ТОЙМ: Энэтхэг ЭМХ ЗАМБАРААГҮЙ байдлаас болгоомжилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

Кашмир мужийн өөртөө засах эрхийг нь цуцлахын өмнө Энэтхэг улс аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгаж эхэлжээ. Тус улсын захиргаанд байдаг Кашмир болон Жамму мужийн өөртөө засах онцгой эрхийг цуцлахаар төлөвлөж буйгаа Энэтхэгийн Засгийн газар энэ сарын 5-нд зарласан билээ. 1947 онд Энэтхэг, Пакистан улс хуваагдсаны дараа Кашмирын бүс нутаг хэсэгчлэн Энэтхэгийн захиргаанд оржээ. Гэхдээ хоёр улс хоёулаа Кашмирыг өөрийн газар нутаг гэж үзэж, маргасаар ирсэн байна.

Энэтхэг, Пакистан улс өнгөрсөн хугацаанд Кашмирт хоёр удаа дайн хийж байв. Тус мужид салан тусгаарлах тэмцэл тасардаггүй. Тэгвэл Энэтхэг улс Кашмирын өөртөө засах эрхийг цуцалснаар хоёр улсын зөрчил улам хурцадна гэсэн болгоомжлол байна. 30 жилийн дотор Пакистанд нэгдэхийг хүссэн бослого үймээн олон удаа дэгдэж, олон хүний амь үрэгдэж байсан Кашмирын статусыг өөрчлөх саналыг Энэтхэгийн дотоод хэргийн сайд Амит Шах парламентдаа өргөн барьсан. Одоогийн заалтаар өөрийн үндсэн хуультай байх эрх эдэлдэг, гадаад харилцаа, батлан хамгаалах үйл ажиллагааг нь Энэтхэгийн засгийн газар хариуцдаг Кашмир муж нь Шинэ Делигийн шууд захиргаанд орох гэж байна.

Энэтхэгийн Засгийн газар дээрх шийдвэрийг гаргахаасаа өмнө Кашмир мужаас гадаадын жуулчид, мөргөлчдийг гаргаж, гар утас, интернэтийн сүлжээг нь хязгаарлаж эхэлжээ. Мөн мужийн онцгой статусын талаар заасан үндсэн хуулийн хэсгийг хүчингүй болгосон байна. Ийнхүү эмх замбараагүй байдал гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тал бүрээр авч байгаа аж.

Дэлхийн хамгийн аюултай бүс нутгуудын нэг

Кашмирыг дэлхийн хамгийн аюултай бүс нутгуудын нэгээр нэрлэдэг. Кашмирын засаг захиргааны тэргүүн асан хоёр улстөрчийг гэрийн хорионд оруулаад байгаа аж. Пакистаны талаас Энэтхэгийн засаг захиргааны шийдвэр бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байгааг анхааруулсан байна. Түүнчлэн Энэтхэгийн сөрөг хүчнийхэн Кашмирын өөртөө засах эрхийг цуцалбал тус улс эзлэн түрэмгийлэгч орон болно гэв. Парламентын доод танхимын гишүүдийн 370 нь Кашмирын статусыг өөрчлөхийг дэмжсэн бол 70 нь эсэргүүцжээ.

Кашмир мужийг төв Засгийн газрын шууд захиргаанд оруулах нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй үндсэрхэг үзэлтнүүдийн сонгуулийн амлалт байв. Тэд Кашмирын удирдлагыг Энэтхэгийн Засгийн газраас томилж, бусад бүс нутгийн иргэд Кашмирт хөрөнгө эзэмших, ажил хийх боломжтой болгохыг хүсчээ. Харин Пакистаны эрх баригчид Энэтхэгийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

Пакистан олон улсын шүүхээр шалгуулна гэв

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Кашмирын онцгой эрхийг өөрчлөх асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлж, Олон улсын шүүхээр шалгуулах боломжийн талаар судлахаа мэдэгдлээ.

“Нарендра Модигийн эрх баригч намын бодлого нь Энэтхэгээс муслим хүн амыг цэвэрлэхэд чиглэж байна” гэж тэрбээр хатуу шүүмжлэв. Мөн Пакистаны арми Кашмир мужийн оршин суугчдыг хамгаалахад бэлэн байгаа талаар тус улсын Хуурай замын цэргийн штабын дарга, генерал Камар Жавед Бажва мэдэгджээ.

Арми өндөржүүлсэн бэлэн байдалд байна

Энэтхэг Жамму, Кашмир мужийн онцгой статусыг өөрчилснөөр хөрш Пакистанаас огцом хариу үйлдэл үзүүлэхэд хүрсэн гэж шинжээчид өгүүлжээ. Маргаантай газар нутагт нөхцөл байдал улам хурцдахыг үгүйсгэхгүй гэж тэд дүгнэж байна. Энэтхэгийн арми, нисэх хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа аж.

Энэтхэг нь одоо 29 муж, долоон холбооны газар нутагтай. Жамму болон Кашмир мужийг Ерөнхийлөгч тэргүүлдэг бол бусад мужийг захирагч нь удирдана. Шинэ Дели одоо Кашмирийн 60 хувийг хянадаг. Тус мужид хамгийн сүүлд энэ оны эхээр нөхцөл байдал ээлжит удаагаа хурцаджээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Пулвама хотод амиа золиослогч террористууд 45 энэтхэг цэргийн аминд хүрсэн байна. Халдлагын хариуцлагыг исламын “Мухаммадын арми” бүлэглэл хүлээжээ. Тус бүлэглэл Пакистанд байдаг аж. Нарендра Моди Исламабадыг террорист ажиллагаанд буруутгасан байна. Хоёрдугаар сарын 26-нд Энэтхэгийн онгоцнууд исламистуудын дэд бүтцэд цохилт өгсний хариуд Пакистаны сөнөөгч онгоцнууд Энэтхэгийн цэргийн объектуудын дээгүүр нисэж, тэднийг сүрдүүлжээ. Тэр өдөр хоёр улсын цэргийн агаарын хүчний хооронд байлдаан болж, Энэтхэг улс хоёр онгоцоо алдав. Пакистан улс энэтхэгийн агаарын цэргийн командлагч нарын нэгийг нь олзолжээ. Гэхдээ хоёр талын мөргөлдөөн хурцадмал байдалд хүрээгүй. Олзны хүнийг Шинэ Дели рүү шилжүүлж, гуравдугаар сарын 5-нд Пакистаны Гадаад хэргийн сайд хурцадмал байдал намжсан талаар мэдэгдэв.

Нэг талын алхам

Одоогоор Кашмирд Энэтхэгийн 8000 цэргийг оруулах ажиллагаа эхэлжээ. Аюулгүй байдлын албаныхан Кашмирын Ерөнхий сайд асан Мехбооба Муфти (2016-2018), Омар Абдулла (2009–2015) нарыг саатуулсан байна. Жамму, Кашмирын ард түмний чуулганы удирдагч Саджада Лонег гэрийн хорионд оруулжээ. Кашмир дахь аюулгүй байдлын хүчнийхний тоо нэмэгдэж, Энэтхэгт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлэл үнэн байх магадлалтай гэж ажиглагчид дүгнэж байна. Шинэ Дели нь үймээн самуун, өдөөн хатгалга, тагнуулаас айж байгаа аж.

“Энэтхэгийн Засгийн газрын авсан нэг талын алхам нь нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй аж. Пакистан уг хууль бус алхмын эсрэг бүхий л аргаар тэмцэнэ” гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top