Дорнодчууд Мэнэнгийн талаа хамгаалалтад авах санал гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Уул уурхайн салбарыг хариуцлагажуулах, уурхайн үйлдвэрлэлийг хуулийн хүрээнд явуулах, уул уурхайн сайн жишгийг дэмжих зорилготой “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг зүүн гурван аймагт болж байна.

Энэхүү хэлэлцүүлэг Хэнтий аймгаас эхэлж, Дорнод аймгийн Чойбалсан хотноо хоёр дахь өдрөө амжилттай үргэлжиллээ. Хэлэлцүүлгийн эхэнд, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох “Аймгийн ИТХ нь 2016 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын лицензийг цөөлөх бодлого баримталж ирсний үр дүнд 2017-2019 онд Ашигт малтмал, газрын тосны газраас 13 суманд 246 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авахаар хүсэлт ирүүлснийг аймгийн хурлын тэргүүлэгчид хэлэлцээд 244 талбайд татгалзсан хариу өгсөн.

Статистик мэдээллээс харахад, Дорнод аймаг нь зүүн бүсийн аймгуудтай харьцуулахад ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр хамгийн цөөн мөн нутаг дэвсгэртэй нь харьцуулахад ашигт малтмалын талбайн хувь нь хамгийн бага байна.

Хэдийгээр бусад аймгаас бага байгаа нь сайшаалтай хэдий ч хариуцлагагүй, байгаль экологид хортой үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн байгууллага ганц байлаа ч ганцдахгүй. Цаашид бид энэ байгууллагуудыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр анхаарч ажиллана” гэсэн юм.

Үүний дараа хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн Н.Энхбат, “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Ц.Баяраа нар оролцож хариуцлагатай уул уурхайн жишиг, уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчны талаар илтгэл тавьсан юм.
 


“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВОЛ
МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ ТАСАРНА ГЭВ

Дорнод аймгийн хувьд уул уурхайн нөлөөллөөс үүдэн 1447 га газар эвдэрсэн байна. Эдгээр эвдэрсэн газруудын эзэн холбогдогчийг тогтоох, нөхөн сэргээлт хийлгэх ажлыг хуулийн байгууллага хариуцан ажиллаж эхэлжээ. Тус  аймагт тулгамдаж буй асуудал нь газрын тос тээвэрлэлтийн замыг хатуу хучилттай болгох, газрын тосны талбайн нөхөн сэргээлт хийх, Петрочайна дачин тамсаг компанийн туслан гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах зэрэг асуудал байна гэдгийг Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Эрдэнэбаяр мэдээлж байв. Түүнчлэн иргэдийн зүгээс тус аймгийн Матад суманд газрын тосны олборлолт явуулж буй “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэхүү компанийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэдгийг хэлж байсан юм.

Мөн аймгийн удирдлага, ИТХ болон нийт Дорнодчууд “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагаа зогсоох, Мэнэнгийн талаа улсын тусгай хамгаалалтад авах тухай санаачилга гаргаад байгаа аж. Гэсэн ч “Петрочайна дачин тамсаг” компани нь уул уурхай, газрын тосны салбарын их хэмжээний татвар төлөгч байгууллагуудын нэг учраас Монгол Улсын төсөв тасарна гэх шалтгаанаар дээд шатны байгууллагууд саналыг хүлээн авдаггүй байна.

Жишээлбэл, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Петрочайна дачин тамсаг” компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь 19 хоног зогсоосон боловч улсын төсөв тасарна гэх шалтгаанаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг удирдах байгууллагуудаас шүүмжлэл ирүүлсэн тохиолдол бий. Иймд томоохон компаниудтай холбоотой шийдвэрүүд аймгийн удирдлагын хэмжээнээс хэтэрсэн гэдгийг иргэд, албан тушаалтнууд дуу нэгтэйгээр хэлж байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Гуравдугаар багийн иргэн Д.Баатарчулуун “Өнөөдөр удирдлагууд маань эх нутгаа хятадуудаар хүрээлүүлж, газар нутгийг маань тэд ухаад дуусаж байна. Манай аймгийн нүүрс, жонш, газрын тосыг бүгдийг аймгийн удирдлагын хэдэн хүмүүс хятадуудтай хувааж идэж ууж байна. Өнөөдөр ард түмэнд ямар ч хүртээлгүй байна. Энэ хүмүүсийг тойрсон хүмүүс хулгайг нь магтаад байхаас илчилж байгаагүй юм. Би өнөөдөр энэ тухай хэлэх ёстой юм. Үр хүүхэд ач зээгийнхээ төлөө би хэлж байна. Төр улс нь хуулиа чангалж өгөөч ээ гэж хүсэж байна” гэлээ.

Дорнод аймгийн Чойбалсан сумын малчин Б.Лхагважав “Энэхүү хэлэлцүүлгийг хийж байгаад талархаж байна. Цуварч явсан бараас цуглаж суусан шаазгай дээр гэдэг шиг олноороо цуглаж хийх нь зөв. Гэхдээ үр дүн гарна гэж нэг их найдахгүй байна. Гэхдээ миний хувьд энэ газар нутаг маань үржил шимээ алдахаас гадна нэр усаа ч алдсан. Нутаг орныг нэрээр нь нэрлэхээ больсон. Ерөөсөө л 19, 20, 21 гэсэн нэртэй болсон. Хойч ирээдүйд маань энэ газрын нэр ч үлдэхгүй байх вий. Тиймээс “Нутгаа аваръя чойбалсанчууд аа” хөдөлгөөнийг бид байгуулсан. Бидний зүгээс “Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой зөрчлийг Ерөнхий сайдад мэдүүлээд байгаа” гэсэн юм.

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн, “Архидалтын эсрэг” ТББ-ын тэргүүн Г.Даваасүрэн “Дорнод аймагт “Петрочайна Дачинтамсаг” компани энд олон жил үйл ажил­лагаа явуулж байгаа. Гэтэл бид нарт ашигтай, орон нутагт үр өгөөжтэй зүйлс өгсөн нь хэр билээ. Олборлолтын талбайд ирсэн хотын хүмүүс инээлдээд явж байна гэнэ. Тэгэхээр энэ авлигачдыг бид үгүй хийх хэрэгтэй байна. Би өнөөдөр үгээ хэлэх гээд ирлээ. Та бүхэнд сэтгэлээрээ их талархаж явдаг. Иргэний нийгмийн байгууллагууд маань нэгдэж үнэн шударгын талаар ярьж байгаад баярлаж байна. Ард иргэд, Дорнодчууд бид сэрэх цаг болсон. Ард түмэн маань бид нарын төлөө ирж байхад бид Солонгос хоол идээд, Хятад хоол идээд сууж байж болохгүй. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд их баярлаж байна. Зоригтой шийдвэр гаргаж байгаад нь баярлаж явдаг” гэлээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн иргэн өндөр настан Д.Долгорсүрэн “Би уул уурхайг зөв талдаа байвал дэмжинэ. Ганцхан буруу талдаа байвал дэмжихгүй. Би монгол оронд төрж өссөн. Гэвч хүний нутагт байгаа юм шиг байдаг. Гэрийг минь тойроод хайрга элс олборлож байна. Одоо бүр хаашаа ч гарах эрхгүй. Нүхэн дотор байгаа. Тиймээс бид нар хайрга авдаг газраа нүүлгэж өгөөч гэж хүссэн. Элс татаж байгааг бид нар эсэргүүцээгүй. Энд багаа төлөөлж ирсэн. Үгийг минь  ерөнхий сайдад дамжуулж өгөөрэй. Манай багаас нэг өдөрт 22 машин хайрга авахаар ирж байна. Ийм л хэцүү нөхцөлд амьдарч байгаа. Одоо Дорнодыг тойроод л ухаж байна. Бадаргүр, модон гүүрний урд талын Сүх-Индэр гээд ухаагүй газар үгүй боллоо” гэлээ. 

Дорнод аймгийн иргэн “Халх гол Дорнын сав газраа хамгаалах” ТББ-ын тэргүүн Б.Ганцогт “Дэлхийд хосгүй тал нутаг сүйдсэн, олон сая зээр бэлчдэг байсан зээр алга болсон. Дорнодын талаар газрын тосны машинууд зайгүй давхилдаж ирсэн учраас 2009 онд гаргаж ирснээс хойш байгаль орчны талаар асуудлыг хөндөж эхэлсэн юм. Хууль биелүүлэх Газрын тосны газар, Ашигт малтмалын газруудад санал өгсөн боловч өнөөдрийг хүртэл хууль зөрчигдсөн хэвээр байгаа.  2018 онд “Петрочайна дачин тамсаг” компанийг шүүхэд өгсөн. Шүүхээс газрын тосны хуулиараа сумын удирдлагатай гэрээгээ хийх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч биелүүлэхгүй байгаа. Тухайн орон нутагт үр өгөөж өгсөн зүйл алга байна. Тиймээс ерөнхий сайд та уул уурхайгаас гадна газрын тосны энэ асуудлыг анхааралдаа аваарай гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Дорнод аймгийн иргэн Б.Ган­чөдөр “Өнөөдөр хуран цуглаад энэ асуудлыг ярьж байгаад баяртай байна. 19, 21 дүгээр талбайд хууль бус асуудал маш их байдаг. Тэнд бэлгийн дарамтад орсон, хоёр гурван иргэн хуруугаа тастууллаа гэх мэтээр ярьж байна. Асуудлыг ярихаар цагдаа нар нь баримт нэхээд байдаг. Өнөөдөр гадаадын иргэн гэхээрээ л хуулийг гууль болгож байна. Засгийн газрын гэрээ нь их нууцлагдмал гэрээ байдаг. Бид нар мэдэхгүй. Сайд нь төсөв тасалдууллаа гэдэг. Энэ талбай ажиллаа гээд халх гол хөгжөөгүй, одоо Мэнэнгийн талд цагаан зээр үгүй боллоо. Өнөөдөр иргэд үүнийг мэдэж байгаа ч Матадын иргэд хаана хэнд хандахаа мэдэхээ больчихсон” гэлээ.

“Адуунчулуун” ХХК-ын технологийн хэсгийн дарга Давааням “Өнөөдөр би уул уурхайн төлөөлөл болж ирсэн. Манай уурхай 64 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Уурхайн хариуцлага гэд­гийг нөхөн сэргээлт гэж үздэг. Манай уурхайн хувьд 66 га газарт үйлдвэрлэл явуулсан. 54 га газарт нь нөхөн сэргээлтээ хийсэн байна. Үлдсэн хэсэгт нь карьер байгаа учраас хийгдээгүй байна. Уурхай 2013 онд бутлуурын цех барьсан. Үүний цаана нь иргэдийгээ нүүрсээр хангах ажил хийгдэж байсан. Гэтэл Мэргэжлийн хяналтын газраас бутлуурын цехийг хаасан. Хотын газар гээд хаачихсан байна. Одоо өвөл боллоо. Иргэд нүүрсээ авахаар ирнэ. Тиймээс энэ газрыг манай уурхай түрээсэлье гэдэг бичиг хүртэл өгөөд байна. Өнөөдөр хариуцлагатай уул уурхай гэдэг. Хариуцлагатай уурхайгаа дэмжиж ажиллаач ээ” гэлээ.

Дорнод аймгийн Матад сумын засаг дарга Э.Төмөрбаатар “Өнөөдрийн хэлэлцүүлэгт сумын иргэдтэйгээ хамт зорьж ирлээ. Хэлэлцүүлгээр дэвшүүлэх хэд хэдэн асуудал байгаа. Бид бүхэн алдарт Мэнэнгийн, Матадын, Тамсагийн талаар бахархаж дуу шүлэгтээ оруулсан байдаг. Гэтэл өнөөдөр аврал эрээд уйлж байна. Газрын тосны үйл ажиллагаа 2015 оноос эхэлсэн. Үүнээс хойш биологийн төрөл зүйл алдагдсан. Уламжлалт мал аж ахуй алдагдсан. Тиймээс энд бид Мэнэнгийн талаа аварцгаая гэж уриалах гэж ирлээ. Газрын тосны тухай хуулийн 11,2,17 дээр гэрээ байгуулж, орон нутгийн байгаль орчныг хамгаалах ёстой. Хамгийн наад захын энэ заалтыг ч Петрочайна дачин тамсаг хангадаггүй. Заавал энэ газрыг ажиллуулах ёстой юм уу. Болдог бол олборлолт явуулмааргүй байна. Одоо бид Мэнэнгийн талаа улсын тусгай хамгаалалтад авах ажлыг эхлүүлэх ёстой юм байна. Мэнэнгийн талыг улсын тусгай хамгаалалтад авч өгөхийг хүсэж байна”

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Л.ХИШИГ­ТОГТОХ: ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХОД АЙМГИЙН ТӨВШИНД Ч ТАТГАЛЗАХ ЮМГҮЙ

Дорнод аймгийн удирдлагуудын хэрээс хэтэрсэн зүйл. Аймгийн зүгээс хаачихсан тохиолдолд улсын төсөвт орох байсан мөнгийг саатууллаа гээд асуудал үүсдэг. Өнгөрсөн жил 19 хоног хаахад  улсын төсөвт 2.3 тэрбум төгрөгийн алдагдал учирсан гэж байгаа юм. Анх хайгуулын лиценз өгөхөд сум орон нутгийн иргэдийн төлөөлөгчдөөс санал асуусан болоод түүнээс цааш ямар ч хамааралгүй болдог нь учир дутагдалтай байгаа” гэсэн юм.

Дорнод аймгийн засаг даргын тамсгийн газрын Хуулийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал “Манай иргэдийн зүгээс янз янзын байр суурь илэрхийлж байна. Ер нь бол уул уурхайн асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Иргэдийн шүүмжлэл нь баримт нотолгоотой байх хэрэгтэй. Миний хэлэх гэж байгаа гол асуудал бол уул уурхайн лиценз, агентлаг байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ маш буруу гаргаж өгдөг. Аймаг болон сумын зүгээс АМГТГ-т татгалзсан болон зөвшөөрсөн хариу өгдөг. Хэрэв хууль зөрчсөн гээд учраас орон нутгийн зүгээс зөвшөөрөхгүй хариу өгөхөөр эргээд нөгөө компани нь гурван шатны шүүхэд очиж үргүй зардал их гаргадаг. Үүний буруутан нь АМГТГ гэдгийг хэлнэ. Аймгийн зүгээс бид бүхий л эрх хэмжээндээ тэмцэж байгаа гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Ийнхүү иргэдийн бодлыг сонсож, санал солилцсоны дараа хэлэлцүүлгийг хааж Дорнод аймгийн засаг даргын орлогч Ш.Ёл үг хэллээ. Тэрбээр “Монголын төрөөс иргэд шударга ёсыг шаардаж байна. Хууль бус үйлдлийг иргэд эсэргүүцэж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт яригдаж байгаа асуудлыг холбогдох алба хаагчид тэмдэглэж аваад шийдвэрлэх талаар ажиллана. Манай аймгийн зүгээс дараах саналыг дээшээ хүргүүлж байгаа юм. 

Нэгдүгээрт, аливаа уул уурхайн лиценз олгохоос өмнө нарийвчилсан дүгнэлт гаргаж, ард иргэдийг бүгдийг нь байлгаж, саналыг заавал сонсдог болох хэрэгтэй байна. Өнөөгийн байгаа эрхзүйн орчин хангалтгүй байгаагаас үл ойлголцол үүсэж байна.

Хоёрдугаарт, Аймгуудад уул уурхайн салбар агентлаг байхгүй. Суманд уул уурхайгаар мэргэшсэн нэг ч төрийн алба хаагч байхгүй, орон нутгийн хэмжээнд мэргэжилтэн байхгүй байгаа. Хамгийн их хаягдаж байгаа салбар бол уул уурхай болоод байна. Уул уурхай хөгжсөн томоохон аймгуудад уул уурхайн тусгай мэргэжилтэн хэрэгтэй байна.

Гуравдугаарт, Тусгай зөвшөөрөл аваад л болно гэдэг асуудал ярьж байна. Гэхдээ лиценз өгөхөөс өмнө тухайн аж ахуйн нэгжид  тодорхой хууль эрхзүйн сургалт өгдөг болмоор байна.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хугацаанд нь баталж байх шаардлагатай байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эдийн засгийн үнэлгээтэй хамт хийдэг болох шаардлагатай.

Туслан гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалтыг ил тод зарладаг байх хэрэгтэй байна. Ингээд өнөөдрийн хэлэлцүүлэг үр дүнд хүрэх байх гэж найдаж байна. Хэлэлцүүлэг зохион байгуулсан, хүрэлцэн ирж санал бодлоо хэлсэн иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Зочин(202.55.188.84) 2019 оны 09 сарын 27

Энэ босоо хѳх монгол бол оросын мафиас санхүүждэг байгууллага шүү.

0  |  0
Зочин(202.55.188.84) 2019 оны 09 сарын 27

Гэрээ нь нууц байдаг гэснийг ойлгосонгүй. Ямар ч байсан энэ компанитай байгуулсан гэрээ одоогоор монголын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг гадны хѳрѳнгѳ оруулагчдаас хамгийн ѳгѳѳжтэй нь.

0  |  0
Top