Япон болон Өмнөд Солонгос улс түүхэндээ тэмдэглэгдэж байгаагүй халуун өдөр, шөнүүдийг өнгөрүүлж байна. Хоёр улсын эрх баригчид хэт халуунд удаан гарахгүй, наранд цохиулахгүй байхыг иргэддээ анхааруулсаар байна. Наршиж, бие нь муудсан хүмүүс эмнэлэгт хандах нь ихэссэнээр ачаалал ихэсчээ.
Пүрэв гаригт Өмнөд Солонгосын Цаг уурын албанаас энэ сард 22 хоног дараалан “халуун орны шөнө” болж буйг онцлон тэмдэглэсэн байна.
Харин лхагва гаригт Япон улсын Цаг уурын алба түүхэндээ байгаагүй халуун өдрийг буюу 41.2 хэмийн халуунтай тулж буйг цохон тэмдэглэсэн юм.
Сөүл хотод л гэхэд 22 шөнө дараалан 25 хэмийн халуун байсан аж. Энэ нь 1907 онд анх Цаг уурын алба энэ улсад байгуулагдаж, ажиллаж эхэлснээс хойш түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн халуун шөнүүдэд тооцогдож байна. Өмнөд Солонгост энэ халуун ойрын хоногуудад ч үргэлжлэх гэнэ.
Сөүл хотын Цаг уурын албаны захирал Юн Ки Хан “Нэг өдөр хэт халаад маргааш нь хэвийн хэмжээндээ эргээд ордог байсан. Гэвч энэ удаад халуун огт бууралгүй, тэр чигээрээ байсаар байна” хэмээн мэдэгджээ.
Өмнөд Солонгос хэт халсны улмаас бие нь муудаж, 13 хүн нас барсан нь өмнөх жилүүдийн дунджаас 3 дахин их байгаа юм. Тэгвэл Японд өнгөрсөн долоо хоногт гэхэд хэт халалтаас болж 10 804 хүний бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ.
Сүүлийн жилүүдийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан Японд өнгөрсөн намар 126 жилийн цаг уурын ажиглалтын түүхэнд байгаагүй халуун намар болсныг мэдээлж байлаа. Ийнхүү Япон, Өмнөд Солонгос улс түүхэндээ байгаагүй халуун хоногуудтай нүүр тулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )