...Явуут дундаа будаг шунхаа сэргээхээр толио гарган хартал өөдөөс нь дүрлэгэр алаг нүдтэй хар халзан хүүхэн...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

 

Боролзой

Дулмааг яарч сандачсаар гэртээ иртэл гал хөс ч үгүй гэр нь зэвхий дааж охин нь эцгийнхээ орон дээр өөрийнхөө дээлийг өрөөлдөн нөмрөөд хачин ихээр халууран дагжин чичирч хэвтлээ. Дулмаа:

-Бурхан минь! Охин минь өвдчихөө юу? Яанаа? гэж уулгалаад тэврэн автал өрөөлдөж хучсан дээлнээс нь можгорхон хөл нь бултасхийн ил гарлаа.

-Хүүе, миний охин томхон дээл юм уу хөнжлөө нөмрөхгүй яасан юм бэ?

Охин хариуд нь нэг их том харснаа үл ялиг өлөн хир суусан балцгар хоёр хөлөөрөө дээлийнхээ хормойг сурмаг гэгч нь тулмайдан нугдас хийн дээлэндээ хярлаа. Дулмаад хэлэх үг ч олдсонгүй. Шалавхан босож зуухныхаа өмнө сөхрөн суугаад нүднээсээ өөрийн эрхгүй урсах нулимсаа гараараа шудраад галаа асаалаа.

-  Охин нь цээжээ түнхэлзүүлэн зовиуртайгаар ойр ойрхон амьсгалж дээлийнхээ доогуур нүдээ гялалзуулан эхийгээ дагуулан харсаар!Охин халууны шил хагарам халуурчээ. Эм өгөөд ч буурдаггүй. Эмч дуудмаар байдаг. Ядаж хүн орж ирэхгүй юм.Дулмаа өөрийнхөө бодлоос айлаа. Би хань мөрөөслөө гэж үү? Үгүй үгүй охин минь л байхад боллоо. Харин халууныг нь яаж буулгах вэ?Эхтэй хүн үхдэггүй гэдэг. Усаа өгье байз!

-Миний охин рашаан хүртэх үү? Охин омголтожхатсан уруулаа шилэмдэж өндийгөөд эхийнхээ усыг нэг амьсгаагаар залгилчихлаа.Ээ ашгүй охин нойрслоо. Гэвч байн байн үнэгчилнэ. Дав дув хийн цочин сэрнэ.Дулмаа арга ядахдаа охиноо боролзооллоо. Санаа дагаад ч тэр юм уу? Охин нь айван тайван сайхан нойрслоо. Маргааш өглөө охин эв эрүүл цовоо цойлгон сэрлээ.Дэвхэрч цовхорч инээж ханиаж яваад толинд гэнэт өөрийгөө харснаа:

-Хүүе ээж ээ? Миний хамар яагаад хөөтэй болчихсон юм бол?

-Ээж нь хөөдсөн юм аа. Миний охин бүр хол, ирэхгүй явчих гээд байсан.

-Аа хөөдвөл хол явдаггүй юм уу?

-Тийм ээ.

-Хурдан ирдэг юм уу?

-Тийм ээ.

Дулмаа эртэч болжмор мэт шулганан жиргэх охиныхоо дуунд бүүвэйлэгдэн дуг хийжээ. Адтайгаар час, час инээх чимээнээр сэрээд ганцхан шөнийн нойр даалгүй унтсан өөрийгөө зэмлэж, охиноо энхрийлж үнсээд даарч хөрч, гадуур тэнэхгүй байхыг хичээнгүйлэн захиад ажилдаа явахаар өндийлөө.Охин өдөр бүхэн хэлж хоцордог "Хурдан ирээрэй" гэдэг үгээ хэлээгүй өнжсөнийг ажилдаа яарсан Дулмаа огт анзаарсангүй.

Явуут дундаа будаг шунхаа сэргээхээр толио гарган хартал өөдөөс нь дүрлэгэр алаг нүдтэй хар халзан хүүхэн гайхан харж байлаа.

Пөөх яана аа! гэж уулга алдаад уурлаж ичсэндээ мэнчийн улайж гэртээ харайн ороод хашгачин загнах гэтэл охин нь:

-Үнэн байна. Ээж хурдан ирлээ шүү. Одоо тэгвэл аавыг хэмээн баярлан хашгираад бурхан болооч эцгийнхээ зургийг яах ийхийн зуургүй боролзойлж орхилоо.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top