Өвөрмонголчууд тусгаар улс болохын төлөө тууштай тэмцвэл маш их зовно, гэхдээ эцэст нь амжилт олж магадгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08


Өвөрмонголчуудын жагсаал цуглааныг Хятадын эрх баригчид нухчин дарсаар байна. Энэ удаагийн үймээн сүүлийн 30 жил гараагүй өргөн цар хүрээтэй тэмцэл боллоо гэж зарим ажиглагчид үзжээ. Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сөнөт хошууны малчин залуу Мэргэнийг хятад жолооч нар хүнд даацын машинаар дайрч амь насыг нь бүрэлгэсэн хэргийг Хятадын шүүх хэрэгсэхгүй болгож хаасан нь ийнхүү тэмцэлд босоход хүргэсэн юм. НҮБ болон хүний эрхийн олон улсын байгууллагуудаас энэ талаар тодорхой зүйл ярихгүй байгаа нь бүр ч анхаарал татаж байна. Эх орондоо амар тайван аж төрөх боломжгүй болсон Өвөрмонголчуудын түрүүчээс Монголд орж ирлээ. Японд суралцаж байсан Рагун гэдэг залуу эх нутагтаа очихоос болгоомжлон Олон улсын байгууллагад хандан, улс төрийн орогнол хүсч хэсэг хугацаанд манай улсад саатахаар шийдсэн  байна. Хятад улс одоо 1,6 тэрбум орчим хүн амтай. Өвөрмонголчууд нь 6 сая гаруй. Гадаад улс оронд урт богино хугацаагаар оршин сууж буй олон хүн бий. Зөвхөн Японд гэхэд 10 гаруй Өвөрмонгол хүн байгаа. Оросын Алс дорнод буюу Сибирь орчмоор 30 гаруй мянган Өвөрмонгол байдаг гэнэ. Ер нь Сибирьт сүүлийн үед хятадууд ч олноороо суурьших болжээ. Үүнтэй холбогдуулан Оросын Ерөнхийлөгч Медведев ард түмнээ Сибирь рүү нүүж очихыг уриалж байна. Тэрээр хязгаар нутгаа харийнханаар дүүргэхгүй гэж ийнхүү хүч чармайлт тавьж буй ажээ. Өнөөдөр манай урд хөршийн удирдагчид хатуу гараар хүн амаа барьж залахыг хүсч байна. Тийм олон хүнийг нэг жолоон дор залж явна гэдэг тийм амаргүй ч засаглалын хэт төвлөрөл нь аажимдаа задралд хүргэж болохыг хатуу сануулж эхлэв бололтой. Төр засгийн зарим томчууд нь ч үүнийг хүлээн зөвшөөрч сүүлийн үед хүний эрхийг хөсөрдүүлсэн дарангуйллын системээ өөрчлөх цаг болсон гэж мэдэгдэж байна. Гэхдээ Хятадын Коммунист нам чөлөөт ардчилсан тогтолцоо руу шилжтэл ихээхэн цаг хугацаа хэрэгтэй биз ээ. Магадгүй, тэгж чадах ч үгүй байх. Саяхан Английн улс төр судлаач доктор Уорн Хагуй “Хятад улс Бүгд найрамдах улс гэдгээ мартсан бололттой. Мэдээж хэрэг, хатуу чанд хууль л тэднийг номхотгож байгаа. Зарим үндэстэн ястны хооронд үл ойлголцол гарч л байдаг. Гэхдээ энэ удаагийн жагсаал бол НҮБ-ын хүний эрхийн талаар авч хэлэлцэх том хэмжээний асуудал бололтой. Энэ улсад хүмүүсийг дарангуйлах замаар төр засгийнхаа эсрэг жагсах зүрх зориггүй болгодог нарийн арга ухаан олон жил уламжилж ирсэн. Олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ талаар ямар нэг мэдэгдэл хийхгүй байгаад гайхаж байна. Хэрвээ энэ улсад иймэрхүү бослого гарсаар байвал бүгд найрамдах бус харин хан үндэстэй Хятад улс болж хувирна. Өвөрмонголчуудыг энэ хэвээрээ дарлаад байвал Хятадад багтаж байгаа Тайвань, баруун бүсэд нь байгаа Түвдүүд хүртэл эсэргүүцэн босч магадгүй юм. Ийм зүйл болвол Хятад их гүрэн цаашид оршин тогтнох нь эргэлзээтэй болно” гэжээ. Үнэхээр тийм болж болох юм. Түвдүүд хэзээнээсээ Хятадын эсрэг тэмцсээр ирсэн. Томоохон бослого үймээн  өнгөрсөн онд ч болж л байлаа. Хэрвээ Өвөрмонголчууд тусгаар улс болох гээд цаашид тууштай тэмцвэл хэзээ нэгэн цагт энэ зорилгоо биелүүлэх боломж харин гарч ирж магадгүй. Хятадын удирдагчид одоо ар Монголын ийм нөлөөллөөс болгоомжилж байгаа болов уу. Манай төр засгаас шууд Өвөрмонголчуудыг тусгаар болох ёстой гэж хэзээ ч мэдэгдэл хийхгүй байх. Харин манай үндэсний үзэл санааны үнэр нэвт шингэсэн иргэний байгууллагуудын зарим санаачлага тийшээ чиглэх магадлалтай. Өвөрмонголчууд ингэж дотоод гадаадаасаа үзэл санааны дэмжлэгтэйгээр тусгаар улс байхыг зорьж тэмцэх юм бол Хятадуудад бараг тэн хагас нь нухуулна. Гэвч эцсиийн дүнд тэд үндэстнээ үндэстэн чигээр нь авч үлдэж чадах биз ээ. Яагаад гэвэл Америк тэргүүтэй их гүрнүүд тэндэхийн газар нутаг дээр өөрсдийн эрх ашгийг суулгаж өгөх хүсэл сонирхол нь хэзээ ч бөхөхгүй. Тэрхүү ашиг сонирхлыг нь харин зөв тэнцвэржүүлээд, өөрсөддөө ашигтайгаар эргүүлж, иргэний ардчилсан нийгэм рүү хөл тавьж болно. Өвөрмонгол бол харьцангуй байгалийн баялаг, өгөөж сайтай нутаг орон. Энэ нь дамаа манай монголчуудад ч ашигтайгаар тусах байх. Өмнөд талдаа Хятад их гүрнээс тусгаарласан “бамбай” улс оршин байх тул үндэстэн маань наад зах нь аажимдаа хятадчилагдах аюулаас аврагдана. Үүнийг уншсан хэн бүхэн ундууцаж сууж магадгүй.  Гэхдээ манай үндэс угсаа нэгт өвөрмонголчуудын хувь заяа одоогоор бүрхэг байна. Тэнд өрнөөд байгаа тэмцлийн улмаас Хятад удирдагчдын үлдээх ташуурын шарх хэдэн жил анихгүй сэдэрч явахыг хэн ч үл мэдэж буйд асуудлын бас учир шалтгаан байгаа болов уу. 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал      

        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top