Японы шигшээ 2050 онд Дэлхийн аварга болох төлөвлөгөөтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 31

Английн клубүүд япон хөлбөмбөгчдийг багтаа авах нь улам бүр ихэссээр байна. Япон хөлбөмбөгийн хувьд хамгийн хурдтай хөгжиж, сайжирч буй нөөц төдийгүй хөлбөмбөгчдийнх ур чадвар маш сайн болж байгаа.

2013 онд “Арсенал”-ын домогт дасгалжуулагч Арсен Венгер ирээдүйг таамаглан хэлэхдээ Японы зах зээл рүү хараагаа сунгахыг зөвлөсөн юм. “Япон бол өрсөлдөх чадвар сайтай, их сонирхолтой шинэ зах зээл. Германд тоглож буй япон хөлбөмбөгчдийг тоолоод үзээрэй” гэж Арсен Венгер хэлсэн байдаг.

Томас Франк “Тоттенхэм”-д ирээд Кота Такаи хэмээх залууг авсан бол “Бирмингэм” мөн хоёр шинэ япон тоглогч багтаа нэмсэнээр, Наран улсын гурван хөлбөмбөгчтэй боллоо.

Өнгөрсөн улиралд Английн Чемпионшип лигийн Шилдэг тоглогчоор “Лидс”-ийн Ао Танака шалгарсныг энд нэмж дурдах ёстой.

Японы хөлбөмбөгийн шигшээ багийн тухайд бол 2050 онд гэхэд Дэлхийн аварга болно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ.  “Ливерпүүл”-д тоглож буй Ватарү Эндо ч энэ талаар бодох цаг болсныг фанатууддаа хэлсэн байсан.

Тэгвэл Японы Хөлбөмбөгийн Холбоо заавал 2050 он гэж хойш тавих бус, сүүлийн хэдэн жил хөлбөмбөгчид нь хамгийн шилдэг лигүүдэд олноороо тоглох болсонтой холбоотойгоор Дэлхийн аварга болох зорилтот хугацаагаа наашлуулах ч боломжтой гэж тооцож эхэлсэн гэнэ.

Ер нь бол 2050 онд Дэлхийн аварга болно, 2030 онд шөвгийн дөрөвт шалгарна, ирэх жил болох ДАШТ-д шөвгийн наймд үлдэнэ гэсэн зорилго өмнө тавьсан байжээ.

“Брайтон”-ын Каорү Митома, “Арсенал”-аас явж буй Такэхиро Томиясү түрүүн өгүүлсэн “Тоттенхэм”-ийн 20 настай шинэ тоглогч Кота Такаи, “Ливерпүүл”-ийн Ватарү Эндо, “Лидс”-ийн Ао Танака, “Кристал Пэлас”-ын Даичи Камада нарын зэрэг хөлбөмбөгчид Англид тоглож буй нь нэгд, Английн хөлбөмбөгийн өөрчлөгдөж буй хэв маягт япон хөлбөмбөгчид маш сайн таарч, зохицож буйтай холбоотой юм.

Тэгээд ч япон тоглогчдын зах зээлийн үнэ харьцангуй хямдхан хэрнээ ажиллах чадвартай өндөртэй. Английн хөлбөмбөг өмнөх үеийнх шигээ цөлөлт, мөргөлт, биеийн хүчээр ааглахаа больсон нь Ази тоглогчдод том боломж олгож байгаа юм.

Японд авъяастай залуусаа арай эрт гадаадын клубүүдэд зараад байна гэсэн болгоомжлол, шүүмжлэл байдаг аж. Тэгвэл гадаадын клубүүдэд тоглуулж гэмээнэ хөлбөмбөгчид нь улам сайжирч, эргээд шигшээ багийнх нь амжилт улам дээшлэх болно гэж Хөлбөмбөгийн Холбоо нь тооцож байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.57) 2025 оны 07 сарын 31

Айлын хүүхдүүд ийм айхтар, гэтэл манай МХБХ юу хийж байна, Анандбузар гуай нь юу бодож суудаг юм бол, ДАШТ, ААШТ-ний шигшээ шатанд монголын баг хэзээ хүрэх юм бол

1  |  0
Close menu