“Балдорж” шагналын 2019 оны Гран при  тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулдаг “Балдорж” шагналын эзэн тодруулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр Улаанбаатар зочид буудалд боллоо.  “Балдорж” шагнал олгох ёслолын ажиллагааг “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.  “Балдорж” шагналын анхны эзнээр 2009 онд сэтгүүлч Б.Ганчимэг тодорч байсан юм. Мөн сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Ж.Гангаа, Г.Отгонбаяр, Ж.Тэгшжаргал, Хүрээлэн төслийн М.Буянбадрах, У.Ганбаяр болон Э.Хүрэлбаатар, Ц.Цэвээнхэрлэн нарын сэтгүүлчид  “Балдорж” шагналын эзэн болж байв.

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын 2019 оны IV улирлын дүнгээр тунаж үлдсэн нийт 12 бүтээл “Балдорж” шагналд нэр дэвших эрхээ авсан билээ. Энэ жилийн “Балдорж” сангийн эзнээр “Хүрээлэн” төслийн баг “Н.Ганбаяр, М.Буянбадрах “Калмык их нүүдлийн мөрөөр”, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ шалгарлаа. Ур чадвараар шилдгээр “Ub.life” сайтын сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлага, шалгарсан бол тусгай байранд “Ikon” сайтын сэтгүүлч Ч.Болортуяа “ЖДҮ-г тойрсон цуврал нийтлэл сурвалжилга”, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” нийтлэл тус тус шалгарлаа.

 

Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр “Одоогоос 10 жилийн өмнө Ц.Балдоржийн нэрэмжит шагнал гардуулах санал санаачилгыг түүний гэр бүл, үр хүүхэд гаргаж, сэтгүүлчдийн оюуны хөдөлмөрийг үнэлэх, урам зориг өгөх зорилгоор эхэлсэн анхны шагналыг сэтгүүлч Б.Ганчимэг гардан авч байсныг би тодхон санаж байна. 10 жилийн дараа энэхүү тайзнаа энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа бэлгэшээж байна.” гэсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ц.Балдорж миний амьдралд үнэтэй сургаалаа хайрлаж байсан хүндтэй хүн. Тэр хүн өдгөө үгүй ч гэсэн түүний хийж бүтээж байсан гэгээн үйлс нь бидний зүрх сэтгэлд үргэлж мөнх оршдог. Тэрээр ардчилсан нийгмийн, чөлөөт сэтгүүл зүйг үндэслэж, олон сэтгүүлчдийн бэлтгэн төрүүлсэн сэтгүүл зүйн эцэг байсан. Ард түмнийхээ оюун бодлыг гэгээрүүлэхэд, улс орноо шударга нийгэмд амьдруулахад асар их үүрэг гүйцэтгэсэн соён гэгээрүүлэгч хүн.  Түүний бичсэн “Далайн ээж цаазын тавцанд” гэсэн агуу нийтлэл үеийн үед далай ээжийг мөнхөд оршин тогтнуулж байгаа гэж би боддог.  Ц.Балдорж агсан хариуцлагатай уул уурхайн тухай хамгийн эхэнд дуугарч байсан. Өнөөдөр ч хариуцлагатай уул уурхайн талаар дуугарч байгаа сэтгүүлч байгаа. Би ч гэсэн хариуцлагатай уул уурхайн төлөө уул уурхайн салбарт ургасан зэрлэгийг нь зулгааж байгаа болохоос зүлгийг нь зулгаагаагүй гэдгээ зориуд хэлж байна. Цаашид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тал дээр Улсын Ерөнхий сайдын хувьд онцгой анхаарах болно. Энэ бол Ц.Балдорж агсны хүсэж мөрөөдөж, хийж хэрэгжүүлж байсан ажлынх нь үргэлжлэл болно гэдэгт огт эргэлзэхгүй байна. Шонхрууд тулалдаанд нисдэг гэж сайхан үг байдаг. Улс орондоо шударга ёс тогтоохын төлөө, ард иргэдээ соён гэгээрүүлэхийн төлөө, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө сэтгүүл зүйн салбарын эрхэм хүндэт сэтгүүлчид та бүхэн шонхор лугаа хамгийн түрүүнд нисэж ажиллана гэдэгт итгэл төгс байна.” гэлээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Балдорж сангийн үүсгэн байгуулагч Н.Шүр, Соёл урлагийн их сургуулийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос,  гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ж .Баянсан, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор С.Чулуун, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Пүрэвдаш, зохиолч, судлаач, доктор П.Батхуяг, Соёлын гавьяат зүтгэлтэн Г,Золжаргал, “Балдорж” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баярмагнай, Ц.Ариунаа “Guru media” -ийн гүйцэтгэх захирал, “Балдорж” шагналт, сэтгүүлч нар багтсан юм. Энэ жилийн онцлог нь сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан туршлагатай сэтгүүлч нараас бүрдсэн зөвлөх баг ажилласан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зѳв(103.26.195.147) 2019 оны 09 сарын 27

Хүрээлэн тѳсѳл бэст

0  |  0
Top