"Гэр хороолол дахь дэн буудал нэртэй газруудыг өөгшүүлж болохгүй"

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 440 орчим буудал үйл ажиллагаа явуулж байгаагийн 200 орчим нь дэн буудал, үлдсэн нь зочид буудлын зориулалтаар ажилладаг аж. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал, нийт 129 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн үр дүнгээ өнөөдөр /2019.09.19/ танилцууллаа.

Шалгалтад хамрагдсан газруудыг “Зочид буудлын эрүүл аж ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 буюу 6.2 хувь нь их, 92 буюу 71.3 хувь нь дунд, 29 буюу 22.5 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Шалгалтын явцад 393 зөрчил илрүүлж, 348 заалттай 73 албан шаардлага болон эрх бүхий албан тушаалтны 49 албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, нийт 51 аж ахуйн нэгж, иргэнд 296000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулжээ.

Тухайлбал, буудлын барилга байгууламж ажлын зураг төсөлгүйгээр баригдсанаас төлөвлөлтийн хувьд шаардлага хангаагүй, өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага, цагаан хэрэглэл угаах, хатаах, индүүдэх өрөөний зай талбай, технологи урсгал нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, механик салхивчгүй, бохир хэрэглэлийг зөөвөрлөх зориулалтын савгүй, цэвэр хэрэглэл хадгалах шүүгээ савгүй, зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавчны угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, хуучирч өнгө алдсан, эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолт илэрсэн, гудас дэвсгэрийг угааж цэвэрлээгүй хир толботой, хэмжээний хувьд стандартад заасан хэмжээнд хүрэхгүй, зочин хүлээн авах өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, засвар шинэчлэл хийгээгүй, ор, сандал, ширээ зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжгүй болсон зэрэг зөрчлүүд илэрчээ.

Мөн буудлын үйлчилгээний ажилчид мэргэжлийн сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын хувцас өмсөж хэвшээгүйгээс гадна эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хугацаандаа бүрэн хамрагдаагүй байжээ. Мөн зочид буудлын 3 хувь нь мини барандаа хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнээр үйлчилж байсан гэв. 
 

Хяналт, шалгалтад хамрагдсан 129 аж ахуйн нэгжээс  илэрсэн 393 зөрчилд 28.6 сая төгрөгийн торгууль ноогдуулж, үйл ажиллагааг түр зогсоох, шаардлага хангахгүй бүх газруудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах зэрэг арга хэмжээ авахаар болов.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэ-Чулуун “Бизнесийг хуулийн хүрээнд хариуцлагатай хийх ёстой. Гэр хороололд олноор байгаа дэн буудал нэртэй газруудыг өөгшүүлж болохгүй. Тэдгээр газруудад гэмт хэрэг, архидан согтуурал, биеэ үнэлэлт, хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдаж байна. Шалгадаг нь ганцхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар. Зөвшөөрөл олгодог нь 90 гаруй газар бий. Зочид буудал, дэн буудалд гарч байгаа алдааг аж ахуйн нэгж бүрээр нь олон нийтэд ил тод зарлаж байж зөрчил арилна, цэвэр өрсөлдөөн явагдана” гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцлов. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top