Арьс үндсээр алагчлах хэлбэрийг устгах хороонд тайлан хүргүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болсон НҮБ-ын Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны 99 дүгээр чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын ажлын хэрэгжилтийн тайланг амжилттай хэлэлцүүлсэн байна.

Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1965 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр баталж, 1969 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон билээ.

Монгол Улс Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцид 1969 онд нэгдэн орж Конвенцийн хэрэгжилтийн тайланг хоёр жил тутамд гарган хороонд хүргүүлж байх үүрэг хүлээжээ. Иймд энэ удаагийн тайланг 2018 онд тогтоосон хугацаанд НҮБ-ын гэрээний хороонд хүргүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан Засгийн газрын ээлжит тайланг хэлэлцүүлэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн тэргүүлж, бүрэлдэхүүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Цагдаагийн ерөнхий газраас тус тус төлөөлөл оролцсон байна. Төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, хуралдааны үеэр тус конвенцийн хорооны дарга, гишүүдийн зүгээс тавьсан 84 асуултад хариулж, нэмэлт зарим асуултын хариуг 48 цагийн дотор холбогдох журмын дагуу бичгээр хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top