Мэндчилгээ

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хангахад хэвлэлийн эрх чөлөө онцгой чухал үүрэгтэй. Монголчууд өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд өөрсдийн үнэт зүйлийг дархлах, түүнийгээ бататгах, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээн чармайсаар ирлээ. Тэдгээр үнэт зүйлсийн нэг нь хэвлэн нийтлэх эрх чөлөө юм.

Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж, төлөвшүүлэхийн төлөөх чин эрмэлзэл нь монгол түмэнд оюун санааны хувьсгалт өөрчлөлтийг авчирсан. Энэ түүхэн ололтоо бэхжүүлж, бат бэх суурьтай байлгахын төлөөх эрхэм зорилтын ачааны хүндийг Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүрсээр ирсэн нь маргашгүй үнэн.

Шударга ёс, хариуцлагатай нийгмийн төлөөх тэмцлийн түүчээ болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгэн салаа мөчир болох “Өглөөний сонин”-ы баримталдаг зарчим, үнэт зүйл нь иргэдээ бодит мэдээллээр хангах, нийгмээ соён гэгээрүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэхийн төлөө ямагт чиглэж ирсэнд Монгол Улсын Их Хурлын даргын хувьд гүнээ талархдагаа тэмдэглэж хэлье.

Монголын нийгэмд иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, олон эшт үзэл, ил тод байдал, цэгцрэх хөдөлгөөн урагшлан хөгжихийн хэрээр Та бүхний үүрэг оролцоо ч ихээхэн нэмэгдэж байгаа билээ. Энэхүү журамт үүргээ Монголын сэтгүүл зүйн салбарынхан нэр төртэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Хараат бус, иргэний, хариуцлагатай мэргэжлийн сэтгүүл зүйг буй болгох уриатай “Өглөөний сонин”-ы хамт олонд 13 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2019.10.03

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top