"Хоёр орны харилцаа ИЖ БҮРЭН стратегийн түншлэлд хүрлээ"

2019 оны 09 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин нар албан ёсны хэлэлцээг Төрийн ордны А танхимд хийх байсан ч хэлэлцэх асуудлуудаа ганцаарчилсан уулзалтын үеэр бүгдийг нь  ярилцсан байна. Тиймээс ганцаарчилсан уулзалтын дараа Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Айлчлалын хүрээнд чухал 10 баримт бичигт гарын үсэг зурлаа хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдлээ. Хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлд хүргэснээр Монгол, Орос улсын харилцаа улам бүр нягт болж, нэг шат ахиж  буйг тэрбээр онцлов.

Ирэх онд болох аугаа эх орны дайны ялалтын  75 жилийн ойн арга хэмжээнд түүнийг  урьсныг мөн Ерөнхийлөгч  мэдэгдсэн.

ОХУ-аас авах 100 тэрбум рублийн зээлийг УБТЗ, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад  зориулах сонирхолтой байгаагаа манай талаас  илэрхийлсэн байна. Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай 2018 онд тус улсын Владивосток хотод уулзах үеэр яригдсан асуудлуудын нэг бол энэхүү 100 тэрбум рублийн зээл авах тухай байсан. Түүнчлэн 100 тэрбум рублийг манай улсад олгох асуудлаар ОХУ-ын тал хуралдаж, зээл олгох зарчмын шийдвэрийг энэ оны тавдугаар сард гаргасан юм. 

Монгол Улс худалдааны төлөөлөгчийн газраа Владивосток хотноо байгуулах тухай асуудал мөн яригджээ.

Хоёр улсын  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд гарын үсэг зурсан албан бичгүүдийн агуулгыг дурдвал: 

-Худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хэлэлцээрийг эхлүүлэх 

-Ашигт малтмал, Газрын тосны салбар дахь хамтын ажиллагаа 

-Гаалийн байгууллагын хамтын ажиллагаа 

-Хоёр улсын “Монгол Шуудан”,  “Орос Шуудан” компаниудын  стратегийн хамтын ажиллагаа 

-“DBM ассет менежмэнт” компани,  ОХУ-ын “Шууд хөрөнгө оруулалтын сан” хооронд хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудал

-Хил гаалийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд гэхчлэн тодорхой асуудлуудын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэлээ.
 

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top