“Дүнжингарав” худалдааны төв түрээсийн төлбөр 495 мянган төгрөг байсан бол саяхнаас нэг сая төгрөг болгон нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр тус төвийн түрээслэгчид өнгөрсөн долоо хоногт жагсаал зохион байгуулж, Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр /2019.09.24/ дээрх асуудалтай холбоотойгоор "Дүнжингарав" худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос холбогдох байгууллагуудад хүсэлт илгээх болсон талаар мэдээлэл хийв. “Дуртай үедээ гэрээгээ өөрчилж, худалдааны төвийн түрээсийг тодорхойгүй үндэслэлгүйгээр нэмэгдүүлж байгаа нь ганц түрээслэгч нарыг бус худалдан авагч нарыг давхар хохироож байна” гэдгийг түрээслэгчид онцоллоо.
Түрээслэгч Ж.Сүхбат “Би "Дүнжингарав" худалдааны төвийн ууган түрээслэгчдийн нэг байна. Түрээслэгчдэд эздийн зүгээс энэ сарын 17-ны өдөр мэдэгдэл ирсэн. Агуулга нь лангууны түрээсийг 995.000 болгосон ба зөвшөөрч байгаа түрээслэгчид лангууныхаа гэрээг сунгуулах хүсэлтээ ирүүлж, гэрээгээ шинэчилнэ үү гэсэн байсан. Үндсэн гэрээнд заасны дагуу бол ийм асуудлыг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл бидэнд мэдэгдээгүй. Цаг тулгаж хэлсэн.
Мөн дараагаар нь энэ сарын 20-ны өдөр түрээслэгч нарт мэдэгдэх хуудас дахин ирүүлэхдээ “Энэ сарын 28-ны дотор хүсэлтээ гаргаж түрээсийн гэрээ байгуулсан тохиолдолд 6 м.кв лангууны түрээсийн төлбөрийг 990.000 төгрөгөөр тогтооно. Харин 2019.09.29-10.05-ны дотор байгуулсан тохиолдолд 1,200,000 төгрөг, энэ хугацаанаас хойшилбол 1,500,000 төгрөгөөр тогтооно” гэж оруулсан. Үүгээр зогсохгүй түрээсийн гэрээгээ ойрын хугацаанд байгуулахгүй бол гурав дахь түрээслэгчээс түрээслэх санал ирсэн гэсэн. Ингэж шахах замаар гэрээг сунгуулах нь байж болохгүй зүйл юм. Төр үндсэн үүргээ биелүүлж иргэдийнхээ дуу хоолойг сонсохыг хүсэж байна. Бид холбогдох газруудад шийдэж өгөх хүсэлт илгээх тул хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Түрээсийг үндэслэлгүй нэмэгдүүлж буй хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэлээ.
Мөн түрээслэгчдийн зүгээс энэ асуудалд төр анхаарч, “Дүнжингарав” худалдааны төвийн эздэд хариуцлага тооцохыг шаардаж буй ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хангай, дэлхий хавчсан биш гэдэг шиг заавал тэр өсгөсөн үнэтэй газар байх гээд яадийн.