ШӨХТГ: Халаалтаа өгөөгүй компаниудад албан шаардлага хүргүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Улаанбаатар хотын төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангадаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтыг есдүгээр сарын 15-наас эхлэн олгож эхэлдэг. Гэтэл үүнийг зөрчин, халаалтаа цагтаа өгөөгүй орон сууцны конторуудын талаарх гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төвд ихээр ирэх болжээ.

Өнгөрөгч наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 18-ны хооронд тус төвд орон сууц, тэр дундаа дулаантай холбоотой 29 гомдол ирснийг шалгаж үзэхэд дулаан түгээх тусгай зөвшөөрөлгүй компани үйлчилгээ үзүүлж байсан, мөн УБЦТС-д өр үүсгэсэн, үйл ажиллагаагаа доголдуулсан зэрэг нөхцөл байдлууд илэрсэн байна. 

Тусгай зөвшөөрөлгүй компаниуд УБЦТС-д их хэмжээний өр үүсгэдэг байна. Энэ нь явсаар иргэдэд чирэгдэл учруулдаг учир ШӨХТГ-аас холбогдох албан байгууллагуудад улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлжээ.

Уг шаардлагад тусгай зөвшөөрөлтэй "Ган инженеринг", "Бадамлах нар", тусгай зөвшөөрөлгүй "Ган манлай" зэрэг компаниудад орон сууцны дулааныг 2019.09.30-ны дотор өгөхийг шаардсан бөгөөд албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хариуцлага хүлээлгэж ажиллана гэдгийг мэдэгджээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top