ЗИНДАА 2019.09.02 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

#1 ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИНЫ 2014 ОНЫ АЙЛЧЛАЛЫГ ЭРГЭН САНАЯ

Халх голын дайнд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах гэж байна. Тэрбээр өнөөдөр (2019.09.02) Улаанбаатарт ирж, нэг хоноод буцна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2000, 2009, 2014 онд Монголд айлчилж байсан бөгөөд энэ удаагийн айлчлал нь түүний дөрөв дэх удаагийн айлчлал юм. Тэрбээр хамгийн сүүлд 2014 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Халх голын дайны 75 жилийн ойг тохиолдуулан зургаан цагийн айлчлал хийгээд буцсан байдаг.

Энэхүү богино хугацааны айлчлалаар хоёр тал Засгийн газар, агентлаг, салбар хоорондын 15 хэлэлцээр баталж амжсаныг эргэн сануулъя.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 Л.ХАСАР: БИ ЭЦГИЙН ХАЙРЫГ ОЙЛГООГҮЙ ЯВСАН

“Жамын цаана нуугдах газаргүй...

Хавар болжээ...”

Тийм ээ, жамын цаана нуугдах газаргүй хавар хэдийн хагдарч, зун дэлгэрч гүйцээд намрын улирал айсуй залгаж, шинэ сар ч гарлаа. Жамын цаана нуугдах газаргүй хорвоо ертөнцөд хүмүүс амьдрах гэж хичээхдээ хичээж, зовохдоо зовон туулж буй биз ээ.  Яг л энгийн ийм нэгэн өдөр өврийн дэвтэртээ хэдэн асуулт ноороглож аваад орон хот доторх орон хот болсон буйдхан газрын зүг зүглэлээ. “Хүний амьдрал богинохон ч дунд нь их юм багтана. Харин бүтээн туурвих хүсэл л бүтэн багтахгүй” гэх мөртүүд “Морин зэрэглээ”-н дотроос тодрон үзэгдэнэ. Энэ л мөртүүд хүн бүхний сайн танил их найрагчийг дахин шинээр нээсэн шиг онцгой санагдсан билээ.

“Өдөр болгон та бүдэг гэрлийн дор бөгтийн сууж үл танигдах энэ ертөнцийг бас хүмүүний аз жаргалыг дүрслэн үгээр зурж суудаг байж” гэж яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны хүү Л.Хасар аавынхаа тухай “Морин зэрэглээ” номын өмнөтгөлд бичжээ. Яг л ийм хүмүүс уран зохиол хэмээх бичилхэн ертөнцдөө бүтээл төрүүлж, төрүүлснээ өсгөж бойжуулан агуу ертөнцийг цогцлоож байдаг шиг... “Морин зэрэглээ” номын нээлт маргааш болох билээ. Их найрагчийн хүү Л.Хасартай хөөрөлдлөө.


-Уран зохиолыг хамгийн энгийнээр тодорхойл гэвэл та ямар санаа хэлэх вэ?

-Уран зохиол бол нэг талаар хэрэглээ. Уран зохиолын хамгийн гайхамшигтай жишээг бид сая “Парисын дарь эхийн сүм”-ийг шатахад мэдэрлээ. Хэрвээ Виткор Хюго “Парисын дарь эхийн сүм” хэмээх алдартай зохиолоо бичээгүй бол дэлхий тэр сүмийг шатахад уулга алдахгүй байх байсан. “Парисын дарь эхийн сүм” миний хүүхэд насанд их үүрэг гүйцэтгэсэн, онцгой зохиол л доо. Квазимодог би  сэтгэлийн илэрхийлэл, Эсмеральдог харин гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл гэж боддог. Хүүхэд насандаа уншиж, ургуулж бүтээсэн ертөнцийн минь нэгээхэн хэсэг шатаж байгаа юм шиг санагдсан. Хүн өөрийнхөө сэтгэл зүрхэн дотор шатаж байгаа зүйлийн төлөө харамсахгүй суувал утгагүй биз дээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ТОЙМ: УУЛ УУРХАЙ ТОЙРСОН УЛС ТӨР БА ТОО

Ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт үргэлжлүүлж, улс төрийн субъектүүдийн анхаарал, ажиглалтад байсан байгалийн баялагтай холбоотой заалтаарх зарчмын зөрүүтэй саналыг нэг талд гаргалаа. Эцсийн томьёоллоор товчхондоо бол байгалийн баялгийг “төрийн нийтийн өмч байна” хэмээн тодорхойлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд “газрын доорх баялаг нийтийн өмч байна” гэж заасан ч УИХ-ын гишүүд “төрийн нийтийн өмч байна” гэж хуульчлахаар болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тайлбарлаад “Ингэснээр төрийн өмчийг үнэгүй өгдөг зүйлсээсээ саллаа” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлжээ.

Монголын улс төрийн бүхий л өрсөлдөөн, тодруулбал, сонгуулиарх намууд хоорондын, сонгуулийн дараа ялсан намын дотоод дахь өрсөлдөөн үнэн хэрэгтээ баялаг болоод төсвийн захиран зарцуулах эрх мэдлийн төлөөх тэмцэл болж хөгжсөнийг бүгд л хүлээн зөвшөөрөх байх. Үзэл баримтлал, үнэт зүйлд суурилсан нэгдэл гэхээс илүүтэй түрийвч нэгтэй бүлэглэлүүд төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөх болсныг цаашид яаж ч хичээгээд “худлаа” гэж цагаатгах үндэслэл дууссан мэт.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 


#4 Ц.АМГАЛАНБААТАР ЗАХИДАЛДАА Б.ХУРЦ НАРЫГ 500 САЯ ТӨГРӨГ ӨГЧ, ГАДААД ЯВУУЛНА ГЭЖ АМЛАСАН ТАЛААР ДУРДЖЭЭ

АТГ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэдний гэм буруутайг шүүх хурал энэ сарын 12-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Энэхүү шүүх хуралд гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар оролцсон юм.  Тэгвэл Ц.Амгаланбаатар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороонд захидал илгээжээ. Энэ талаар дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Тэд хэлэхдээ "Монгол Улсын хуулиар шүүх гаргасан шийдвэрээ 14 хоногийн дотор баталгаажуулж, холбогдох этгээдэд нь хүргүүлдэг. Холбогдогч этгээд гэдэг нь шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч юм. Тэр 14 хоногийн хугацаа өнөөдрөөр  (2019.09.02) дуусгавар болж байна. Шүүхийн шийдвэрийг гардаж авсны дараа прокурор хоёр үндсэн арга хэмжээ явуулдаг. Эсэргүүцэл бичиж болно. Эсвэл прокурор нэмэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх хуультай. Шүүх хурлын дараа иргэд олон түмэн мэдээлэл авахыг хүсэж байгаа" гэв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ХАРУМАФҮЖИГИЙН ГЭРГИЙ ХӨЛ ХҮНД БОЛЖЭЭ

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи өнгөрсөн жил “Шинэ Монгол-Харумафүжи” сургууль нээж, Японы боловсролын хөтөлбөрийг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлсэн билээ. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр (2019.09.01) болж, Харумафүжи аварга ээж  Ц.Мягмарсүрэн, эхнэр М.Баттуул нарын хамт нээлтийн ёслолд оролцов. Монголын хэвлэл мэдээллийнхний өмнө тэр бүр ил гарч байгаагүй, Харумафүжигийн үзэсгэлэнт гэргий хөл хүнд болжээ.  Японы Иватэгийн их сургууль төгссөн тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд хосууд 2011 онд хуримласан юм. Хосууд хоёр охин, нэг хүүтэй. Ууган охин долоо, дунд охин зургаа, хүү таван настай билээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top