэн. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн цаасан материалыг наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан хүлээн авсан. Энэ долоо хоногт манай ажилтнууд цахим бүртгэл болон цаасаар ирсэн мэдээллийг хооронд нь харьцуулж, мэдээллийн үнэн зөв байдлыг нэг бүрчлэн шалган ажиллаж байна.

Маргааш орон сууцны зөвлөх комисс хуралдаж, хоёр асуудал шийднэ. Нэгдүгээрт эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн цаасан болон цахим материалыг харьцуулж мэдээлэл нь үнэн бодит байгаа иргэдийн материалыг эцэслэн батална. Баталсан иргэд цаашид НОСК-той гэрээгээ байгуулж, байр талбай, давхраа сонгох ажлууд хийгдэнэ. Хоёрдугаарт гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн материалыг шийдвэрлэнэ. Төлөвлөгөөний дагуу НОСК дээр ажил хэвийн явагдаж байна.

ЭХ СУРВАЛЖГҮЙ МЭДЭЭЛЭЛ ЦАЦСАН МЭДЭЭЛЛИЙН САЙТУУДАД ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ДАГУУ ХЭРЭГ ҮҮСГЭСЭН

Мөн тэрээр “Гэтэл сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр НОСК-аас зохион байгуулж байгаа түрээсийн орон сууцны бүртгэл, хуваарилалтын үйл ажиллагааг харлуулах гэсэн санаатай үйлдлүүд хэд хэд гарч байна. Жишээ нь, наймдугаар сарын 26-ны өглөө 24tsag.mn, Dardas.mn, Uptown.mn, News.mn гэх мэт сайтуудаар нийслэлийн орон сууцны корпорацын гурван ажилтан хоёр тэрбум төгрөг хүртэл авлига авч, шалгагдаж байна гэсэн огт үндэслэлгүй, эх сурвалжгүй мэдээллийг олон нийтэд хүргэж, олон нийтийг төөрөгдүүлсэн тул эдгээр сайтуудыг авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн хэлтэс болон бусад холбогдох байгууллагуудад зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, энэ асуудлыг шийдвэрлүүлэх албан хүсэлт өгсөн. НОСК-ийн ганц ч ажилтан авлигатай холбоотой хэргээр шалгагдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top