Монголын сэтгүүлзүйн салбарт олон жил тууштай ажиллахдаа цахим сэтгүүлзүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, “Монголын сайтын холбоо’’-г үндэслэж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд зориулсан “Жаргалын мод” хандивын аян амжилттай үргэлжилж байна.
Сэтгүүлч Ж.Жаргалсайхан нь хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштойгоор биеийн байдал нь хүнд байгаа тул БНСУ руу үе шаттай эмчилгээнд явахаар болоод буй юм. Эхний ээлжид түүнд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа билээ.
Сэтгүүлчийн эмчилгээнд зориулан үзэг нэгт сэтгүүлч, уран бүтээлч нөхөд нь болон хувь хүн, албан байгууллагууд хандивын гараа сунгасаар байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд зориулан, хувийн зүгээс хоёр сая төгрөг хандивласан бол “Эко констракшн” компани таван сая төгрөг хандивласан байна. Мөн "Эксклюзив" ХХК, "Монгол банн" ХХК, "U Travel" ХХК, "Хос билгүүн зул" ХХК зэрэг олон арван компани, аж ахуй нэгж хандив өргөжээ.
Түүнд тохиолдсон энэхүү өвчин нь эдгэршгүй бөгөөд эмчилгээнд явснаараа өвчний явцыг нь удаашруулах, насжилтыг нь уртасгах, биеийн ерөнхий байдал сэргэвэл бөөр солиулах хүртлээ үргэлжлэх юм. Иймд урт удаан хугацаанд үргэлжлэх эмчилгээнд нь зориулж насыг нь уртасгахын төлөө хандиваа өргөцгөөе.
Өглөгийн гараа сунгасан хүн бүрийн үйлс бүхэн үржин дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл ( 0 )