ШИНЭ НОМ: Үй Хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл” роман орчуулагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

 

"Тагтаа" хэвлэлийн газраас гаргаж буй ээлжит орчуулгын бүтээл бидний гар дээр ирэхэд бэлэн болоод байна. 

“Амьдрахуй” романаараа монгол уншигчдын дунд хэдий нь танигдсан, Хятадын өнөө цагийн нэрт зохиолч Үй Хуагийн нэрийн хуудас болсон бас нэгэн алдартай бүтээл бол “Цусаа худалдсан тэмдэглэл” роман билээ. Ерөөд оны эхээр Хятадын Хэнань мужийн Кайфэн хот хийгээд хотыг тойрох тосгодыг улсын цусны төвүүдийг цусаар хангах чиг үүрэг бүхий үлгэр жишээ суурингууд болгосноор тэнд цус худалдан авах нэгжүүд, хувиараа цус худалдан авагч жир иргэд олноор бий болсон аж.

Гэвч хавтгайрсан их цусны наймаанаас болж зөвхөн энэ муж дангаараа ХДХВ-ийн халдвар авсан хагас сая хүнтэй болсон гашуун түүх, сургамжит үйл явдлаас сэдэвлэн зохиолч эл романаа бичжээ. Эх үндэс нь бүр 1980-д оноос тавигдсан олноороо цус хандивлах эл үзэгдлийн нэг хэсэг болж, соёлын хувьсгалын дараах хүнд бэрх он жилүүдэд гэр бүлийнхээ амин зуулгыг өөрийнхөө цусаар залгуулагч нэгэн эрийн түүхээр Үй Хуа Маогийн дэглэм дорх Хятад орны дотоод шаналан, шандуурлыг машид нарийн уудлахын сацуу амьдрахын төлөө хүн ямар хүйтэн ухаан, халуун сэтгэл гаргах хэрэгтэй болдгийг тун ч торгон, эрмэг бичиж, хүний мөн чанар, ёс суртахууны өмнө давхар давхар асуулт тавьсан юм.

“Цусаа худалдсан тэмдэглэл” романыг хятад хэлнээс М.Батбаяр орчуулжээ. Түүнийг "Амьдрахуй" зохиолыг орчуулснаар нь уншигчид сайн мэднэ. Мөн монголд хэвлэгдэх бүх зохиолынхоо эрхийг зохиолч давуу эрхтэйгээр зөвхөн "Тагтаа" хэвлэлийн газарт өгсөн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top