ЗИНДАА 2019.09.27 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

#1 ХОЁР НАМЫН ЗӨВШИЛЦӨЛ ХӨШИГНИЙ ХААНА ӨРНӨХ ВЭ?!

Парламентад суудалтай улс төрийн хоёр том нам зөвшилцөхөөр хөшгөө татлаа. Харин одоохондоо тэдний зөвшилцөл хөшигний хаана өрнөхийг тааж хэлэхэд эрт байна. Учир нь, улс төрийн нөхцөл байдал маш эмзэг, тэр хэрээр хаашаа ч хөвөрч мэдэхээр хүндхэн нөхцөлд байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга ч, АН-ын зөвлөлийн дарга ч тэр аль аль нь хүлээн зөвшөөрсөн билээ. Нөгөө талаараа өнөөгийн улс төр тогтворгүй байгааг Төрийн ордны гадна, дотно өрнөж байгаа өдөр тутмын үйл явдлаас хэн хүссэн нь олоод харчих боломжтой байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн улс төрийн гол сэдэв бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан хориг, УИХ-ыг тараах эсэх асуудлыг дагаад ээлжит бус сонгуулийн сураг юм. 

Тэгвэл яг дээрх асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг АН-тай зөвшилцөхөөр ширээний ард суух нь ээ. Зөвшилцөх саналыг эрх баригч намынханд сөрөг хүчний зүгээс тавьсан. Тэрхүү саналыг нь УИХ дахь МАН-ын бүлэг хүлээж авсан тул өчигдрийн бүлгийн хуралдаанаа ирэх даваа гараг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгээр гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаашид яаж явуулах вэ гэдэг асуудал, АН-аас гурван асуудлаар зөвшилцөх санал ирүүлснийг ярилцахаар төлөвлөсөн байсан. Бүлгийн гишүүд нэг дэх асуудлыг ирэх даваа гарагт бүлгийн хурлаар хэлэлцэхээр шийдлээ. Мөн АН-тай уулзаж зөвшилцөх асуудалд анхаарч Ажлын хэсэг гаргахаар болсон. Энэ Ажлын хэсэг АН-тай ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал болон ээлжит бус сонгууль явуулахтай холбоотой гурван асуудлаар санал солилцож зөвшилцөнө" гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 ҮНЭН БА ӨНГӨТ СЭТГҮҮЛ ЗҮЙ

Жилдээ нийтдээ хоёр сая ам.долларын реклам, зар сурталчилгааны эргэлттэй сэтгүүл зүй хэмээх “зах зээл” дээр хэдэн зуун аж ахуйн нэгж буюу тэр тооны мэдээллийн хэрэгсэл амин зуулгаа залгуулах төдий оршин тогтнож байна. Сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн хэрэгслийн тоог орлоготой нь харьцуулаад үзвэл амь зуух төдий байдалтай ажиллаж байна гэж дүгнэхээс аргагүй. Хамгийн гол нь тэр хэмжээний орлогоор санхүүждэг салбараас “хараат бус” сэтгүүлзүйн бүтээгдэхүүнийг шаардах, хүлээх ямар ч бололцоо байхгүй гэдгийг хөндлөнгийн судалгааны байгууллага тогтоосон байдаг юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулж буй тэдгээр компаниудыг өөрийгөө хэрхэн санхүүжүүлэх, бизнесээ яаж хөтлөн явуулахыг нь хэн нэгэн зааж чиглүүлэх, үүрэгдэн зааварчлах эрхгүй ч шударга үнэн, бодит мэдээллийг шаардах эрх иргэдэд бий. Төсвийн дэмжлэг гээч зүйлгүй, цэвэр зах зээлийн зарчмаараа ажиллан ам зууж ирсэн чөлөөт хэвлэл мэдээлэл санхүүжилтийн эх үүсвэрээ даган томоохон эрх ашиг бүхий мөнгөтэй хэсгийнхний “дуу хоолой”-г дагах явдал бийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Үүнээс үүдээд тодорхой хэсгийнхний эрх ашиг, үзэл суртлыг илэрхийлэх, хамгаалах үүрэг бүхий “өнгөт сэтгүүл зүй” сүүлийн 30 жил амжилттай хөгжсөнийг ч одоо хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Үйл явдлыг үнэн бодитой, өнгө будаггүй, гэхдээ бүрэн гүйцэд мэдээлэх, тайлбарлан таниулах, эцэст нь дүгнэлт хийх бололцоог хэрэглэгчид үлдээх гэдэг сэтгүүл зүйн энгийн зарчим  бүдгэрч, эрх ашигт үйлчилсэн үзэл суртлыг тунхаглан тулгадаг “өнгөт” сэтгүүл зүй хүч түрсэн нь өнөөх санхүүжилттэй холбоотой.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ТӨСВИЙН ЗАРЛАГА ТҮҮХЭНД АНХ УДАА 14 ИХ НАЯДЫГ ШҮРГЭХ НЬ

Уг нь улсын төсөв гэдэг ойлголт иргэн бүрийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой. Гэвч нийгмээрээ, нийтээрээ жил жилийн өдийд л  төсөвт анхаарал хандуулдаг жишигтэй. Зүй нь төсөв хуульчлагдан батлагдсаны маргаашаас эхлээд дараагийн жилийн төсвийн тоонуудыг бодлого боловсруулагчид тооцож, сахилга баттай, орлого, зарлагын тэнцвэрийг зохистой түвшинд барьсан төсвийг зохиохын тулд анхаарах ёстойг мэргэжилтнүүд хэлдэг. Харин бодит байдал дээр төсвийн зураглал хөрсөн дээр буухдаа эрх баригчдын ая данд нийцсэн байдалтай болдог нь  нэгэнтээ ил болсон зүйл. Өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сонгуулийн жилийн буюу ирэх оны нэгдсэн төсвийн төслийг спикерийн ширээнд тавихаасаа өмнө хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө төсвийн сахилга батыг цаашид үргэлжлүүлэн сахина гэсэн. Гэвч сайдын танилцуулсан тоонууд  өөрийг өгүүлж байгаа юм. Энэ оны төсвийг батлахдаа алдагдлыг нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр баталж байсан бол 2020 оны хувьд энэ хувь хэмжээг бууруулж, алдагдлыг нь 5.1 хувьтай тэнцүүлэн барихаар төсөлд тусгасан гэсэн л дээ.

Тэгвэл 2020 оны нэгдсэн төсвийн орлогыг энэ оныхоос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.8 их наяд төгрөг байхаар тооцсон бол зарлагыг нь 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг байхаар тооцжээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл буюу орлого, зарлагын зөрүү нь  -2.1  их наяд төгрөг болж байгаа юм. 2019 оны тухайд төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байсантай зэрэгцүүлж харахад 2020 оны төсвийн алдагдлын тоо хэмжээ энгийн үзэгдэл мэт боловч орлогыг өсгөж тооцоод зарлагаа нэмжээ.

Энэ оны тухайд төсвийн орлого 9,676.5 их наяд төгрөг, зарлага нь 11,589.1 их наяд төгрөг байхаар тооцож, хуульчилсан. Төсөвт тодотгол хийгээгүй учраас энэ тоо хэмжээ хэвээрээ. Тэгэхээр ирэх онд төсвийн зарлагыг 14 орчим их наяд төгрөгт шүргүүлж тооцоод буйг айсуй хямралын өмнө амжиж хийж байгаа зүй зохистой зарцуулалт гэх үү. Эсвэл сонгуулийн жилийн онцлог бүхий төсөв гэх үү гэдэг асуудал яригдаж таарна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ДОРНОДЧУУД МЭНЭНГИЙН ТАЛАА ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ САНАЛ ГАРГАЛАА

Дорнод аймгийн хувьд уул уурхайн нөлөөллөөс үүдэн 1447 га газар эвдэрсэн байна. Эдгээр эвдэрсэн газруудын эзэн холбогдогчийг тогтоох, нөхөн сэргээлт хийлгэх ажлыг хуулийн байгууллага хариуцан ажиллаж эхэлжээ. Тус  аймагт тулгамдаж буй асуудал нь газрын тос тээвэрлэлтийн замыг хатуу хучилттай болгох, газрын тосны талбайн нөхөн сэргээлт хийх, Петрочайна дачин тамсаг компанийн туслан гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах зэрэг асуудал байна гэдгийг Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Эрдэнэбаяр мэдээлж байв. Түүнчлэн иргэдийн зүгээс тус аймгийн Матад суманд газрын тосны олборлолт явуулж буй “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэхүү компанийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэдгийг хэлж байсан юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ТАКАНОФҮЖИ: БИ ЗОДОГ ТАЙЛМААРГҮЙ БАЙНА

Туслах бөхөө зодсон хэргээр Сүмо бөхийн холбооноос зодог тайлах шийтгэл хүлээсэн Чиганоүра дэвжээний жюүрёо зиндааны бөх Таканофүжи өнөөдөр /2019.09.27/ Японы Боловсрол, соёлын яаманд өмгөөлөгчдийн хамт хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Зодог тайлах шийтгэл гэдэг нь хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд зодог тайл, тэгвэл шийтгэл оноохгүй гэсэн утгатай бөгөөд эсэргүүцвэл Сүмогийн холбооноос хөөх шийтгэл оноодог.

Одоогийн байдлаар Таканофүжи зодог тайлах бодолгүй байна.  

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top