Болд шиг хатаагдаж, балт шиг ирлэгдсэн ахмад хилчдийг шагналаа

2019 оны 09 сарын 18


Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 86 жилийн ой өчигдөр тохиолоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх хилчдийн Сүлдэт багана бүхий мөнхийн галтай дурсгалын хөшөөнд үе үеийн ахмад хилчид цэцэг өргөлөө. Монгол Улсын гадаад, дотоод байдал гучаад оны эхээр хурцадсаны улмаас төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд 1933 онд хилийн харуулын цагдааг татан буулгаж, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болж, Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөд хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсжээ.

 

 

Дашрамд дуулгахад Сүлдэт баганыг Хил хамгаалах байгууллагын түүхт 83 жилийн ойн хүрээнд Хил хамгаалах ерөнхий еазрын нийт албан хаагчид, хилчид өөрсдийн санал санаачилга, хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1,1 га талбайд ногоон байгууламж тохижуулан,  барьж байгуулсан юм. Тус ойн баяраар 2000 хилчин хуран цугларч, хилийн цэргийн байгууллагад алба хаасан, тэтгэвэрт гарсан ахмадуудын Дурсамж уулзалт болж буйгаараа онцлог юм.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Н.Ганболд, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтанхүү тэргүүтэй хэлтсийн дарга нар үе үеийн ахмад хилчдэдээ хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ. Нээлтийн дараа Хилийн цэргийн командлагчийн тушаалаар шагнагдсан ахмад хилчдийн тушаалыг Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батмөнх уншиж танилцуулснаар шагнал гардуулах ёслол эхэлж, 130 ахмад хилчнийг “Онц хилчин”, “Хилчний алдар 1,2,3”, “Хилийн төлөө” медаль, жуух бичгээр шагналаа. Дараа нь Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, ахмад хилчдэд хүндэтгэлийн тоглолт толилуулав.

 

 

1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1949 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын зүсрэх сум, тэсрэх бөмбөгний өөдөөс Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол, ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан бөгөөд хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид амь үрэгдэн гантиг чулуун дээр нэрс нь алтан үсгээр бичигдэн хойч үедээ мөнхөд дурсагдах эх орончид болон үлдсэн билээ. Тэдний тухай ойн баярыг угтаж, хилчдийнхээ түүхэн гавьяаг алдаршуулан мөнхжүүлж Хурандаа Ч.Алтангэрэл “Баруун ба баруун өмнөд хязгаарт болсон дайн” дурсамж, дурдатгал, өгүүллийн гурван боть ном хэвлүүлжээ.

Тэрбээр ”Энэ жил “Халхын голын дайн ба Монголын хилчид” гэсэн ном бүтээж, эсэргэн сумны өөдөөс тэмцэж явсан, шархадсан, амь үрэгдсэн хилчдийн тухай номдоо оруулж, тэднийхээ баатарлаг дурсгалд номон суварга бүтээлээ. 1935-1949 он хүртэл Монголын хилчид зүүн хязгаарт байлдаж, маш том үүрэг гүйцэтгэсэн юм шүү . 1934 онд тавдугаар отрядын Алаг толгойн застав асар их үүрэг гүйцэтгэсэн боловч өнөөдөр түүхээ мэдэхгүйгээс болж мартагдах шинжтэй болжээ. Ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг бид мартах учиргүй. 1939 оны зургаадугаар сарын 5-нд Г.К.Жуков жанжин ирээгүй бол бид байх уу, үгүй юу гэдэг нөхцөл байдал үүссэн том цуст дайн байсан” гэв.

 

 

Хилчдийн эгнээнээс дээрх байл­даан, тулгаралтуудад онцгой гавьяа байгуулсан Н.Жамбаа, П.Чогдон, Л.Даваадорж, Б.Гиваан, Б.Тэгшээ, Б.Дорж, С.Лхагвадорж, С.Төмөрбаатар, Э.Шийлэг, Х.Дамба, Б.Бадам, Ж.Нэхийт, Д.Гуулин,  Д.Нам­нан нарын 14 хилчнийг  Монгол Улсын баатар цолоор, олон зуун хилчдийг төрийн одон медалиар шагнажээ.

“Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас

Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий

Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас

Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий” хэмээн  Ардын уран зохиолч П.Бадарч абугайн сэтгэлийг хөвсөлзүүлэн, онгод юуг нь хөглөсөн ариун дагшин хилийн торгон зурвас энх тайван энэ цаг үед эх оронч сэтгэлийг залуу хойчдоо таниулан, өвлүүлэхийн чухлыг баярын үеэр хүрэлцэн ирсэн ахмад хилчид учирлаж байв.

 

 

Хил хамгаалах байгууллагын түүхэн замналаас дурдвал Хилийн албаны хэлтэс, Нийгмийг аюулаас хамгаалах газрын Хязгаарын ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газар,  Хязгаарын ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газар, Улсын аюулгүй байдлыг хангах ерөн­хий газрын харьяа, Хилийн цэр­гийг удирдах газар, Батлан хамгаалах яамны харьяа Засгийн газрын тохируулагч агентлаг, Засгийн газрын тохируулагч агентлаг-Хилийн Цэргийг удирдах газар нэртэйгээр тус тус ажиллаж ирсэн бөгөөд 2002 оноос Засгийн газрын тохируулагч агентлаг-Хил хамгаалах грөнхий газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Баялаг замналтай, бахархам түүхтэй хилийн армид 33 жил алба хаасан ахмад хилчин, Хилийн цэргийн Соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, Бэлтгэл хурандаа Д.Авирзэд “Миний бие Халх голын 24 дүгээр отрядаас Хилийн цэргийн удирдах газрын Соёл хүмүүжлийн хэлтсийн дарга болтлоо энэ албанд зүтгэсэн. Намайг П.Чогдон баатрын нэрэмжит Хамар давааны заставын улс төрийн орлогч байх үед, хилийн цэргийн 40 жилийн ой тохиож,  Л.Дандар, Д.Нянтайсүрэн зэрэг баатруудтай нүүр тулж байсан нь миний амьдралд мартагдашгүй түүх юм. Хил хамгаалах байгууллагад ажилласны гавьяагаар 19 аймгийн 143 сумыг гурвантаа гороолсон. Монголын хилийн ариун дагшин газарт анир даран өвлийн хүйтэн, зууны халуунд эх орноо хамгаалж байгаа хилчдэд зориулж Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, номын сан, үйлчилгээгээр дамжуулж эх оронч, бахдам сэтгэлийг төрүүлэх урлаг соёлын маш олон ажлыг зохион байгуулж байлаа” гэв.

 

 

Эх орныхоо торгон хилийн манаанд зогссон эр цэргээр барахгүй монгол хүний сэтгэл зүрхэнд тангараг болж мөнхөрдөг

“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин сайхан амрагтаа хэлж  үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээх шүлгийг 60 жилийн тэртээ “Онц хилчин”, зохиолч Ц.Цэдэнжав бичсэн билээ.

Мянга мянган хилчдийн бүргэдийн хараа, шонхрын зоригт хамгаалагдан ирсэн алтан зурвасыг баталгаажуулж БНМАУ, ЗСБНХУ нь хоёр улс 1958, 1976 оны хилийн гэрээнүүдээр шинэчлэн тодотгож тогтоосон юм. Монгол Улсын өмнө зүгийн хил нь БНМАУ, БНХАУ-ын хооронд 1962 онд байгуулсан хилийн гэрээгээр тодорхойлон тогтоогдож, 1975 онд НҮБ-д бүртгэгдэж олон улсын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгджээ.

 

 

Энэ л тусгаар улсынхаа дархан хил дээр ажиллаж хөдөлмөрлөж асан 4600 гаруй ахмад хилчид буй бөгөөд 2400 гаруй нь хөдөө орон нутгийнх аж. Түүхт 86 жилийн ойн баярт энгэртээ одон тэмдэг гялалзуулан, инээмсэглэл цацруулсан, дүрэмт хувцастай  ахмад хилчин, Ахлах ахлагч Ш.Янжиндулам “Эгч нь Холбоочны ангийг 18 настайдаа төгсөөд Дорноговь аймгийн Улаан-Уулын отрядаас эхлээд Төв аймгийн Тагнуулын алба хүртэл холбоочноос эхлээд олон алба хашиж байсан. Манай гэр бүлийн хүн мөн цэрэг армийнх. Цэргийн хүний тэсвэр хатуужил, цэргийн хүний ар тал ямар байдгийг бүгдийг туулж давсан. Бид зургаан хүүхэдтэй. Нэг охин нийслэлийн Цагдаагийн ерөнхий газар ахмад, нэг хүү 013 дугаар ангид ахлагч, нэг охин 126 дугаар армид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, нэг хүү Дорнод аймгийн 032 дугаар ангид ажиллаж байгаад хотод шилжиж ирсэн. Бүгд цэрэг армид хүчин зүтгэсэн гэр бүл байна.“ гэж бахархан өгүүллээ.

Өдгөө Хил хамгаалах байгууллагын олон талт гадаад харилцаа өргөжиж, хилчдээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох, гадаадын улс орнуудад суралцах, туршлага солилцох боломжууд өргөн хүрээтэй болж буй талаар Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Н.Ганболд баярын нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон юм. 86 жилийнхээ түүхэн гавьяаг бахдан хүүрнэх шиг Сүлдэт баганын ариун тулганд бадамлан буй мөнхийн гал, цог шиг цоролзож яваа хилчин бүхний сэтгэлийн үг билээ. Наран ургах дорнын алтан талаас, зэргэлээ наадсан өмнийн цэнхэр говь хүртэл, тэнгэр дэрлэсэн Алтай таван богдоос үүлс ороосон Байтаг богдын нуруу хүртэл араатан жигүүртнээс өөр аниргүй, алс буйд хязгаарт болд шиг хатаагдан, балт шиг ирлэгдэн, эх орноо хамгаалж буй хилчдийн яруу алдар бадартугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top