Мөрдэстэй 1000 бүсгүй чуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр /2019.09.20/ Соёлын төв өргөөнд боллоо.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ “Хууль сахиулах цаг наргүй ажилд бүсгүйчүүд, эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаад бахархаж байна. Эх орондоо төдийгүй энхийг сахиулах үйлсэд эмэгтэйчүүд маань манлайлан оролцож байгаа.  Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэхээр мордох гэж буй 60 цэнхэр дуулгат бүсгүй энэхүү чуулгад оролцож байна“ гэж онцолсон бол Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд ”Өнөөдрийн чуулга уулзалт цэрэг, иргэний холбоог батжуулах, цэргийн эмэгтэй  албан хаагчдын эх орноо батлан хамгаалахад гүйцэтгэж буй үүргийг сурталчлан таниулах, шагнаж урамшуулах ач холбогдолтой. Нийт Зэвсэгт хүчний 70 гаруй хувь нь мэргэжлийн бэлтгэгдсэн офицер буйгаас эмэгтэйчүүд багагүй хувийг эзэлж байна. Үүний нэг жишээ нь Энхийг дэмжих үйл ажиллагаанд эмэгтэй алба хаагчдаараа тэргүүлэх орноор шалгарч олон улсын тавцанд нэр хүндээ өсгөж байгааг бахархан хэлэхэд таатай байна” гэлээ.

 

Чуулганд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоодын хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүйчүүд оролцож, цэргийн алба хаагчид тулгарч буй асуудлаа хэлэлцэв.

Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат  Монгол Улсын хууль, эрх зүйн баримт бичгүүдэд хүний эрх, эрх чөлөө, тэр дунд эмэгтэйчүүдийн эрх, үүргийн тусгагдсан зүйл заалт, төрийн тусгай алба хаагч эмэгтэйчүүдийн хувьд ямар түвшинд хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт хийж, бодлогын баримт бичгүүдэд тусгах, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын мөрдэстэй эмэгтэй алба хаагчдын нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд анхаарах, тэдний энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо , цаашдын чиг хандлагыг хамтран тодорхойлох, цалин хангамжийг нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвшүүлэх, эрүүл мэнд, ажлын сонгон шалгаруулалт адил тэгш байх, мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдах,  үр удмаа залгамжлах эрхээ эдлэх, ажлын байр, албан тушаалаа хадгалах,  жендерийн эрх тэгш байдлыг хангаж алагчилж үзэхгүй байх зэрэг олон асуудлыг хөндөж, илтгэл тавилаа.

Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулахын байгууллагад алба хааж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын эзлэх хувийг авч үзвэл Зэвсэгт хүчинд 17 хувь, Хилийн цэрэгт 9.8 хувь, Онцгой байдлын албанд 19 хувь, Цагдаагийн байгууллагад 14 хувь, шүүхийн шийдвэр биелүүлэх албанд 28.6 хувьтай байгаа нь тэдний хууль, эрх зүйн орчин, нийгмийн даатгалын асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай болохыг харуулж байна.  Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендерийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэ анхдугаар чуулга уулзалт нь эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг сонсож, төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой.

Мөрдэстэй бүсгүйчүүдийн энэхүү уулзалтаар “Энхийг сахиулах ажиллагаанд-эмэгтэйчүүдийн оролцоо” гэрэл зургийн үзэсгэлэн болон өөрсийн урласан гар урлалын бүтээлээ дэлгэлээ.  Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нарын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тулгамдсан асуудлыг сонсов. Мөн энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос шилдэг 10 эмэгтэй цэргийн алба хаагчдад шагнал гардууллаа.

 

 

Мөн 2006 оноос Монгол Улсын 645 эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ нь НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 126 орноос нийт тоогоор 25, эмэгтэй алба хаагчдынхаа тоогоор 17, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаараа Ази тивдээ тэргүүлж байна. Тэдний анхдагч, хурандаа Н.Нямжаргал “Батлан хамгаалах их сургуулийг 2000 онд Цэргийн радио холбооны инженер мэргэжлээр төгссөн. Зэвсэгт хүчинд 24 жил алба хааж байгаа. Одоогоос 13 жилийн өмнө Бүгд найрамдах ардчилсан Конго улсад Монгол Улсаас анхны эмэгтэй энхийг сахиулагч болж, нэг жил үүрэг гүйцэтгээд ирсэн. Өнөөдрийн хэлэлцүүлэх цэргийн эмэгтэй албан хаагчдын тулгамдсан асуудлууд бол судалгаан дээр суурилсан бөгөөд ажлын хэсэг байгуулж, цаашид ажил хэрэг болгох зорилготой.  Цагдаагийн албан хаагч хүүхэд төрүүлсэн хугацаандаа цолны мөнгө авдаггүй гэх зэрэг хуульд байгаа өөр хоорондоо ялгаатай заалтыг өөрчилж, адилхан эмэгтэй хүн гэдэг утгаар нь ялгахгүй хандах зэрэг олон асуудал яригдаж байна.” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top