#1 УСЫГ УУЖ БУЙ УУЛ УУРХАЙ
Ус, ус, ус. Уул уурхай чухал ч ус чухал. Энэ үгийг мөхөс би биш олон улсын томоохон байгууллага болох Moody’s болон “Рио Тинто”, “Вали” зэрэг уул уурхайн томоохон зургаан компани хэлж байна. Уул уурхайн салбарт сүүлийн 40 жилийн эхний 20 жилд нь зөвхөн ухаж, ашиг олох л чухал байсан бол дараагийн 10 жилд нь нөхөн сэргээлт нэлээд жин дарж, сүүлийн 10 жилд хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхай зонхилох боллоо. Хариуцлага нэмэгдэх бүрд нөхөн сэргээх, усны менежментэд зарцуулах зардлын хэмжээ ч өмнөхөөсөө өссөн байна. Уул уурхайн томоохон бүс нутаг гэгдэх Монгол, Перу, Чили, Австрали зэрэг уул уурхай эрчимтэй хөгжиж буй улс орнуудад усны нөөцийн хүртээмж буурч байгааг Moody’s онцолжээ. Социализм гэх хаяг хадсан улаан өнгөтэй хаалгаа цэнхэр өнгөөр будчихаад ардчилал гэх хаяг хадсанаас хойш 30 жилийн нүүр үзжээ. Энэ хооронд бүтээлч үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрийн үнэр байхгүй ч байгаль эхээс заяасан баялгийнхаа ачаар уул уурхайн салбар хөгжсөн. Монгол Улсын эдийн засгийн 70-аас илүү хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг болсоор 10 жилийн нүүр үзлээ. Цаашид чухам хэчнээн жил, цаг хугацааг ийм байдалтай туулахыг Балхжав ах бид, хэд таашгүй.
Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2018 онд гаргасан судалгаагаар Монгол Улсад усны нөөцийн хүртээмж 2050 он гэхэд 25 хувиар буурна гэсэн эмзэглэмээр судалгаа гарчээ. Олон улсын байгууллагын судалгаатай эсрэгцэх нэг том зүйл нь Монгол Улсын эдийн засгийн талаас илүү хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбар усыг ихээр ашигладаг. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа боловсруулахдаа ч ирэх 25 жилийн чухал салбар нь уул уурхайн салбар гэж онцолсон билээ.
#2 СЭЛЭНГЭ АЙМАГТ ААВ, ХҮҮ ХОЁР БААВГАЙД БАРИУЛЖ, АМИА АЛДЖЭЭ
Сибирийн түймрээс болж идэш, тэжээлийн хомсдолд орсон хүрэн баавгай Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн сум сууринд орж ирсэн тохиолдол хэд хэдэн газарт бүртгэгдээд байгаа билээ. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт нутаглаж байсан айлын гэрт баавгай орж, хоёр иргэний аминд хүрчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачид аав, хүү хоёр байжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хоёр хүн баавгайд бариулсан хэрэг гарсан. Хэргийн газарт цагдаа нар ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
#3 УИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 64.2 хувийн саналаар хоригийг хүлээж авлаа. УИХ хоригийг хүлээн авснаар хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг дахин хэлэлцэх юм.
Гэвч зарим гишүүд эсрэг байр суурь илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчих юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт шууд зогсоно. Яагаад гэвэл зөвшилцөл цааш явах аргагүй. Зөвшилцлөөр АН-ынхан УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн намын жагсаалтаар явуулдаг болгохыг шахна. Ингээд зөвшилцөл явагдсангүй гэдэг шалтгаанаар Ерөнхийлөгч хориг тавина. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол ард нийтийн санал асуулгыг сонгуультай эсвэл ирэх хавар хийж болно. Ингэвэл Ерөнхийлөгч хориг тавьж чадахгүй. Яагаад гэвэл батлаагүй учраас. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй” гэсэн юм.
#4 ЗХЖШ-ЫН ДАРГААР Д.ГАНЗОРИГИЙГ ТОМИЛОХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2019.10.04) үдээс өмнөх хуралдаан 50.7 хувийн ирцтэй эхэлж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д тус тус заасны дагуу бригадын генерал Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр танилцуулж буйг хэллээ.
#5 О.ЦЭНД-АЮУШ: МАНАЙ ҮЕИЙНХЭН АЛГЫН ЧИНЭЭ БУС ТАЛЫН ЧИНЭЭ ЯРУУ НАЙРАГЧИЙН ДЭРГЭД ӨСЧ ӨНДИЙСӨН
Монголын утга зохиолд оюутан ахуй цагтаа цахиур хагалан орж ирсэн цөөхөн яруу найрагчдын нэг яах аргагүй Оюунцэцэгийн Цэнд-Аюуш хэмээх залуу юм. Тэр жилийн “Болор цом” наадамд яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасартай гурвантаа оноо тэнцэн аман хүзүүдэж байлаа. Түүнээс хойш утга зохиолын хүрээнийхнээс эхлээд ард түмний хайртай найрагч болсон билээ. Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадмын цом өргөж амжаагүй ч хэдэнтээ айрагдсан түүнийг цомын эзэн болоход тун ойрхон яваа яруу найрагч хэмээн нэрлэдэг. “Өглөөний сонин”-ы уншигчдын хүсэлтээр Монгол зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуштай ярилцсанаа хүргэе.
-Цас, бороо сүлэлдэн орж, навчис ганц нэгээрээ мөчрөөсөө тасран хийсээд л намар цаг цаанаа л нэг хөндүүртэй санагддаг. Яруу найрагчийн зүрх, сэтгэл намар цагийг хэрхэн хүлээж авдаг бол?
-Бид ертөнцийг мартсаар явахад дахиад нэг намар ирчихжээ. Навчис ямар хурдан шарлаж, салхинд сэнсэрнэ вэ. Шувууд үймэлдээд л буцсан. Хармаар байсан ч харж болдоггүй, буцах шувуудыг харж болдоггүй гэдэг. Өвгөдийн үг их үнэтэй шүү. Намар гүн ухааны улирал юм даа. Дурсамжууд бодогдсон, дахиад дурсамж бүтээсэн, ажиглаад суугаад л баймаар, суугаад л баймаар тийм улирал. Магад ертөнцийн хамгийн сайхан улирал байх.
Байгаль дунд байвал намрыг хамгийн ихээр таньж мэдэж, бас түүнд зүрх сэтгэлээ өгөх байх, бид. Он жилүүд улиран одож байна. Дахиад хэзээ ч ирэхгүй он жилүүд. Энэ л он жилүүдийг, энэ л олон намруудыг хожим сайн, сайхнаар дурсах юмсан. Бидний амьдрал ердөө л дурсамж бүтээх.
Сэтгэгдэл ( 0 )