Хятадын цагдаа нар Эрээн хотод 9 хүнийг баривчлав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

 

 

Өвөрмонголчууд Хятадын дэглэмийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Жагсагчдыг цэргийн хүчээр тарааж Өвөрмонгол иргэдийг олноор нь баривчилжээ. Манай Монголчууд өдөр тутам зорчиж байдаг Эрээн хотоос одоогоор есөн  Өвөрмонгол хүн Хятадын цагдаа нарт баривчлагдаад байгаа гэнэ. НҮБ-аас улс төрийн орогнол хүсч Японоор дамжин Монголд орж ирсэн Г.Рубин ярихдаа “Өвөрмонголын байдал өчигдрөөс намжих төлөвтэй байгаа хэдий ч болзошгүй аюул хэвээрээ байна. Сүүлийн 30 гаруй жилд ийм явдал болж байсангүй. Ер нь Өвөрмонголчууд  бид Хятадын дарангуйллыг шүд зуун тэвчсээр ирсэн улс. Би өнгөрсөн сарын 28-аас хойш Шилийн гол аймагтай холбоо харилцаа бараг тасраад байгаа. Хятадууд маш хатуу  хяналт тогтоосон. Би Японд суралцаж байгаад нутагтаа очиж чадалгүй Улаанбаатарт хүрээд ирлээ. ВВС агентлагийн мэдээллийг анхааралтай сонсож байна. Өвөрмонголд хэсэг оюутнуудыг Хятадын цагдаа нар баривчилсан. Шилийн гол аймагт нийтдээ 40 гаруй малчин баривчлагдсан юм шиг байна. Талийгаач Мэргэнийг хоёр хятад жолооч байгаль орчноо хамгаалах гэснийх нь төлөө санаатайгаар машинтай араас нь хөөж байгаад дайрч алсан. Тэдэнд цаазлах ял оногдуулахыг Өвөрмонголчууд шаардаж байгаа. Мөн нас барсан иргэнийхээ амь насыг нэхэж, нөхөн төлбөрийг гаргуулахаар тэмцэх нь зөв юм” гэлээ. Тэрээр цаашдаа манай оронд хэсэг хугацаанд орогнох бодолтой байгаа ажээ. НҮБ-д хандаж илгээсэн хүсэлтийнх нь хариу ирнэ гэж тэр итгэлтэй байгаа юм байна.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top