"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар өнөөдөр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл гараагүй. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийсэн. Маргааш орон сууцны комисс хуралдана. Сонгон шалгаруулалт нэг долоо хоногийн турш явагдана. Сонгон шалгаруулах комиссын дэргэд хууль хяналтын байгууллага давхар ажиллаж байгаа учраас гадны ямар нэгэн нөлөө орох боломжгүй” гэлээ.
Цахим бүртгэлд нийт 35.058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс:
1.Залуу гэр бүл гэсэн ангилалд -4443 иргэн
2.Төрийн албан хаагч гэсэн ангилалд-6542 иргэн
Нийслэлийн Орон сууцны корпораци нь зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтын ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс зохион байгуулах юм байна. Орон сууцны комисс эхний ээлжинд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмбэлэх бөгөөд шалгарсан иргэд ажлын гурав хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгөх аж. Үүний дараа ирүүлсэн нэмэлт материалд нөхцөл байдлын дүгнэлт хийх ажил явагдаж, шаардлага хангасан иргэнд НОСК-оос орон сууцанд хамрагдах батламж гардуулан өгч гэрээ байгуулан байранд оруулах юм байна.
Харин анкетын мэдээлэл зөрсөн болон санаатайгаар худал мэдээлэл бөглөсөн иргэд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болно.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )