Гэдэсний халдварын эх сурвалж өнөөг хүртэл тодорхойгүй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Esherichia coli /E.coli/ гэдэсний халдварт нянгийн эх сурвалжийг тогтоох гэсэн эрдэмтдийн оролдлого хараахан амжилт олоогүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Германд эхэлж бүртгэгдээд, Европын 12 улсад тархаж, АНУ-д хүртэл бүртгэгдсэн гэдэсний өвчин зургадугаар сарын 4-ний байдлаар 20 хүний аминд хүрч, 2000 гаруй хүн халдвар авсан нь тогтоогджээ. Е.сoli нян нь ДЭМБ-ын мэдээлснээр, хүн болон халуун цуст амьтны гэдсэнд байнга байдаг. Ийм төрлийн нянгийн дийлэнх нь аюулгүй, харин зарим нэг нь хүнснээс гаралтай хүнд өвчин үүсгэж болзошгүй ажээ. Европын өвчлөлд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр Е.coli нянгийн 0104:Н4 төрөл энэ удаа хүмүүсийг олноороо өвдөхөд хүргэж байна. Ийм нян Германы долоо, Данийн хоёр өвчтөнөөс илэрчээ. Халдварын эх сурвалж өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч, нянгийн халдвар авсан хүнснээс өвчин тархаж байна гэсэн таамаг дэвшүүлж байна. Түүхий сүү, эсвэл мах өвчин тараагч болох шинж тэмдэг байхгүй байгаа аж. Урьд нь өвчин тээгч нь Испанийн өргөст хэмхийг гэж үзэж байсныг шинжилгээ хийсний дараа няцаасан билээ. Хүмүүсийг үхэлд хүргэж буй нянгийн халдвар авсан тохиолдолд цусаар суулгах, халуурах болон огих зэрэг шинж тэмдэг илэрч байна. Өвчтөнүүдийн дийлэнх нь 10 хоногийн дотор эрүүл болж байгаа ч цөөн тооны өвчтөн буюу бага насны хүүхдүүд болон өндөр настнуудад өвчин амь насанд халтай хүнд хэлбэрт шилжиж болзошгүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top