Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх ажил 40 хувьтай үргэлжилж байна

Ө.Уранзаяа | Zindaa.mn
13 цагийн өмнө

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн талбайд хаалт хийж иргэдийн орц гарцыг хаасан, явган хүний замыг хашаалсан, өргөтгөл барилга байгууламж барьсан зөрчлүүдийг арилгаж албадан буулгалтын ажил үргэлжилж байна.

Өчигдөр л гэхэд Чингэлтэй дүүргийн гурав болон нэгдүгээр хороонд байрлах дөрвөн газрыг албадан чөлөөллөө. Эдгээр газар нь нийтийн эзэмшлийн талбайд хаалт хийж иргэдийн орц гарцыг хаасан, явган хүний замыг хааж байгууллагынхаа шатыг өргөтгөсөн зөрчилтэй байжээ.

Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ жил гурав дахь удаагаа газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн хавар 322 дугаар захирамжийн дагуу 170 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг явуулсан. “Хашаа” арга хэмжээний хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Одоогийн захирамжид байгаа 198 байршлын 70 гаруйг нь чөлөөлчихсөн. Нийтийн эзэмшлийн талбайг хувийн эзэмшлээ болгочхоод  зарим аж ахуйн нэгж эсэргүүцэл үзүүлж байна. Зарим нь өөрөөсөө зардлаа гаргаад хамтарч ажиллах тохиолдол ч байна. Нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг 500 мянга, аж ахуй нэгжийг таван сая төгрөгөөр торгодог. Өнгөрсөн хаврын тайланг нэгтгэхэд 31 орчим сая төгрөгийн торгуулийг иргэн, аж ахуй нэгжид хүргүүлсэн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид арга хэмжээг тооцож явдаг” гэлээ.

Зөрчил илэрсэн бүх байршлын газар эзэмшигчдэд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн ба шаардах хуудасны дагуу газраа чөлөөлөөгүй иргэн, аж ахуй нэгжийн зөрчлийг арилгуулахаар албадан буулгалт хийж байгаа аж. Чөлөөлсөн газруудыг олон нийтэд зориулсан ашиглалтын талбай, эсвэл явган хүний болон авто зам болгон засаж тохижуулахаар төлөвлөжээ. Газар чөлөөлөх ажлын зардлыг нийслэлээс хариуцаж байгаа бөгөөд тухайн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байсан иргэдээс нөхөн төлбөр авахаар зохицуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top