Эрхлэгчийн зурвас: “Өглөөний сонин” 13 дахь жилийнхээ ажил, зорилгыг төлөвлөж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03


Өдөр тутмын “Өглөөний сонин” өдгөөгөөс яг 13 жилийн өмнө 2006 оны аравдугаар сарын 3-ны өдөр анхны №01/01 дугаараа 30 мянган захиалагчийн гарт хүргэж байв.

Яг л өнөөдрийн 3006 дахь дугаар шиг цаг агаарын мэдээтэй, цаг үеийнхээ хамгийн чухал үйл явдлыг багтаасан, ягаан толгойтой сонин Монголын хэвлэлийн зах зээлд тийнхүү мэндэлсэн юм. Тэр үед цоо шинэ сонинд итгэн захиалга өгсөн 30 мянган уншигчид, анхны дугаарыг өлгийдөн авсан үүсгэн байгуулагч Р.Хадбаатар, Ерөнхий эрхлэгч О.Мөнх-Эрдэнэ, түүний баг хамт олонд, басхүү үе, үеийн Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч, найз нөхдөдөө, үргэлж хамт байсан нийт уншигчдадаа баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Анхны дугаараас хойш өнөөдрийн 3006 дахь дугаар хүртэл амжилт бүтээл, алдаа оноо аль алийг нь багтаасан 13 жил өнгөрөхөд улс орон төдийгүй дэлхий ертөнц асар хурдтайгаар өөрчлөгдөн хөгжсөн байна. Шуудангаас эсвэл сонин борлуулалтын цэгээс өглөө бүр будаг, бал нь ханхалсан шинэ сонингоо хүлээн авдаг байсан уншигчдын маань багагүй хувь нь цахим ертөнцөд шилжин орсон байгаа нь цаг үеийн бодит байдал билээ. Сониныхоо хойноос шуудан явдаг уншигч, уншигчийнхаа араас цахимд шилжсэн сонин. Өдгөө ийм хоршил дээр “Өглөөний сонин” 13 дахь жилийнхээ ажил, зорилгыг төлөвлөж байна.

Өдөр тутмын сонины хүнд хөдөлмөр, өрсөлдөөнтэй зах зээлд өсч өндийх, өргөжин тэлэх гэдэг тийм ч амаргүй. Өнгөө өөрчилдөг үйл явдлууд дунд өөрийн дүн нуруу, нийтлэлийн бодлогын багцаа, баримжаагаа алдахгүй явах нь ч бас хялбаргүй. Тэдгээр олон сорилтын дунд шантралгүй зүтгэж, өглөө бүр шинэ сонин гаргахаар яаран тэмүүлэгч сэтгүүлчдийн ажил асар хариуцлагатай ч амттай сайхан хөдөлмөр билээ.

Монголын чөлөөт хэвлэлийн түүхэнд өөрийн хувь нэмрээ оруулж, өөрийн зам мөрөөр өсөн хөгжиж буй “Өглөөний сонин”-ы үе үеийн хамт олон, хамгаас эрхэм уншигч, хэрэглэгч та бүхэндээ баярын мэнд хүргэе. 

Ерөнхий эрхлэгч З.Боргилмаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(66.181.186.101) 2019 оны 10 сарын 03

Yambii al bn daa

0  |  0
1111(202.55.188.39) 2019 оны 10 сарын 03

10 sariin 2-нд

0  |  0
Top