-Бүртгэлд хамрагдсан 35 мянга 58 иргэнээс 582 хүнийг шалгаруулжээ-
Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт Ухаа-2 ” 972 айлын орон сууцад хамруулах цахим бүртгэл 14 хоногийн хугацаанд үргэлжилж энэ сарын 5-нд дууссан. Бүртгэлд 30794 иргэн орон сууцаа түрээслээд өмчлөх, 4264 иргэн энгийн түрээс хэлбэрээр хүсэлтээ өгч нийт 35058 иргэн хамрагдсан. Наймдугаар сарын 13-ны 22:30 минутад Нийслэлийн орон сууцны корпорацын сайтад цахим бүртгэлд тэнцсэн иргэдийн мэдээллийг байршуулсны дагуу өчигдөр манай сурвалжлах баг тус газрыг зорилоо.
Гадаа нь цахим бүртгэлд хамрагдсан боловч тэнцээгүй иргэдийн уурлаж бухимдсан, уйлж унжсан дүр зураг угтав. Эдгээр иргэдийн яриаг хуваалцвал, “Би өрх толгойлсон олон хүүхэдтэй”, “Би 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдчихсан хүүхдээ хардаг”, “Би бүхий л шалгуурыг хангасан байна” гэх мэтчилэн асуултуудыг ээлж дараалан тавихдаа “Яагаад тэнцээгүй байгаагаа ойлгохгүй байна”, “Худал, хуурмаг үйл ажиллагаа явж байна”, “Өрх толгойлсон эмэгтэйчүүддээ 15-хан квот өгч байгаа нь шударга бус байна” гэж байв. Харин зарим иргэд түрээслээд өмчлөх гэсэн ангилалд бүртгүүлсэн боловч энгийн түрээсийг бүртгэлд нэр нь байгааг асууж байсан бол зарим нь амжилттай бүртгүүлээд баталгаажуулах код авсан хэр нь тэнцсэнд ч тэр тэнцээгүйд ч нэр нь яагаад байхгүй байгаа тухай асуун оочир дараалал үүсгэсэн байв. “Түрээсийн орон сууц” хөтөлбөр байранд орох хүсэлтэй ч урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадахгүй байгаа гэр хорооллын иргэдийн хувьд том боломж. Тийм учраас иргэдийн дунд багагүй хүлээлтийг үүсгэсэн нь тодорхой.
Утааны улирал хаяанд ирлээ. Нийслэлд 380 мянган айл өрх инженерийн шугам сүлжээ, халуун хүйтэн усанд холбогдсон байр, орон сууцанд оршин сууж байгаа бол 220 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Эдгээр айл өрхийн дунд байранд орох хүсэлтэй ч урьдчилгаа цуглуулах боломжгүй олон гэр бүлийн 582 айл нь утаатай зуухнаасаа салж байгаа ч тэнцээгүй иргэдийг хараад сэтгэл эмтрэх шиг болов.
“Би 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдчихсан хүүхдээ хардаг, амьдралын боломж тааруу надад төр боломж өгч болохгүй юм уу” хэмээн Нийслэлийн орон сууцны корпорацын мэргэжилтэнд түрээсийн орон сууцанд багтаагүйдээ гомдон нулимс дуслуулан амьдралаа ярих эгчийг н.Жавзмаа гэдэг. Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж. 2016 онд түүний хоёр хүүхэд осолд орж 16-хан настай бага охиноо алдчихсан. Харин том охин нь 80 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Тэр үед яах учраа олохгүй явахдаа Улаанбаатар хот руу ирэх шийдвэр гаргажээ. Түүний охины бие сайжрахгүй байсаар таван сарын өмнө 100 хувийн хөдөлмөрийн чадваргүй болжээ. Тэрбээр асаргаа ихтэй хүнтэй хэцүүхэн нөхцөлд амьдарч байгаа миний хувьд түрээсийн орон сууц бол хамгийн том боломж минь байсан юм хэмээн уйлав. Учир нь н.Жавзмаа эгч Улаанбаатар хотод нүүж ирээд газар худалдан авч байшин барьсан цэвдэгтэй газар таарч өвөлдөө байшин нь тэс хөлдөж, зундаа усан хулгана болчихдог байна. Энэ бол түрээсийн орон сууцанд тэнцээгүй 34 мянга 476 хүний төлөөлөл. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу есөн хүний бүрэлдэхүүнтэй “Орон сууц хуваарилах тусгай комисс” иргэдийн хүсэлттэй танилцаж, эрэмбэлсэн. Эдгээр есөн хүний шийдвэрийг цайгаа өргөх нь өргөж, залбирах нь залбирч 35 мянга 58 иргэн хүлээсэн ч эдгээр иргэдийн 582 айл нь баяртай мэдээ дуулж “азтан” болов. Үүний түрээслээд өмчлөх орон сууцанд залуу гэр бүл ангилалд 58 иргэн, 18 хүртэлх дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл ангилалд 15 иргэн, өрх толгойлсон эцэг, эх ангилалд 15 иргэн, хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч ангилалд 58 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл ангилалд гурван иргэн, төрийн албан хаагч ангилалд 72 иргэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан ангилалд 42 иргэн бүртгүүлсэн бол энгийн түрээсийн орон сууцанд хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч ангилалд 58 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл ангилалд гурав, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан ангилалд 42 иргэн, 18 хүртэлх дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл ангилалд 15 иргэн, өрх толгойлсон эцэг, эх гэсэн ангилалд 15 иргэн тус тус тэнцсэн байна.
Нийслэлийн орон сууцны корпорацын дэд захирал С.Дорждэрэмээс дараах тодрууллаа.
-“Буянт Ухаа-2” 972 айлын орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалт дууслаа. Ямар байдлаар сонгон шалгаруулсан бэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу есөн хүний бүрэлдэхүүнтэй “Орон сууц хуваарилах тусгай комисс” байгуулагдсан. Эдгээр хүмүүс хүсэлттэй танилцаж, эрэмбэлсэн. Жишээлбэл, залуу гэр бүл гэсэн ангилалд ам бүлийн тоо, нийгмийн даатгал төлсөн жилээр, гэр хорооллын агаарын чанарын ямар бүсэд амьдардаг, хүүхдийн тоо зэргийг харгалзан үзэж эрэмбэлсэн. Түүний дараа найман ангилалд бүртгүүлсэн иргэдэд тэнцсэн, үгүйг нь утсаар мэдэгдэж, хариу өгсөн. 35058 иргэнээс 582 иргэн тэнцсэн. Үлдсэн 390 айлын орон сууцанд газар чөлөөлсөн иргэд суурьшиж байгаа.
-Тэнцсэн иргэд хэзээ материалаа бүрдүүлж өгөх вэ?
-Тэнцсэн иргэд тав хоногийн хугацаанд буюу энэ сарын 19-23-ны хооронд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний “Дүнжингарав” болон “Мишээл экспо” төвийн салбаруудад материалаа бүрдүүлж өгнө. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр авчирч өгөх ёстой. Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орно.
-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг жил бүр явуулах уу?
-Тэгнэ. Гэхдээ нэг жилд ганц удаа энэхүү хөтөлбөрийг явуулаад зогсооно гэсэн үг биш. Нийслэлд хэрэгжиж байгаа төслүүд дуусахад журмын дагуу буюу зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулаад явна гэсэн үг. Одоо нийслэлд хэд хэдэн газруудад төсөл хөтөлбөрүүд эхэлчихсэн явж байна. Шинээр эхлэх гэж байгаа төслүүд ч байна.
-35058 иргэнээс 582 иргэнийг сонгосон. Сонгон шалгаруулалт хэр нээлттэй явагдсан бэ?
- Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Төрийн бус байгууллагууд болон иргэдийг чөлөөтэй орж хөндлөнгийн хянагчаар суусан. Хуулийн байгууллагаас ч гэсэн хяналт тавьсан. Энэ удаагийн шалгаруулалт яг журмынхаа дагуу нээлттэй явуулсан. Үүн дээр 100 хувь бат итгэлтэй байж болно.
-“Буянт Ухаа-2” цогцолборын Улсын комисс хүлээж авсан уу?
-Аваагүй байгаа.
-Шалгаруулалтад тэнцсэн иргэд хэзээ байрандаа орох вэ?
-Ирэх долоо хоногт иргэдийн материалыг нь цаасаар авна. Цахим бүртгэлтэйгээ таарч байна уу гэдгийг нь нэг бүрчлэн тулгана. Ялангуяа иргэдийн төрд ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн хугацаа зэрэг зүйлүүд зөрөөд байдаг. Үүнийг нарийн нягт шалгана. Мэдээлэл нь нэг ч зөрүүгүй таарч байвал “Орон сууц хуваарилах тусгай комисс”-т мэдээллийг өгч асуулдалгүй иргэний материалыг баталгаажуулна.
ЗАСГИЙН ГАЗАР 2021 ОН ГЭХЭД 20 МЯНГАН АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ БАРИХ УУ?
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16 мянган айл, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцанд хамруулахаар төлөвлөсөн. Хэрвээ үүний дагуу бүтээн байгуулалт өрнүүлнэ гэвэл жилд 4-5 мянган айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулна гэсэн үг. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилт дуусахад нэг жилийн хугацаа үлдээд байхад дөнгөж 10 хувьд нь л хүрч байгаа нь Засгийн газраас 2020 он гэхэд 20 мянган айлын түрээсийн орон сууц барина хэмээн төлөвлөгдөөгүй тоо хэлсэн нь илт байна.
Та түрээсийн орон сууцны шалгаруулалтад тэнцсэн эсэхээ ЭНД дарж шалгаарай.
Сэтгэгдэл ( 2 )
Yachij bodson ergeed toloh chadbargui irgeded yu gj uls zugeer bair ogoh bee dee
nice