Одоогоос 50 жилийн өмнө хүн төрөлхтний түүхэнд анх удаа хүний хөл саран дээр гишгэв. АНУ-ын сансар судлалын агентлаг буюу НАСА-гийн сансрын нислэгийн хөтөлбөр “Аполло” 1961 онд батлагджээ. Энэ хөтөлбөрийн гол зорилго хүнийг сар руу нисгэх явдал байв. Нисгэгчтэй сансрын хөлгийг сар руу хөөргөх анхны оролдлого 1967 онд болж, эмгэнэлээр дууссан. Туршилтын үеэр сансрын хөлөгт гал гарч, гурван сансрын нисэгч амиа алдсан. Нисгэгчтэй сансрын хөлгийн нислэг энэ явдлаас хойш нэг жилийн дараа болов. Анхандаа өмнө нь сарыг тойрон нисэж байсан Фрэнк Борман ахлагчтай өөр баг нисэх ёстой байсан. Гэвч тэрбээр сансарт дахин нисэхгүй гэсэн амлалтыг гэр бүлдээ өгсөн тул сар руу нисэхээс татгалзжээ. Энэ талаар тэрбээр 1969 оны нэгдүгээр сарын есний өдөр хэвлэлийн бага хурал дээр зарлаж байжээ. Мөн үеэр сар руу Нил Армстронг ахлагчтай Базз Олдрин, Майкл Коллинз сансрын нисэгчдээс бүрдсэн баг нисэх болсон тухай мэдээлжээ. Багийн бүх гишүүд туршлагатай туршигч, нисгэгчид байв.
Армстронг АНУ-ын нисэх хүчинд үүрэг гүйцэтгэж байгаад тухайн үед НАСА агентлагт ажиллаж байв. Коллинз, Олдрин нар АНУ-ын нисэх хүчний офицерууд байжээ. Армстронг, Олдрин хоёр Солонгосын дайнд оролцож байжээ.
Тэд сарны Mare Tranquillitatis буюу Амгалан тэнгисийн баруун талд бууж, сарны хөрсний дээж авах, саран дээр эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж суурилуулах, хөлөг болон саран дээр телевизийн бичлэг хийх даалгавартай ниссэн. “Аполло-11” хөлөг 1969 оны долоодугаар сарын 16-ны өдөр хөөрөв. Түүхэн үйл явдлын гэрч болохоор Канаверал тохой орчим сая гаруй хүн, 300 мянга орчим машин цугларсан аж.
Үйл явдлыг дэлхийн 33 орны телевиз шууд дамжуулан үзүүлжээ. Хөөрснөөс хойш 76 цагийн дараа хөлөг сарны тойрогт орсон байна. 1969 оны долоодугаар сарын 21-нд Армстронгийн оргил цаг ирлээ. “Аполло-11” хөлгийн багийн ахлагчийн хувьд тэрээр сарны гадаргуу дээр анх удаа хөл тавьж, түүхэнд бичигдэх алдартай үгээ хэлсэн юм. “Энэ бол хүний хувьд нэг жижиг алхам бол хүн төрөлхтний хувьд том үсрэлт” гэв. Арван таван минутын дараа Олдрин гарч ирж, Армстронгтой нэгджээ. Сансрын нисэгчид сарнаас АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсонтой холбоо барьж, газрын гадаргуун гэрэл зургийг авч, газрын чичирхийлэл хэмжих болон лазер туяаг ойлгох төхөөрөмж суурилуулж, сарны хөрсний дээжээс авчээ. Олдрин сарны гадаргуу дээр 1.5 цаг, Армстронг 2.5 цаг болсон байна. Сансрын нисэгчид сарны гадаргуу дээр “Дэлхий гарагийн хүмүүс энд анх удаа саран дээр хөл тавилаа. Шинэ эриний 1969 оны долоодугаар сар. Хүн төрөлхтний нэрийн өмнөөс энд бид энх тайвныг өвөрлөн ирсэн” гэх бичиг, дэлхийн бөмбөрцгийн зураг бүхий самбар байрлуулжээ. Эл бичгийн доор “Аполло-11” хөлгийн багийн гурван гишүүн, ерөнхийлөгч Никсоны гарын үсгийг сийлсэн байна.
Сарнаас дэлхий рүү буцах зам саадгүй, нислэг амжилттай болж, 1969 оны долоодугаар сарын 24-ний өдөр “Аполло-11” хөлөг Номхон далайд амжилттай буужээ. Сансрын нисэгчдийг сансрын хөлгөөс гаргах ажиллагаа маш болгоомжтой явагджээ. Эхлээд усанд шумбагчдын тусгай баг сансрын хөлгийн хаалгыг ариутгалын бодисоор арчиж, сансрын нисэгчдэд шинэ скафандр өгсөн байна. Сансрын нисэгчид шинэ скафандр өмссөний дараа тэднийг хийлдэг завинд суулгасан байна. Сүүлд тэднийг нисдэг тэрэгний тусламжтайгаар “Хорнет” тээврийн онгоц дахь карантины фургонд суулгажээ. Мэргэжилтнүүд сансрын нисэгчдийг даган сарны бичил биетүүд дэлхийд орж ирсэн байж болзошгүй хэмээн болгоомжилж байсан гэнэ. Сансрын нисэгчид карантины хорионд байж, амралтаа өнгөрүүлсний дараа 1969 оны наймдугаар сарын 13-нд Нью Йорк, Чикаго болон Лос Анжелес хотуудад тэднийг хүндэтгэлтэйгээр угтах ёслолын арга хэмжээг зохион байгуулсан байна.
Саран дээр Армстронг тэргүүтэй сансрын нисэгчид үнэхээр хөл тавьсан уу гэдэг асуулт энэ үйл явдлыг 50 жилийн турш дагаж ирсэн. Washington Post сонинд бичсэнээр “сарны нууц” бол нууц хуйвалдааны сонгодог онол юм. Харин саран дээр хүн буусан үйл явдлыг зохиосон гэдэгт судалгаанд оролцсон иргэдийн 5-6 хувь нь л итгэдэг. НАСА агентлагийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Аллард Бютел энэ асуултад хариулахдаа 1969-1972 онуудад НАСА агентлагийн нийт 12 сансрын нисэгчийг саран дээр буусныг гэрчлэх олон тооны нотлох баримтууд байдаг гэж мэдэгдэж байв. Түүний хэлснээр, НАСА агентлагт нийт 382 кг сарны чулуу хадгалагдаж байдаг. Эдгээрийг дэлхийн олон орны эрдэмтэд судалж байжээ. Гэсэн хэдий ч эдгээр нотлох баримтууд хуйвалдааны онолд итгэгчдийг итгүүлэхэд хангалттай бус. “Сарны нууц” гэх тодотголтой хуйвалдааны онол мөнхийн оньсого хэвээр үлдсээр.
Хүн төрөлхтний хувьд том үсрэлт болсон үйл явдлын оньсыг дараах байдлаар тайлбарласан байдаг.
ГЭРЭЛ
Эргэлзэх шалтаг: Нар бол саран дээр авсан гэрэл зураг дээрх цорын ганц гэрлийн эх үүсвэр. Тиймээс, сүүдэрт буй аливаа зүйл хар байх учиртай. Гэвч гэрэл зургууд дээр сүүдэрт байрлаж буй объектууд нүдэнд тод харагддаг. Тэгэхээр кадрын ард нэмэлт гэрэлтүүлэгч хэрэгслүүд байрлуулсан гэсэн үг.
Тайлбар: Сүүдэрт буй объектуудыг харахын тулд үнэхээр гэрлийн нэмэлт эх үүсвэр хэрэгтэй. Гэхдээ энд гэрэлтүүлэгч хэрэгслүүд ямар ч хамаагүй. Учир нь гэрэл зураг дээрх нар гэрлийн цорын ганц эх үүсвэр биш. Нарны туяа сарны гадаргууд ойж, тал тал тийш сарниж, сүүдэрт буй объектуудыг гэрэлтүүлдэг. Тиймээс бидэнд тод харагддаг байна.
ОДГҮЙ ТЭНГЭР
Эргэлзэх шалтаг: “Аполло” багийн гишүүдийн авсан ганц ч гэрэл зураг, дүрс бичлэгт одод харагддаггүй. Гэтэл агаар мандал үгүй орчинд одод нарнаас ч илүү тод гэрэлтэх ёстой. Тиймээс гэрэл зураг бодит бус.
Тайлбар: Камерын хөшиг хаагдах хурд буюу shutter speed-тэй холбоотой. Энэ хурд өндөр байсан бол одод маш тод харагдаж, харин сансрын нисэгчид өөрсдөө харагдахгүй байх байсан. “Аполло” хөлгийн багийнхан сарны гэрэлтэй гадаргуу дээр тас харанхуй тэнгэрийн фонтой нөхцөлд гэрэл зураг авсан. Камерын объектив хаагдах хугацаа богино тул тод гэрэлтүүлсэн объектууд сайн харагдаж, оддыг харах боломж олгоогүй. 2011 онд Олон улсын сансрын станцаас салж буй “Союз” хөлгөөс авсан станцын гэрэл зураг мөн ийм дүрслэлтэй байдаг.
ТОГОО, ТООС ХААЧИВ?
Эргэлзэх шалтаг: Сансрын хөлөг сарны нунтаг хөрс дээр буухдаа доргилтын тогоог үүсгэх ёстой. Гэтэл гэрэл зураг дээр хөлгийн доор ямар ч хонхорхой харагддаггүй. Түүнээс гадна доргилтын нөлөөнд боссон тоос хөлгийн тулгуур хөл дээр буух ёстой. Гэтэл байдаггүй.
Тайлбар: Сарны таталцлын хүч дэлхийнхээс зургаа дахин бага учир доргилтын хүч хамаагүй бага байдаг. Хөлөг газардахдаа 15 м/с хурдаар буусан тул сансрын нисэгчид хүртэл өөрсдөө гадаргуу дээр хэзээ бууснаа ойлгоогүй байна. Аливаа доргилтын нөлөөнд боссон тоос тал тал тийш бужигнадгийг бид мэднэ. Дэлхий дээр агаарын урсгал тоосыг тараадаг бол сар агаар мандалгүй. Тиймээс сарны тоос буюу хөрсний дээд давхарга хөлгийн тулгуур хөл хүрсэн эсвэл тийрэлтэт хөдөлгүүрээс гарах хий хүрсэн газар л бужигнана гэсэн үг.
НАМИРЧ БУЙ ТУГ
Эргэлзэх шалтаг: Сансрын нисэгч Базз Олдрины саран дээр хатгасан АНУ-ын туг салхитайд юм шиг намирдаг. Гэтэл саран дээр агаар байдаггүй тул салхи ч байхгүй. Тиймээс гэрэл зургийг дэлхий дээр авсан гэх.
Тайлбар: Саран дээр үнэхээр агаар үгүй. Тиймээс тугийн дээд эрмэгийг хөндлөн гол төмрөөр тогтоосон байдаг. Эс бөгөөс туг тэр даруй унжина. Гол төмөр нь эвхэгддэг байсан бөгөөд сансрын нисэгчид бүрэн тэнийлгэж чадаагүй. Тиймээс туг намирч буй юм шиг харагддаг ч НАСА агентлагийн дүрс бичлэг дээр туг сансрын нисэгчид хүрэхэд л хөдөлгөөнд орж буй нь тод бичигдсэн байдаг.
ХӨРСНИЙ ДЭЭЖ
Эргэлзэх шалтаг: Сансрын нисэгчид саран дээр буусныхаа гэрч болгон авчирсан дэлхийн бус гаралтай чулуулгийн хэлтэрхийнүүдийг заавал сарнаас авчирсан байх ёсгүй. Дэлхий рүү өөрсдөө бууж ирсэн солирыг Өмнөд Туйлаас авчрах боломжтой.
Тайлбар: Өмнөд Туйлд сансрын биетийн асар хүчтэй цохилтод сарнаас хэлтэрч, дэлхий рүү бууж ирсэн бага хэмжээний чулууны хэлтэрхийнүүд үнэхээр олддог. Гэхдээ тийм ч их биш. Харин сансрын нисэгчид дэлхий рүү зургаан удаагийн нислэгээр нийт 382 кг жинтэй хөрсний дээжийг сарнаас авчирсан байдаг. Эдгээр чулууг АНУ-ын төдийгүй, Оросын, Японы, Хятадын эрдэмтэд судалж байжээ. Хуурамч эсэхийг нь тэд төвөггүй тогтоох байсан бөгөөд Өмнөд Туйлд олдож байсан дээжтэй бүтцийн хувьд ижил гэдгийг тогтоосон. Энд гэхдээ нэгэн чухал ялгаа бий. Солир дэлхийн нягт агаар мандал руу нэвтрэхдээ үрэлтийн нөлөөгөөр хайлдаг. НАСА агентлагийн сансрын нисэгчдийн авчирсан чулуун дээр ийм ул мөр байдаггүй. Тиймээс эдгээр чулуу сайн дураар дэлхий рүү ирээгүй нь тодорхой юм.
Сэтгэгдэл ( 3 )
ergelzeenuud unen.dalbaa hiiseh uu????????? 2024 ond l hun saran deer jinheneesee buuh baih.........
ergelzeenuud unen.dalbaa hiiseh uu????????? 2024 ond l hun saran deer jinheneesee buuh baih.........
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913