ҮНЭН ба ӨНГӨТ сэтгүүл зүй

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

-Үнэнийг баримтаар, үйлдлээр илчлэн гаргаж, нийгэмд асуудал, шийдэл нийлүүлж байгаа сэтгүүлчдийг мохоох гэсэн улстөрчдийн “шантааж” өнөөдөр ганц нэг сэтгүүлчийн эсрэг биш нийт салбарын эсрэг чиглэж байгаа юм биш биз дээ?-

Жилдээ нийтдээ хоёр сая ам.долларын реклам, зар сурталчилгааны эргэлттэй сэтгүүл зүй хэмээх “зах зээл” дээр хэдэн зуун аж ахуйн нэгж буюу тэр тооны мэдээллийн хэрэгсэл амин зуулгаа залгуулах төдий оршин тогтнож байна. Сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн хэрэгслийн тоог орлоготой нь харьцуулаад үзвэл амь зуух төдий байдалтай ажиллаж байна гэж дүгнэхээс аргагүй. Хамгийн гол нь тэр хэмжээний орлогоор санхүүждэг салбараас “хараат бус” сэтгүүлзүйн бүтээгдэхүүнийг шаардах, хүлээх ямар ч бололцоо байхгүй гэдгийг хөндлөнгийн судалгааны байгууллага тогтоосон байдаг юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулж буй тэдгээр компаниудыг өөрийгөө хэрхэн санхүүжүүлэх, бизнесээ яаж хөтлөн явуулахыг нь хэн нэгэн зааж чиглүүлэх, үүрэгдэн зааварчлах эрхгүй ч шударга үнэн, бодит мэдээллийг шаардах эрх иргэдэд бий. Төсвийн дэмжлэг гээч зүйлгүй, цэвэр зах зээлийн зарчмаараа ажиллан ам зууж ирсэн чөлөөт хэвлэл мэдээлэл санхүүжилтийн эх үүсвэрээ даган томоохон эрх ашиг бүхий мөнгөтэй хэсгийнхний “дуу хоолой”-г дагах явдал бийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Үүнээс үүдээд тодорхой хэсгийнхний эрх ашиг, үзэл суртлыг илэрхийлэх, хамгаалах үүрэг бүхий “өнгөт сэтгүүл зүй” сүүлийн 30 жил амжилттай хөгжсөнийг ч одоо хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Үйл явдлыг үнэн бодитой, өнгө будаггүй, гэхдээ бүрэн гүйцэд мэдээлэх, тайлбарлан таниулах, эцэст нь дүгнэлт хийх бололцоог хэрэглэгчид үлдээх гэдэг сэтгүүл зүйн энгийн зарчим  бүдгэрч, эрх ашигт үйлчилсэн үзэл суртлыг тунхаглан тулгадаг “өнгөт” сэтгүүл зүй хүч түрсэн нь өнөөх санхүүжилттэй холбоотой.

Төрийн шийдвэр гаргах эрх мэдлийг “хувьчлан авах” замаар аливаа шийдвэр, хууль дүрмийг өөрсдийн талд гаргуулж, илүү хөрөнгөжсөн хэсэгт сэтгүүл зүйн тодорхой хувь үйлчилж ирсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх нь гашуун л даа. Гэвч сэтгүүлчид, салбарынхан үүнийгээ юун түрүүнд хүлээн зөвшөөрөх нь ардчиллын амин сүнсийг тээж авч яваа сэтгүүл зүйн салбартаа хэрэгтэй юм. Түүнээс бус олон нийтийн тархийг “өнгөт” нийтлэл, мэдээллээр “угааж” улс төр, бизнесийн эрх ашиг, үзэл суртлаа сэтгүүл зүйгээр дамжуулан гүйцэлдүүлж ирсэн бүлэглэлүүдэд бол ашиггүй. Учир нь хэвлэлийн эрх чөлөө, хуулийн хамгаалалт, үнэний эрэлхийлэл, нэг үгээр бол санхүүгийн хараат бус байдал бүхий хүчирхэг сэтгүүл зүйгээс хамгийн түрүүнд эрх мэдэлтнүүд, тэдний ард нуугдсан бизнесийн бүлэглэлүүд айн бэргэдэг. Зөвхөн Монголд ч бус дэлхийн улс орнуудад нэг адилхан үйлчилж ирсэн зүй тогтол юм.

Сэтгүүлчдийн үнэнийг эрэлхийлсэн, эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг хөндсөн үйл ажиллагааг сааруулах, хэн нэг ман­лайлагчийг нь мохоох, дунд нь хагалан бутаргах замаар хүчгүйдүүлэх арга ажиллагааг “бүлэглэлүүд” юун түрүүнд хэрэгжүүлдэг гэх юм билээ. Тэгж яривал 90 оны ардчилсан хувьсгалын дараагаас өрнөсөн ардчилагчдын арга ажиллагаанаас ч энэ “бохир дүрэм” үнэртдэгийг хэлэх хүн бишгүй олдоно. Уг нь тэд л хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагчийн дүрээр гучин жилийн өмнө тодорсон санагдах юм. Гэвч бидний аль сайхан итгэл үнэмшлийн ард хуулийн хулгай луйвар нуугдаж ирснийг одоо олонх маань ойлгодог болжээ.

Улс төрийн эрх мэдэлтнүүдийн гараар хууль, шийдвэрийг хулгайлах замаар өөрсдөдөө давуу байдал олж аван хөрөнгөжсөн нөхдөд нийгэм бухимдаж байгааг хэлэх, ярих, бичих нь зүгээр л популизм биш юм. Үүнийг баримтаар, үйлдлээр илчлэн гаргаж, нийгэмд асуудал, шийдэл нийлүүлж байгаа сэтгүүлчдийг мохоох гэсэн улстөрчдийн “шантааж” өнөөдөр ганц нэг сэтгүүлчийн эсрэг биш нийт салбарын эсрэг чиглэж байгаа юм биз дээ гэсэн болгоомжлол ч төрөх боллоо.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “хараат бус сэтгүүл зүйн төлөө тэмцлээ эхлүүлж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл түүний эл үйлдлийн эсрэг чиглэсэн сүрдүүлэг мөн албан ёсоор эхэлж байх шиг байна. Нэг сэтгүүлч маань индэрт гарч ирээд түүнийг албан тушаалаас нь буулгах ёстой хэмээн мэдэгдлээ. Яагаад гэдгээ тайлбарлахдаа “уул уурхайтай тэмцэж байгааг” нь буруутгаж, сэтгүүлчдийн байгууллагад хамаагүй ажил хэмээн үзэж байгаагаа ч илэрхийллээ.

Хариуцлагагүй уул уурхай, хуулийг худалдаж авдаг булхай луйвар, үүний ард сүйдэж буй байгаль орчин, хохирч байгаа нийтийн эрх ашиг ЯАГААД сэтгүүлчид хамаагүй гэж?!

Сэтгүүлчид шийдвэрт нөлөөлөхүйц бодит үнэнийг, баримтыг гаргаж тавих нь яагаад буруу гэж. Үүнд хэн нэгэн нь салбарынхнаа уриалан дуудах нь яагаад сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагад хамаагүй ажил гэж?

Яг ийм буруутгалыг бодож олоод сэтгүүлчдийг дунд хагаралдуулан хүчгүйдүүлэх нь хэнд ашигтай байж болохыг бодоцгооё. Биднийг дуугүй байлгахыг хэн хүсээд байна вэ?

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top