Түрээсийн орон сууц хуваарилах комиссын НЭРИЙГ НУУЦАЛНА

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 05

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт Ухаа-2” 972 айлын орон сууцад хамруулах цахим бүртгэл 2019 оны долоодугаар сарын 22-ны 17:00 цагт эхэлж, наймдугаар сарын 05-ны 00:00 цагт хаагдлаа.

Цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 


-Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах цахим бүртгэл дууслаа. Нийт хэдэн хүн бүртгүүлсэн бэ?

-Нийт 35058 иргэн цахим бүртгэлд хамрагдсан. Энгийн түрээсэнд 4264, түрээслээд өмчлөх хэлбэрээр 30794 хүн бүртгүүлсэн. Үүнээс харахад бүртгүүлсэн иргэдийн 87,8 хувь нь орон сууцаа түрээслээд өмчлөх хүсэлтэй байна. Бүртгүүлсэн иргэдээс сонгон шалгаруулалт хэзээ дуусах вэ? гэсэн асуулт их ирж байна. Үүнд тайлбар өгье. Энэ долоо хоногт сонгон шалгаруулалт дуусна. Гэхдээ бүр дууссан гэж ойлгож болохгүй. Иргэд материал бүрдүүлэхдээ алдаа гаргавал дараагийн хүнд боломж олгоно гэсэн үг. Энэ үед нь комисс дахин хуралдаж, асуудлыг шийднэ.

-Сонгон шалгаруулалт хэрхэн явагдах вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу есөн хүний бүрэлдэхүүнтэй “Орон сууц хуваарилах тусгай комисс” байгуулагдсан. Эдгээр хүмүүс хүсэлттэй танилцаж, эрэмбэлнэ. Түүний дараа найман ангилалд бүртгүүлсэн иргэдэд тэнцсэн, үгүйг нь утсаар мэдэгдэж, хариу өгнө. Тэнцсэн иргэд гурав хоногийн дотор материалаа бүрдүүлж, авчирч өгөх ёстой. Цахим бүртгэлд хувийн мэдээллээ худал мэдүүлж бүртгүүлсэн бол хар жагсаалтад орно. Ингээд эрэмбийн дагуу дараагийн хүнд нь боломж гаргаж өгнө гэсэн үг.

 -Яаж эрэмбэлэх вэ?

-“Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” шинэ журманд найман ангилал тус бүрдээ ямар үзүүлэлтийг харгалзан үзэх шалгуурыг нэг бүрчлэн тусгасан байгаа. Жишээлбэл, залуу гэр бүл гэсэн ангилалд ам бүлийн тоо, нийгмийн даатгал төлсөн жилээр, гэр хорооллын агаарын чанарын ямар бүсэд амьдардаг, хүүхдийн тоо зэргийг харгалзан үзэж эрэмбэлнэ.

-Цаг гаруй хүлээгээд зогсож байхад бүртгэлд ороогүй, 14 хоногийн хугацаатай байсныг нь мэдээгүй гэх иргэд олон байх шиг байна?

-Бид 14 хоногийн хугацаанд хэвлэл мэдээллээр хангалттай мэдээллийг өгсөн. Хугацаа товлоод, дүрэм журмын хүрээнд явахгүй бол цахим бүртгэлээс хоцорсон иргэдэд зориулж нээж, хаах боломж байхгүй.

-Цахим бүртгэлийг найман ангилалд хуваан явуулсан. Иргэд аль ангилалд нь ихээр бүртгүүлж байна вэ?

-Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон залуу гэр бүл гэсэн ангилалд хамгийн олон хүн бүртгүүлсэн байна. Дараагаар нь өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, төрийн албан хаагч гэсэн ангилалд олноор бүртгүүлж, хүсэлт ирүүлсэн.

-Цаашдаа жил бүр түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах уу?

-Түрээсийн орон сууцын бүртгэлийг хоёр жилд нэг удаа явуулах уу, гурван жилд нэг явуулах уу гэдгийг удахгүй шийдэж, тодорхой болгоно. 

 -Цахим бүртгэлд бүртгүүлж байгаа иргэд ихэвчлэн ямар алдаа гаргасан байв?

-Иргэд хувийн мэдээллээ бүртгүүлэхдээ олон алдаа гаргаж байсан. Жишээ нь, ам бүлийн тоогоо магадгүй тав гэх гэж байгаад 56 гэж бичсэн. Мөн зарим иргэдийн төрсөн он, сар, өдөр нь регистрийн дугаартай нь зөрөх гэх мэт алдаа нэлээд гарсан. 

-“Орон сууц хуваарилах тусгай комисс”-т ямар хүмүүс багтсаныг хэлж болох уу?

-Комиссын есөн гишүүний нэрийг олон нийтэд зарлах боломжгүй.


"Буянт-Ухаа 2" хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлд хамрагдсан 35,058 иргэнийг ангилбал, 
 

  • Залуу гэр бүл 4443 иргэн,
     
  • Төрийн албан хаагч 6542 иргэн,
     
  • Хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 9549 иргэн,
     
  • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл  960 иргэн,
     
  • Өрх толгойлсон эцэг, эх 3148,
     
  • Ахмад настан 7166,
     
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл 3134 иргэн бүртгүүлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top