Бүтээн байгуулалтад оролцож буй цэргийн алба хаагчдад дулаан хувцас бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Их бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын Зэвсэгт хүчин цэргийн алба хаагчдыг хамруулан томоохон үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 7781, 7782 дугаар ангиуд байгуулагдан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.4 км төмөр замын доод бүтэц барих ажлыг гүйцэтгэсээр байна. Өнгөрсөн хугацаанд ажил эрчимтэй сайн явагдаж буй талаар ЗХ-ний 7781 дүгээр ангийн захирагч, бригадын генерал П.Доржсүрэн дурдсан. Өөрсдийн хөрөнгөөрөө цэргийн алба хаагчдад “Сэгитекс” компанийн ерөнхий захирал Б.Сэргэлэн, менежер Н.Тунгалаг нар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжээсээ хүлээлгэн өгсөн юм.

 

 

Энэ үеэр ЗХ-ний төмөр замын 7781 дүгээр ангийн захирагч, бригадын генерал П.Доржсүрэн “Энэхүү бүтээн байгуулалтанд оролцож буй цэргийн алба хаагчдыг дэмжиж ялангуяа гэрээсээ хол өдөржин, шөнөжин ажиллаж буй бид бүхний ажлыг хүндэтгэж буйд баярлаж байна. Бидэнд Монгол Улсын ирээдүй болсон бүтээн байгуулалтын энэ их хувь заяатай ажил олдож буйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад мэдээллийн эх сурвалжаар олж мэдээд энэ ажлыг дэмжиж буй та бүхэн маань биднийг дулаахан хувцастай явуулахын тулд сэтгэл гаргаж өөрсдийн компаниасаа үнэ төлбөргүйгээр дулаан хувцас хандивлаж буй “Сэгитекс” компанийн захирал Б.Сэргэлэн түүний менежер Н.Тунгалаг нарт баярлалаа. Энэ бол сэтгэлийн бэлэг. Дулаахан яваасай, ажил төрлөө хийхдээ даарахгүй байгаасай гэсэн сэтгэлийн хариуд удирдлагын зүгээс болон хувиасаа баярлаж буйгаа илэрхийлье” гэж онцоллоо.

Цэргийн алба хаагчдаа төлөөлөн 032 дугаар ангийн ахмад Б.Тамир “Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах энэхүү том бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчнийг оролцуулж буйд бид бүхэн маш их баяртай байгаа. Энэ бол хамгийн том нүдээ олсон ажил гэж би бодож байгаа. Ийнхүү хүйтний цаг ирж буй үед биднийг дулаан хувцасаар хангаж байгаад маш их баярлалаа. Бид бүхэн төлөвлөсөн ажлаа хугацаандаа дуусгана" гэв.

 

Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож буйд дэм болохоор “Сэгитекс” ХХК-ийн ерөнхий захирал Б.Сэргэлэн санаачлан 7.4 сая төгрөгийн үнэ бүхий 200 гаруй ноосон майк, малгайг цэргийн алба хаагчдад зориулан үйлдвэрлэн гаргасан аж.  Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Сэргэлэн гэдэг. “Сэгитекс” ХХК-ийн ерөнхий захирал. Манайх байгуулагдаад 10 жил болох гэж байгаа. Бид Германы сүлжмэлийн дэлхийн нэг номерын үйлдвэрлэгч “Шиш доль” гэж компанийн албан ёсны төлөөлөгч нь юм. Тухайлбал, “Ноу хау” оруулж ирж байгаа. Нэг үгээр хэлэхэд сүлжмэлийн машинаа бүх ноос ноолуур үйлдвэрлэдэг компанид зарж борлуулна. Мөн программист машин баригч ажиллах хүмүүсийг бэлтгэн, тухайн үйлдвэрт шаардлагатай бүхий л үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Бид Монголд ажиллаж буй ноос ноолуурын том үйлдвэрүүд бүгдэд сүлжмэлийн машинаа худалдсан. Бид машинаа зарахаас гадна давхар сэлбэг үйлчилгээ хариуцдаг юм.
 
-Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж буй цэргийн алба хаагчдад бэлэг барьжээ?

-Олон ширхэг биш ч энэ удаад бид 200 ширхэг майк, ноосон малгайг өгөхөөр аваад ирлээ. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй ч төмөр замдаа ажиллаж буй цэргүүддээ ямар нэг зүйл хийж өгнө гээд урт ханцуйтай цамц байснаас дулаахан гээд майк сонгоод хүйтэнд каск өмсөж байгаа учраас дулаахан гээд нимгэн малгай хийж өгсөн. Удахгүй бид Дорноговь аймгийн Зүүнбаян баг, Мандах суманд ажиллаж буй бүтээн байгуулагч цэрэг эрсдээ өгөхөөр явна.

-Та ямар учраас энэ ажлыг санаачлан зорив оо?

-Энэ жилийн хавар армийнхныг бүтээн байгуулалтад орж байна гэдэг мэдээлэл хараад олон нийтийн мэдээллийн хэрэгслээс олж хараад тэнд оролцож байгаа алба хаагчдыг дэмжиж хүмүүсийг урам өгөх вэ гэж бодоод хувцас юм уу ямар нэг юм хийж өгье гэсэн санаа гаргаад ярилцаж байгаад хийж эхэлсэн. Зургаадугаар сардаа ярьж эхлээд үзүүлэнгийн хоёр машин дээрээ хийгээд ирлээ. Хүн сургаж дадлага хийлгэдэг машин дээрээ өөрсдөө ноосон майкыг малгайтай нь сүлжиж дуусгасан. Утас нь дууссан, цаг ч бага байлаа хэмжээндээ тохируулаад хийсэн. Мөн найзаасаа хойш ийм зүйл хийнэ гэж боддог байсан маань сая биелэлээ оллоо.

-Найз гэхээр?

-Найз минь өнгөрсөн жил талийгаач болсон. Анх Польшид сургууль төгсөж ирсэн найман хүний нэг По.Ганбаа сайн анд минь Зэвсэгт хүчинд ажилладаг байсан. Найз нөхөрлөлийн холбоогоор би цэрэг армийнхны мэдээлэлтэй болж хамтдаа уулздаг сайхан андууд байлаа. Энэ л үүднээс би найзынхаа гэгээн дурсгалд мөн Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие, сэтгэл зүрхээ зориулан оролцож буй алба хаагчиддаа сэтгэлийн дэм өргөхөөр энэ ажлыг санаачилсан. Гэвч харамсалтай нь тоо ширхэг нь олон байж чадсангүй. Дараа нь боломжтой бол би нэмээд хийж өгч болно.

-Танд баярлалаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top