“Эрхэт Монгол” медиа группийн эрхлэн гаргадаг “Өглөөний сонин” өнөөдөр 13 дахь жилийн төрсөн өдөр нь тохиож, 3006 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна.
Өдөр тутмын сонины редакцийн хувьд бүхэл бүтэн 13 жилийн турш өглөө бүр шинэ сониноо дэлгэн хүргэнэ гэдэг нэр төрийн хэрэг байдаг. Ийм хугацаанд салбартаа мөртэй явна гэдэг редакцийн сэтгүүлч, баг, хамт олны бахархал болдог.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэрэгжиж эхэлсэн 1998 хойшхи 20 гаруй жилийн хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн салбарт олон зуун чөлөөт хэвлэл үүсэж, өрсөлдөөний зарчмаар ажиллаж ирсэн. Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” сонин тэдний нэг болж 2006 оны аравдугаар сарын 2-нд анхны дугаараа уншигчдад хүргэснээр эдүгээ Монголын үндэсний өдөр тутмын топ таван сонины нэгээр нэрлэгдэн, уншигчид болон салбартаа хүлээн зөвшөөрөгджээ.
“Өглөөний сонин”-ыг эдүгээ мэдээллийн Zindaa.mn сайт, “Зиндаа” сэтгүүл, “ТВ-8” телевиз, долоо хоног тутмын “Толь” сониныг харьяалдаг “Эрхэт Монгол” медиа групп эрхлэн гаргаж байгаа билээ.
Хариуцлагатай сэтгүүлзүйн зүг зорилго нэгтэй харж, нэгэн дээвэр дор хамтран ажиллаж байгаа “Өглөөний сонин”-ы редакц, хамт олондоо баярын мэнд хүргэе.
Үе үеийн сэтгүүлч, уран бүтээлч, удирдлага, чадварлаг багийнханд мөн “Өглөөний сонин”-ы төрсөн өдрийн мэнд уламжилъя.
Zindaa.mn сайтын редакц
Сэтгэгдэл ( 0 )