“ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Эрхүү мужийн Братск хотод газардлаа” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас 16.00 цагт мэдээллээ.
В.Путин онгоцноос буунгуутаа өнгөрсөн зуны их үерт хамгийн их хохирсон Тулун хотод очиж, ажиллаж байна. Ерөнхийлөгч сэргээн босголтын ажил хэрхэн явагдаж байгааг өөрийн биеэр шалгаж байгаа юм. Мөн Тулун хотын сургуульд зочилж, хичээлийн шинэ жилийн анхны хичээлд сууна.
В.Путин сүүлийн нэг сард хоёр удаа Эрхүү мужид ажиллаж байгаа нь энэ юм. Эндээсээ эрхэм Ерөнхийлөгч Монголын зүг хөлгийн жолоо зална. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ.
“Айлчлалын үеэр Халх голын ялалтын ойн баяраар хоёр Ерөнхийлөгч улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг техникийн салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн хурцадмал асуудлын талаар ярилцана. Уулзалтын дараа талууд 11 баримт бичигт гарын үсэг зурна" гэж ОХУ-ын Засгийн газраас мэдээллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг ОХУ-ын Гадаад харилцааны сайд В.Лавров, Эрчим хүчний сайд А.Новак нар дагалдан явж байна.
Сэтгэгдэл ( 0 )